Өглөө андуураагүй бол Т.Галсангийн шүлэг, Б.Шаравын ая ээж, аавын тухай дуу толгой дотор эгшиглэсээр сэрэв. Ая нь симфони найрал хөгжимтэйгээ уянгалаад, би солгой хоолойгоороо дуулах гээд ч байгаа юм уу ямар ч байсан тэр дуу яагаад ч юм зүүдэнд орж ирээд, аав ээж хоёроо жигтэйхэн их саначихсан бослоо. Битүүн цагаан сараар эжий, аав хоёроо их үгүйлж байснаас болов уу даа. Тэгээд блогтоо яг одоо юу бодогдож байгааг тэр чигээр нь буулгаж сэтгэлд байгаа нэг зүйлээ гаргачихаад дараа дараагийн хичээл ном, ажил төрөл рүүгээ орохгүй бол төвлөрч өгдөггүй ээ.
Энэ тэнүүгээр явж, байгаль тэнгэр, барилга байгууламж, ертөнцийн гоо сайхан, бүтээл туурвилыг харж баясах бүрийд "аав ээж хоёр маань байсан бол" гэж дотроо харуусан санаа алдана. Аав маань намайг 19-тэй байхад бурхан болсон юм. Аавын бие ер нь тааруу байсан. Өдөр хичээл тараад хаалгаа нүдэнгээ чихээ нааж аавын алхаж ирэхийг сонсож кайф авдаг байсан боловч тэр өдөр хаалга руу хэн ч алхаж ирээгүй. Үүдээ нээхэд оронд нь эмээ зогсож байв. Аавыг өглөө эмнэлэг явсан, манайхныг тэнд байгаа гэхэд дотор нэг юм ёг хийгээд хар хурдаараа давхиад очиход ээж өөдөөс гуйвчихсан, ах хойно нь түшчихсэн байхыг хараад ямар нэг муу юм болжээ гэдгийг ойлгож, аавын байгаа өрөө рүү зүглэхэд эмнэлгийн хонгил уртаас урт, хав харанхуй, хоёр хөл даахын аргагүй жигтэйхэн хүнд болчихож билээ. Хамгийн түрүүнд "хүмүүс аавтайгаа гуч, дөч, тавь хүрээд байхад яагаад миний аавыг намайг дөнгөж хорь хүрэх гэж байхад аваад явчихаж байгаа юм бэ" гэж бодогдож, хорвоо дэлхий, бурхан, эрлэгийн элч хэн ч байсан хамаагүй заргалдмаар санагдаж байсан юм. Учир нь би аавдаа эрхлэхээс аавыгаа эрхлүүлж чадаагүйдээ маш их харамсаж байв. Тэр үед би гэж хөнгөмсөг нөхөр бүх зүйл мөнхийн хэвээрээ л байхым шиг, эрвүүн дэрвүүн хийсвэр, нисэж харайсан бодолтой байж. Сургуулиа төгсөөд ажилд ороод, мөнгөтэй болж байгаад л аавыгаа Бээжин ч юм уу хаана ч юм эмчлүүлж, "тухтай" хайрлаж халамжлана гэсэн л бодолтой байсан юм шиг байгаан. Харин үхэл хагацлын дараа хүн ер нь хайрлуулж хайрлах, тэр дундаа хайраа хайрлаж сурах нь хамгийн чухал юм байна дээ гэж бодогдож, аавдаа үзүүлж чадаагүй үрийн хайр, халамжаа ээждээ л хожим харамсахгүйгээр үзүүлж, байдгаараа эрхлүүлэхийм шүү гэж өөртөө андгайлсан юм. Тэгээд ээжтэйгээ хаана л бол хаана сугадалцаад л явдаг болов. Ээжийг ганцаараа явж байхад ямар нэг юм болчих вий гэж битүүхэн дотроо айдаг болчихсон, ямар ч байсан эжийгээ бурханы оронд одох цагт нь дэргэд нь байхым шүү гэж боддог байлаа.
