Алдаа 2. Ашгаа нэгдүгээрт тавиад гэрээг хамгийн сүүлд тавьдаг
Ер нь ч хаа газрын бизнес эрхлэгчид ашгаа бодож тооцоолоход толгойгоо ажиллуулахаас гэрээ бичиг цаасны ажилд тийм ч их анхаараад байдаггүй. Гэрээ бол хуульчдын ажил. Болж өгвөл бизнес хийдэг л бол сайн хуульчтай байх их хэрэгтэй. Том компани бол хууль зүйн хэлтэстэй, жижиг дунд компани бол түнш хуульчтай, хувь хүн бол хуульч найзтай гэх мэт.
Бизнес эрхлэгчийн зүгээс гэрээ байгуулахад хуульчтайгаа гол ойлголцох асуудал нь дараах байж болохын:
- Гэрээ байгуулахын өмнө хуульчдаа чухам ямар бизнесийн чиглэл, үе шат, зорилго, үр дүнгээ сайн тайлбарлаж ойлгуулах. Тэр хуульч түнш тань бизнесийн ажиллагаа, тоглоомын дүрмийг сайн мэддэг байх нь чухал. Хуульч л бол бүх хуулийг мэднэ гэж байхгүй. Манайд тусгайлан мэргэшсэн бизнесийн гэрээний хуульчид төдийлэн түгээмэл бус байдаг. Ялангуяа манай хуулийн сургуулиудад бизнес, эдийн засгийн онолын зарим хичээл ерөнхий байдлаар зааж, олигтой мэдлэг өгдөггүй юм шиг санагддаг. Тийм болохоор гэрээний загвар төсөл дээр хэдэн нэр, хаяг бөглөөд л халтуурдахаас л аль болох сэргийлвэл зүгээр гэж боддогийн.
- Гэрээндээ хамгаалалтын болох хариуцлагын заалтуудаа сайн бодож хийх. Хамгаалалтын заалт гэдэг нь нөгөө тал чинь гэрээгээ биелүүлэхгүй байх тохиолдолд өөрийнхөө алдагдал, хохирол, гарах маргааныг хурдан түргэн шийдвэрлэх зохицуулалтууд. Зарим овжин нөхдүүд хамгаалалтын заалтууд өөртөө уян хатан, нөгөө талдаа хатуу байхаар хийчихсэн байдаг. Хариуцлагын заалт нь аль нэг талд ямар хариуцлага оногдуулах талаарх заалтууд орно.
- Гэрээ бол зүгээр нэг тохиролцоо бус "газрын зураг" гэж. Тийм болохоор гэрээнд бизнесийн үйл ажиллагааны талаар мөрдөх гол гол зүйлүүдээ тусгайлан тэмдэглэж аваад байнга анхаарлын дор байлгах. Жишээ нь гэрээний хугацаа, бараа нийлүүлэх хугацаа гэх мэт.
- Ямар нэг гэрээ байгуулсан бол тухайн гэрээтэй холбоотой бүхий л бичиг цаас, тооцоо төлбөрийн хуудас зэргийг файл болгож хадгалах. Өөрөөр хэлбэл гэрээний биелэлтийн хяналт, шалгалтын систем гэж.
Үүнтэй холбоотой их олон хэрэг маргаан гарч байсан. Тухайлбал Монгол, Орос хоёр компани гэрээ байгуулж. Манай компани гэрээний үүргээ өөр компанид шилжүүлж, энэ тухайгаа Орос түншлэгч талдаа бичгээр мэдэгдсэн байгаан. Тун удалгүй түншлэгч Орос компани монголын компанийг гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж нэхэмжлэл гаргасан юм. Монголын компани "бид гэрээний үүргээ өөр компанид шилжүүлчихсэн шүү дээ" гэж хариулж. Оросын тал бид түүнийг чинь зөвшөөрөөгүй шүү дээ гэж. Талуудын гэрээг үзэхэд "гэрээний үүргээ бусдад шилжүүлэх бол нөгөө талын бичгээр өгсөн зөвшөөрөл авсан байна" гэсэн заалт байсан тул Монголын компани хариуцлага хүлээхээс өөр замгүй болсон гэж байгаа.
Бас нэг жишээ Монголын томоохон компанид тохиолдсон. Манай компани Европын компаниас бараа худалдаж авч. Гэрээнд төлбөрийг худалдагчийн банкны данс руу шилжүүлэхээр тохиролцсон аж. Ингээд төлбөр төлөх гэж байтал Европын компаниас "төлбөрөө энэ данс руу шилжүүлнэ үү" гэсэн утгатай, огт өөр дансны дугаар бичсэн факс хүлээгээд авчээ. Факсыг дарга хүлээн авч, нягтланд дамжуулж, нөхөр ч тэр дор нь өнөөх данс руу мөнгө шилжүүлчихэж. Мөн л хэдэн сарын дараа Европын компани Монголын компанийг төлбөрөө төлсөнгүй гэж нэхэмжлэл гаргасан юм. "Бид төлбөр төлсөн шүү дээ" гэж Монголын компани өнөөх факсыг үзүүлтэл, Европын тал нь "манайх ийм факс огт явуулаагүй" гэж. Шалгатал тэр факс хуурамч болох нь тогтоогдсон юм. Хамгийн гол нь талуудын гэрээнд "төлбөр төлөхтэй холбоотой өөрчлөлтийг талууд харилцан тохиролцож, гарын үсэг зуралцан, нэмэлт гэрээний журмаар шийдвэрлэнэ" гэсэн заалт байсан юм. Өөрөөр хэлбэл тухайн факс үнэн байсан ч бай хамаагүй, төлбөрийн данс өөрчлөгдөж л байвал талууд энэ өөрчлөлтийг бичгээр үйлдэж, гарын үсэг зуралцах ёстой гэсэн үг. Ингээд манай компани гэрээний үүргээ биелүүлээгүйд тооцогдсон удаатай.
Тэгэхээр гэрээний зүйл заалтын биелэлт, үр дагавар зэргийг хянаж шалгаж байх нэгдсэн систем хэрэгтэй гэсэн үг. Энэ ажлыг хялбаршуулъя гэвэл дарга, хуульч, нягтлан зэрэг гэрээний ажиллагаанд оролцогч нөхдүүдийг холбосон компъютерийн програм байж болох юм.
- Гэрээтэй холбоотой бүхий л баримт бичгээ маш сайн хадгалах. Хожим маргаан гарахыг алийг тэр гэхэв. Бас утсаар ярьсан яриа, хэлэлцээ, тохиролцоо зэргээ заавал тэмдэглэж аваад байх. Зарим зальтай нөхдүүд маргаан гарсны дараа "би тэгж хэлээгүй ш дээ" гээд бүлтийгээд байдгийн. Туршлагатай бизнес эрхлэгчид бол заавал ийм тэмдэглэл хөтөлж байдаг. Компанитай бол ажилтнууддаа ийм практикийг хэвшүүлэх гээд л.
- Гэрээгээ дууссаны дараа бүх зүйлээ эргэж нэг хянаж, бүх зүйл жин тан байгаа эсэхийг шалгаж хянах.
За нэг иймэрхүү. Өнөөдөр оюун ухаан 0 цэг дээр байгаа болохоор тархи ерөөсөө ажиллаж өгөхгүй хэвээрээ л байна. Даваа гаригаас дипломын судалгаандаа хамаг эд эс, молекулаа зориулах болохоор өнөөдөр сайхан өөрийгөө эрхлүүлж интернет ухаж, кино үзнээ ерөөсөө.
No comments:
Post a Comment