Намайг уурлачихаад, дүнхийгээд сууж байхаар эмэгтэй найзуудтай бол яаж ийж байгаад дараах харилцан яриа заавал болж таардгийн:
Тэр- Чи яагаад дуугүй суугаад байгаан?
Би- Зүгээр л...
Тэр - Зүгээр гэж ямар нэг юм болсон л байна даа. Яасын, надад дургүй чинь хүрээгүй биз дээ?
Би- Нэг юманд жоохон уур хүрээд
Тэр- Юунд уур хүрсийн? Би уурыг чинь хүргээгүй биз дээ? Надад уурлаад байгаа юм уу?
Би - Үгүй ээ, чамд уурлаагүй ээ. Зүгээр л нэг юманд уур хүрээд л
Тэр- Зүгээр ч уур хүрнэ гэж байхгүй дээ, яг яасын...хэлчих л дээ. хэлвэл уур чинь гараад амар ш дээ, хэлчих хэлчих...
Би - Яагаа ч үгүй ээ (дотроо мань эрийг дахиад юм асуувал шууд барьж аваад үсдэж унагаагаад шатаар чирж гүйж, дээр нь дээс үсрэнэ дээ гэж бодно)
Тэр- Яагаа ч үгүй юм бол яагаад уурлаад байгаан?
Би мэдээж цохиод авмаар санагдах ч тэрнээс илүүтэйгээр тамхиа гаргаж асааж байгаад нүүр рүү нь утааг нь үлээнэ. Уур бүр ч их ундарчихсан сууна.
Харин танил найз эрэгтэйчүүд бол нэг бодлын амар.
Тэр- Яасын, яагаад дүмбийчихсийн.
Би - Яахав дээ, зүгээр л. Уур хүрээд байнаа...уур хүрээд байна .
Ингээд тамхиа хамт татаж, пяаваа уугаад л шал ондоо юм яриад, уурлаж байсан зүйлээ би мартчихсан байна.
Үерхдэг найз залуу бол арай ондоо нөхцөл байдал үүсэх байх шүү.
Би- (дуугаа хурааж, хушуугаа унжуулаад суугаад л байна суугаад л байна, тэр бол анзаарах ч үгүй. Тэгэхээр нь бүр хажууд нь очиж байгаад хушуугаа бүүүүр урт болгож унжуулаад, албаар нударч цаашаа харж сууна. Өнөөх чинь тооноо гэж гонж)
Тэр- Хайруушка, хайлтуушка (юу ч гэдгийн ямар нэг оноосон нэрээр дуудна)... хоол хийхгүй юм уу?
Би- Өөрөө хоолоо хийхгүй юу...(дотроо "өө ямар домбоо гар вэ, хүн уурлаад байхад анзаардаггүй" гэж бодож, хоолоор нь барьцаалж байгаад нэлээн тунирхахаар шийднэ)
Тэр- Би ямар хоол хийхийн? Чи хийчих л дээ...
Би - Чадахгүй ээ, яахаараа би дандаа хийж байдгийн. Чи өөрөө хий..
Тэр- За за, тэгвэл гарч хооллох уу?
Тэгэнгүүт нь гуанзны хоолонд нугасгүй юм болохоороо Тэгье гээд хувцсаа шүүрээд л уур хилэн саёонара.
Эмэгтэй хүн хэрүүлдээ улангасаад хашгичаад дайрч байх үед дуу хоолойны өнгө, царай зүс, харц гээд бүх юм нь аймаар үзлийн балиар, ой гутмаар харагддаг юм шүү. Өөрөө тийм ягчис дүрд хувилчихгүйн тулд дуугүй суух л хамгийн зөв зам болоод байна. Хүмүүс хоорондоо бие биеээ элдвээр хэлж хэрэлдчихээд маргааш нь юу ч болоогүй юм шиг нүүр нүүрээ яаж хараад хайрлалцаад суугаад байдгийн бүү мэд. Уг шугмандаа бол аймаар их уур хүрэхээр нөгөө хүний нүүрийг ч хармааргүй, үг дуугармааргүй болмоор санагдахын.
Намайг гэдсэнд байхад ээж хөрш айлын авгай нөхөр хоёрын хэрүүл зодооныг ханын цаанаас сонсоод зүрх нь дэлсээд аймаар их айж түгшиж байсан гэсэн. Тэрнээс ч болдог юм уу аль багаасаа л хүмүүсийн дуу чангараад ирэхээр л миний зүрх салгалаад, бэмбэгнээд хачин болчихоод байдгийн. Яваандаа найз залуутай эсвэл нөхөр сүүдэртэй болохоороо уурласан үедээ "Би ууртай байна, хэдэн цаг, өдөр сараар ч үргэлжилж мэдэх тул тайван байлгана уу" гэсэн нэрийн хуудас шиг бичиг өгч байя гэж бодоод байгаан. За, өлсгөлөнгөөс үүдсэн уур үргэлжилсээр унтах болчихлоо. Маргааш өглөөг уургүйгээр угтанаа.