Foreign Affairs сэтгүүлд Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Юэгийн The United States, Iraq, and the War on Terror гэсэн илтгэл гарсныг умшиж, тархиа "чилээв".
Ли Куан Юэгийн илтгэлийн хэд хэдэн зүйл сонирхол татав. Олон улсын харилцааны талаар мэдлэг маруухан ч эрх зүйн талаас нь л бодож үзэв.
Товчхондоо АНУ-ын Ирак дахь үйл ажиллагааны талаар Сингапурын байр суурийг илэрхийлсэн ажээ. Ингэхдээ Сингапурын гадаад бодлого, Зүүн Өмнөд Азийн түүхэн болон өнөөгийн нөхцөл байдал, Ойрох Дорнод, Арабын ертөнцийн талаар товч хэрнээ тодорхой үнэлэлт дүгнэлт өгчээ. Олон жилийн туршлагатай, ахмад улс төрчийн хувьд Ли Куан Юээ АНУ-д дараах зөвлөгөөг өгч:
- Иракийн цагдаа, батлан хамгаалахын салбарт халаа сэлгээ хийж шинэчлэх нь нөхцөл байдлыг дордуулна гэж. Өөрөөр хэлбэл Арабын Социалист Баат намын гишүүдийг төрд ажиллуулахгүй байлгах нь буруу гэж. Ли Куан Юээ энэ аргументын үндэслэл болгож Япон Сингапурыг эзлэх үеийн жишээг дурджээ. Харин би бол Саддам Хуссейны дэглэмд ажиллаж байсан Баатын гишүүдийг цагдаа, батлан хамгаалахаас "цэвэрлэж" ажлаас халахаас өөр аргагүй гэж бодоод байгаан.
- Европ, Орос, Хятад, Энэтхэг зэрэг лалын бус орнуудтай хамтрах хэрэгтэй гэжээ. Гэхдээ би олон улсын нөхцөл байдлыг ойлгодоггүй юм. Олон улсын эрх зүйн ерөнхий зарчим, зан заншлын хэм хэмжээгээ баримтлавал бүгд л хамтарч ажиллах ёстой байдаг. АНУ хамтрая гээд ч бусад улс орнууд хамтрах сонирхолгүй байхад хэцүү. Ашиг сонирхолын зөрчилдөөнөөс болоод аль болох Иракаас хол ч биш ойр ч биш байр суурь баримтлаад, АНУ Ирак руу дайрч ёс бус зүйл хийсэн, одоо ингэх тэгэх хэрэгтэй гээд ширээний ардаас баахан юм яриад л. АНУ-ыг шүүмжлээд байлгүй Иракт энх тайван, ардчилалыг тогтооход бусад орнууд яг юу хийж байгаа юм бэ гэхээр хариултгүй. Хятадтай хамтарна гэдэг бүр ч хэцүү биз. Суданд геноцид болж, бусад орнууд вето тавьж байхад Хятад л худалдаагаа хийсээр л байсан.
- Ли Куан Юээ Иракт чөлөөт сонгууль бол ардчилалд хүрэхэд хамгийн эхний хийх алхам биш гэсэн нь их сонин байв. Эхлээд боловсрол, эмэгтэйчүүдийн эрх, эдийн засгийн боломжийг хангачихаад, дараа нь эрх зүйн систем, хараат бус шүүх, иргэний нийгмийн институтыг байгуулаад дараа нь чөлөөт сонгууль хийх жорыг санал болгожээ. Тэгэхээр чөлөөт сонгууль хийхгүйгээр эрх зүйн системыг хэн боловсруулж батлах вэ? Эдийн засгийн эрх чөлөө, боломжийг хэн яаж бүрдүүлэх вэ? гэдэг асуудал гарч байгаан.
Би өөрийн улсын шилжилтийн үеийн нөхцөл байдлыг бодож үзэхээр энэ бүгд дэс дараалж бус харин зэрэгцэж байх ёстой юм шиг байдгийн. Өөрийнхөөрөө бодохоор манайх эхлээд түр чөлөөт сонгууль явуулж, эдийн засгийн реформыг хийчихээд эрх зүйн систем, институци руу орж, иргэний нийгэм, боловсрол, хүний эрхийг сүүлд нь л анхаарсан юм болов уу. Тийм болохоор л нийтээрээ хувьчлал, мөнгө санхүүгийн зах зээлийн талаар ойлголтгүй явсаар одоо л нэг мэдэцгээж эхэлж байна. Хүний эрх, иргэний нийгэм одоо л нэг яригдаж төлөвшиж эхэлж байх шиг байна. Эдийн засгийн боломжийг эрх зүйн систем, институциас түрүүнд эхлэх нь шударга бус хуваарилалтыг бий болгохын нэг том үндэс юм болвуу гэж. АНУ яг одоо юун хүний эрх, ардчилал гэж огт мэдэхгүй, хэт хүчтэй шашинлаг, олон бүлэглэлт хуваагдсан, ашиг сонирхолын огтолцолд байрласан Иракт хэрхэн ардчилалыг байгуулах вэ гэж толгойгоо гашилгаж байгаа үед нь энэ талаар судалж үзвэл их л сонирхолтой ажилбар гарах байх.
- Илтгэлд АНУ-ыг Израйль, Палестинийн асуудалд идэвхтэй оролцож энх тайвныг тогтоож чадвал Ойрох Дорнодод Арабын орнуудын дэмжлэгийг авч чадна гэжээ. За энэ бол үнэхээр биелэгдэшгүй даалгавар болно. Үүний тулд ОХУ, ЕХ, Хятад гээд олон улс орны дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болно.
За товчхондоо бол иймэрхүү. Энэ бол миний коммент байлаа гэж.
No comments:
Post a Comment