"Би их сониуч хүн л дээ. Саяхан ямар ч билээ нэг саванг хэрэглэж үзлээ л дээ" гэдэг улиг болсон реклам шиг нээрээ би үнэнгээсээ их сониуч хүн л дээ. Тэгээд саяхнаас натто гэгч зунгааруулдаж, исгэсэн "өмхийрүүлсэн" шар буурцаг идэж үзлээ л дээ. Натто гэж өнгө үзэмж, үнэр танарын хувьд үнэхээрийн үзэл сурталгүй Японы идээ. Хараад хэний ч сэтгэлд идэх хүсэл төрөхгүйгээр үл барам зарим нэгний бараг ой гутаж, огиудас хүрэх байх. Гэхдээ натто бол мөн чанарын хувьд хүний биед хэрэгтэй бүхнийг агуулсан шидэт үрэл гэж байгаа. Хорт хавдараас хамгаална, хавдарын өсөлтийг удаашруулна, хлостерин багасгаж, гормоны тэнцвэрийг хадгална, гоо сайханд бүүр ч ачтай буянтай. Нүүрний арьс толийх жишээтэй.
Наттогийн ид шидийг ойлгож ухамсарлаж байсан ч хоолой давахгүй явсаар саяхнаас иддэг болоод, одоо бүр дуртай ч болж байх шиг. Биенд ч мэдэгдэхүйц "сайжралт" гарч, наттог янз янзын байдлаар өөрчлөн хувиргаж, амтархах болов. Хэн ч тоож идмээргүй "царай муутай" нь наттогийн буруу ч уу, зөв ч үү, хөөрхий.
Ийнхүү наттог идэж сурахын зэрэгцээ нэгэн зүйлийн бодомж хийвэй. Гадаад өнгө үзэмжид автан өнгөц дүгнэлт хийж, дотоод мөн чанарыг үл хайхардгийн нэг тод томруун жишээ бол натто юм байнаа гэж. Хээнцэр ганган хүүхэн, хөдсөн дээлтэй бүсгүй хоёрын эхнийхэнд нь эрчүүд шууд татагдах. Ингээд хоёр дахь бүсгүйгийн хэн болох, дотроо ямар бодолтой, магадгүй Тереза эхээс ч дутахгүй энэрэнгүй, эсвэл оюун ухаан хосгүй нэгэн эсэх нь нуугдмал болно. Жигтэйхэн дэгжин сайхан залуу гэртээ эхнэрээ ухаангүй болтол нь нүддэг зуршилтай байхыг бид мэдэхгүй. Мундаг сургуульд боловсрол эзэмшсэн ч аливаад наанатай цаанатай бодох тал дээр муйхар байх нь бий. Хууль ёсыг хэнд ч ойлготол тайлбарлан, ард олны хайр хүндэтгэлд умбаж шумбаж яваа хуульч хавийн хүүхний хормойг сөхсөн, эмд дээрэлхүү, өш хонзомтгой байхыг хэлж мэдэхгүй. Хэлбэрийн төдий гадаад байдлын өгөгдөлд хэт анхаарал тавьснаар биднээс гарах дүгнэлт алдаатай байх магадлал өндөр. "Дотоод мөн чанарыг олж харах билгийн нүдээ нээж, хараастай чигээр нь тас ширтээстэй байлгавал амьдралаас олж авах зүйлс, ухаарал гэгээрлийн цар хүрээ төдий чинээгээр өргөсөн тэлэхийм" гэсэн шүү зүйл бодоод л "үзлийн царай муутай" наттогоо амандаа чихэж аваад л, "Монголдоо очоод наттог их л санах байх даа" гэж санаа алдан алдан амтархаж зажилж байгаам даа.
5 comments:
наттог идэх юмсан :) ханзаар яаж бичдэг бол?
shal zavaan yum biana lee. idehed tuvugtei. bi l lav durgui
納豆 gej bichdeg yum.
Maralaa chi yostoi goyo zuirlesen baina. Bi ch gesen gadaad ungu uzemjid avtan unguts dugnelt hiideg bolohoor idej chaddaggui yum...
Za teriig chini idej uzeh yum huna. Harin uzel bodoliin tuhaid sanal niilj baina. Harin amidral deer heregjuulhed jaahan hetsuu l bolohoos.
Post a Comment