Алдар нэртэй, од байхын зовлон их хэцүү болов уу. Би их л зүдэргээнтэй шаналантай эд байх гэж боддог юм. Ямар азаараа солгой хоолойтой, хажиг зожиг, эв хавгүй, залхуу, хам хум, ухаан муутай болж төрсөн юм бол оо. Тэгээгүй бол дуучин, загвар өмсөгч, мисс гээд бүр давраад их хурлын гишүүн болно гээд мөрөөдчихсөн улаан тугаа мандуулаад давхиж байх байсан ч юм билүү. Тэгсэн бол пянгийн нь даахгүй чирэгдэж үхэх байсан байх аа. Манай улс төр, урлаг уран сайхны одуудыг хараад тэнгэр бурханаас онцгойлон заяасан авьяастай юм байна гэдгийг мэдэрч ойлгож шүтэн биширч, уухайлан дэмждэг юм. Онцгой төрсөн хүмүүс бол онцгой л төрсөн байдгийн байна лээ.
Тухайлбал зун эх орондоо телевизээр дуучин Баясгалан Баянхонгор аймагт үнэгүй тоглолт хийсэн тухай сурвалжлага үзвэй. Тэгсэн дуучин бүсгүй маань "би бага байхдаа, тав зургаатайдаа нутгийнхаа уул усанд дуугаа дуулж өргөдөг байлаа" гэж дурсахуйд бүр гайхаж билээ. Би тав зургаатайдаа маамуу нааш ир, чигчий чинээ гэсэн шүү хэдэн дуу гонгинохоос хэтрэхгүй, дуу өргөн барих гэдгийг мэдэх ч үгүй байсын. Бурханаас авъяас өвлөсөн хүмүүс харин тэр үедээ уул усанд дуу өргөн барьдаг байж шүү гэж бишрэн шүтэв. Бас тэр үед ерөнхийлөгч тэргүүтэй нөхөд уулын орой дээр гарч ирсэн онцгой үйл явдлын тухай нэвтрүүлэг гарч, нэгэн төрийн томоохон албан тушаалтан "монголын салбар салбарын оргил болсон хүмүүс эх орныхоо хамгийн өндөр цэгт гарч мөнх хөх тэнгэрийг баярлуулаад ирлээ" гэж хэлж, миний сэтгэлийг бүр хөдөлгөж орхисон юм. Мундаг юм шүү, тэнгэр хангай тэднийг ууланд авирахад баярласан гэдгийг мэдээд байнаа гэдэг чинь олдошгүй ховор авъяас билэг билээ. Сүүлийн үед шагнал авч байгаа хүмүүсийн үгийг сонсоод бүүр ч их бишрэх болов. Жишээ нь шагнуулагчдын үгийг сонсохуйд тэрхүү шагнал нь зөвхөн тэднийг ч бус түүнтэй хамт ажилладаг хүмүүс, байгууллага, дарга цэрэг, цэвэрлэгч, найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүс, шүтэн бишрэгчид гээд цөмийх нь ажил үйлсийг төр үнэлээд шагнаж байгаа хэлбэр гэж бүгд заавал хэлнэ. Урлагийнхан бол "урлагт хайртай хүмүүс" гэж онцлох бол аль нэг намын хүн бол "манай намын нийт гишүүд" гэж тодотгох нь бий. Сүүлийн үеийн жишээ гэвэл МАСЗХ-ын Алтан сарнай шагнал авчихаад Н.Нямдорж "энэ шагнал бол миний ажлыг ганцхан үнэлж байгаа бус монголын төрийн албыг үнэлж байгаа" гэж ойлгож байгаагаа хэлэхэд, Ч.Улаан гавъяат эдийн засагч болчихоод "түүнийг дэмждэг нийт хүмүүс тэр дундаа Сүхбаатар аймгийн .. дугаар тойргийн өөрт нь санал өгсөн хүмүүсийн хөдөлмөр үр бүтээлийг" үнэлсэн сайхан явдал болохыг мэдээд ямар аугаа мундаг юм бэ гэж дотроо ихэд шагшив. Заримдаа тэр шагналаа нэгмөсөн тэр дурдсан бүх хүмүүстээ копидоод өгвөл их сайханаа гэж бодох.
За тэр ч яахав. Үнэндээ би энэ бүхнийг аугаа их байхын хэнээрхэл гэж боддогийн. Би эгэл биш нэгэн гэдгээ гэнэт анзаарч, өөрийн хийж буй бүхнээ онцгой, гайхалтай, мундаг гэж бодон, өөрийнхөө аугааг өөрөө ч шүтээд шүтээд барагдашгүй гэж бат итгэж, улмаар хорвоогоос тасардаг нэгэн төрлийн өвчин юм болвуу.
Цол хэргэм, шагналын талаар харин хөгжмийн зохиолч Жанцанноров нэг их ухаантай үг хэлж билээ.
Аль дээр Жанцанноровын тайлан тоглолтыг үзэж. Өөрөө хөтлөгчөө хийн, уран бүтээл бүрээ маш энгийн хэрнээ ухаарал авмаар сайхан үгээр тайлбарлаж байхдаа: хүмүүс ээ, ялангуяа радио, телевиз, сэтгүүлчид ээ, нэг зүйлийг аль дээрээс хэлмээр санагддаг юм. Энд тэнд явж байхад намайг төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноровын бүтээл гэж зарлах юм. Би зүгээр л нэг хөгжмийн зохиолч, надаас сайн бүтээл гарч болно, муу ч бүтээл гарна. Би төрөөс дархлагдсан хосгүй хүн биш юм. Миний бүтээл төрийн шагнал авсан болохоос би төрийн шагнал аваагүй юм шүү дээ, тийм болохоор хөгжмийн зохиолч Жанцанноровын зохиол, төрийн шагналт тийм тийм бүтээл гэж зарлаж байгаасай" гэж билээ. Эрдэмтэй хүн дөлгөөн гэдгийн үлгэр юм болов уу.
No comments:
Post a Comment