Нэг удаа ажил дээр сууж байтал хоёр хүүхэн орж ирснээ нэг нь "Хүүе, сая явж байтал талбайн тэнд нэг настай эмэгтэй машинд дайруулаад" гэж ярихыг сонсоод дотор пал хийгээд явчихав. Хамгийн түрүүнд толгойд "Ээж!" гэсэн бодол орж ирээд, үсрэн харайж утас шүүрэн ажил руу нь залгатал ээж ирээгүй байв. Хамаг юм гуйвж дайваад нэг юм дотор дэлбэрэх гэж байгаа юм шиг болоод гар салгалаад хөлс цутгаж эхлэв. Ээжийн гар утас руу залгатал авдаггүй ээ. Нөгөө хоёр хүүхэн намайг бүүр гайхчихсан хараад л байв. Тасралтгүй залгаж байтал гэнэт "Байна уу" гэх ээжийн дууг сонсоод, баярласандаа юу ч хэлж чадахгүй цурхираад уйлчихаж билээ. Жоохон тайвширч байгаад ээжийгээ ээж нь байгаа юм шиг л "та яагаад ажилдаа очоогүй байгаа юм бэ? хаана байгаа юм бэ? Яагаад гар утсаа авахгүй байгаа юм бэ? Болгоомжтой яваарай. Ялангуяа зам гарахдаа болгоомжтой байгаарай. Ер нь шууд такси бариад ажилдаа очоорой. Орой хамт харъя" гээд л "загнаж" эхлэсэн гэж байгаа.
Өнгөрсөн зун ээж маань ах бидний тэвэрт, дэрийг нь түшиж байхад бурхан болсон юм. Дахиад л энэ хорвоог бүтээсэн нөхөртэй заргалдмаар санагдаж. Юутай ч миний ээж бидний үл мэдэх ертөнц рүү явах хамгийн сүүлийн амьсгал авах үед нь үр хүүхдүүд бид бүгдээрээ дэргэд нь байж дэрийг нь түшиж байсандаа сэтгэл бага ч атугай тайвширч суухын.
За тэгээд төрөх үхэх амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд хүссэн хүсээгүй хүн бүр л энэ зовлонтой тулгарч туулж гардагаас хойш болохоор ингэчихлээ тэгчихлээ гэж цээжээ ураад, нулимсаа гаргаад уйлж дуулсан ч үгүй. Харуусал, харамсал, зовлон зүдгүүр, гуниг, уй гашуугаа бусдад харуулах нь миний зан биш юм даа. Эцэст нь энэ бүхнээс надад ирсэн сургамж нь юу байв аа гэж бодохуйд "өөртөө хатуу, өрөөлд зөөлөн" байх гэсэн бодол л хамгийн түрүүнд толгойд орж байх юм. Бас жижиг сажиг зүйлд сэтгэл санаагаа хөдөлгөн шальдар булдар асуудлаар хөөцөлдөхөө больж, аахар шаахар бэрхшээлд ажрахаа байж, хорвоогийн хоосон чанарыг санан, тайван тэвчээртэй байх болсон нь миний амьдралыг урьд урьдаас илүү утга учиртай болгож байх шиг байна. Их үнэтэй олдсон ухаарал юм болов уу даа, хөөрхий.
2 comments:
Aavaa durslaa. Namaig Japand bhad uud bolson yum. Neeh udaan uulzaagui bsan tul neg tiishee yavchihaad irehgui bga yum shig sanagddal bsan ehendee. Bi bas mongotei bolhooroo aavigaa Hyatadaas uur gazar lyy ayaluulna gej dotroo muruuddug blaa. Odoo zarimdaa bodhod hedii bi hajuud ni bgaagui uulzalgui udaan bj bgaad ungurchihsun ch gelee uhel gd bodhod uurtuu zowlongui yavsan d ni bayarladag yum nuden deer zowson bol hetsyy l bh bsan bh. Odoo eejiigee hairlanaa l gej boddiin tgd hairlaj chadaj bga esehee ch medehgui yum.
Эцэст нь энэ бүхнээс надад ирсэн сургамж нь юу байв аа гэж бодохуйд "өөртөө хатуу, өрөөлд зөөлөн" байх гэсэн бодол л хамгийн түрүүнд толгойд орж байх юм. Бас жижиг сажиг зүйлд сэтгэл санаагаа хөдөлгөн шальдар булдар асуудлаар хөөцөлдөхөө больж, аахар шаахар бэрхшээлд ажрахаа байж, хорвоогийн хоосон чанарыг санан, тайван тэвчээртэй байх болсон нь миний амьдралыг урьд урьдаас илүү утга учиртай болгож байх шиг байна. Их үнэтэй олдсон ухаарал юм болов уу даа, хөөрхий.
Bid oroi ruugaa orson hoino l yum uhaarah. Ur huuheddee ene buhniig erthen uhaaruulj baih yum shuu l gej boddog. Her amjilttai baih bol...
Post a Comment