

Казахстаны Семипалатинскт дөчин хэдэн жил газар дээр болон хөрсөн дор цөмийн туршилт хийж, улмаар цөмийн зэвсгийн хор хөнөөлийг нутгийн оршин суугчид арван үеэрээ үйл лайгийн нь үүрч амьдрах тавилантай болжээ. Их гүрний нэг хэсэг, цөөнх байхдаа ямар ч их зовлон, доромжлол үзэх юм бэ дээ. Манай Монголын казак түмэн ёстой харин тааваараа байгаа даа.
Нүдэн дээр нь цөмийн туршилт хийж байхад хараад л саравчлаад суух нутгийн хүмүүс...албаар хэл мэдэхгүйг нь далимдуулж бага ястны Орос хэлгүй цэргүүдийг ажиллуулж сураггүй алга болгоод л...цөмийн туршилт хийсэн газар хонхой үүсэж ус тогтоход нууртай боллоо гээд баярлаад л... Юу болсон тухай энэ баримтат киноноос үзээрэй. Нэг, гуравдугаар хэсэг нь Юүтүб дээр бий.
Наги Нода гэх авъяаслаг бүсгүй энэ дэлхий дээр тун богинохон амьдрахдаа гайхалтай санаануудтай бүтээлүүд хэд хэдийг гаргасны нэг нь Кока Колагийн реклам. 2003 онд Юки гэх дуучны Sentimental Journey дууны клипийг хийхэд гаргасан санаан дээр үндэслэж энэ рекламыг бүтээжээ. Клип гэдгийг зүгээр нэг видео кино бус харин шинэ урлагийн бүтээл болгож харуулснаар Нода бүсгүй олныг гайхуулж бишрүүлж чадсан юм.
Уг нь улам сонирхолтой, өвөрмөц санаа ихийг гаргах байсан байх. Даанч хорвоогийн жам гэж хатуу ч юм аа даа. Хөдөлмөрч, бүтээлч, авъяаслаг бүсгүйчүүдэд бурхан минь урт нас хайрлаарай.
1980-аад оны сүүл 90 -ээд оны эхээр ардчилсан хувьсгал болсон үеийн түүхээ бид бүгд л мэднэ. Зориг агсаныг үг хэлэхэд бүгд яаж дагаж байсан бас Хонх хамтлагийн дууг яаж түрэн дуулж байснаа дурсан ярихдаа бахархдаг. Тэгвэл энэ хувьсгал бусад улс орнуудад хэрхэн болж өнгөрсөн бэ?
(Бүгдийг нь нэгтгээд нэг кино хийчихдэггүй юм байх даа... )
...Эстонийн ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан The Singing Revolution баримтат киног үзэхгүй бол болохгүй кино юм. Бальтын дуучин орон Латви, Литви, Эстони гурван улсын хоёр сая хүн гар гараа барилцан 600 километр урт цуваа болон дуулалцан жагссан түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Бальтын ард түмэн үнэхээр дуучин ард түмэн юм байна. Бас халуун оргилуун цустай ч юм. Зоригтой ч юм. Хэдэн жил хамтдаа дуулсаар байгаад тусгаар тогтнолоо олж авсныг нь бахархахаас яахав.
....Хувьсгалын хэв маяг өөрчлөгдөж байна даа. Цаг хугацаа өнгөрөх бүрийд Холливүдийн киноны зэрлэг балмад явдал улам хурц хэлбэр рүү шилжиж байгааг хараад сүүлийн үед хүмүүс догшин болоод байгаа юм уу гэж бодогдох юм. Киноны хэр барагийн аллага хядлага хүний сэтгэлийг хөдөлгөхөө больчихож. Үүн шиг хувьсгал хийхэд тэмцлийн хэлбэр, гарах үр дагавар хэрцгий рүү л шилжээд байна уу даа...