Гадаадын зээл тусламжийн талаарх семинарт арван минутын товч илтгэлшүү юм хийчихмээн аядаж, нэг ялнаас мултрав. Гадны зөвлөх, гадаадын туршлага гээд ухаанаа тавиад, хамгаа хаяад гүйчихдэг байдалд аллерги хөдлөөд байдаг, дээр нь ер нь болж л өгвөл эсэргүүний шинжтэй юм ярьж хүний дургүйг хүргэж, өөрийн мангар тэнэгээ гайхуулж кайф авдаг гаж зуршил тогтчихсын шиг байна. Ерөнхийдөө төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, донор зэрэг олон улсын байгууллагууд хөгжиж буй орнуудын өмнө хариуцлага хүлээх ёстой юу гэсэн сэдэв хөндөхийг оролдов. Маш олон хөгжиж байгаа, ядуу буурай орнууд гадны төслийн "туршилтын туулай" болж хохирсоор байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын зарим байгууллагуудын золиос болсон гашуун түүх нэлээн бий. Ингэлээ гээд төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллага үүний хариуцлагыг хүлээх ямар нэг эрх зүйн үндэслэл байхгүй.Учир нь буруутай этгээдийг олж тогтооход хэцүү. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдгийн үлгэрээр. Гэхдээ эрх зүйн үндэслэл байхгүй гээд асуудлыг орхиж болохгүй. Авах нь бөхийж, өгөх нь гэдийдэг гэдэг үг аливаа улс орны хөгжил, хувь заяаны асуудлын хувьд үйлчлэхгүй байх ёстой гэж боддогийн. Хариуцлагын тогтолцоотой байхын тулд хөгжиж буй орны төр засаг, олон улсын байгууллага аль алины санаачилга хэрэгтэй. Харин төр нь авилгалд живсэн эсвэл олон улсын байгууллагад ямар нэг санаачилга байхгүй байх тохиолдолд хариуцлагыг ярихад хэцүү, маргаантай асуудал болно.
Буруу бодлогын хамгийн эмгэнэлтэй нэг жишээ нь Бангладеш байна. Дал, наяад оны үед Дэлхийн Банк, ЮНИСЕФ зэрэг байгууллагууд Бангладешийн хүн амыг цэвэр усаар хангах төсөл хэрэгжүүлж, дөрвөн сая гаруй худгийн хоолой тавьсан аж. Тухайн үед бангладешууд хөрсний ус хэрэглэдэг байж. Энэ төсөлд доллар ч сая саяаар урсаж өгч. Гэвч гучин жилийн дараа тэрхүү төсөлд зарцуулсан мөнгөнөөс илүү гамшиг нүүрлэжээ. Тэрхүү тавьсан хоолой нь газрын гүний эрдэс усыг ил гаргаж, тэр нь урвалд орж арсеник хэмээх хортой бодис хөрсийг бохирдуулж, нийт худгийн хоолойны 40 хувь нь хордчихож. Хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй аугаа их хордуулалт, байгалийн бохирдолт гэж тодорхойлогдчихсон байдаг. Чернобылийн ослоос илүү хор хөнөөлтэй. Энэ хорт бодисноос болж хэдэн сая хүн арьсны хорт хавдраар өвчилж, жилд мянга мянгаараа нас барж байна. Цаашлаад нийт хүн амын 50 хувь энэ бодист хордох аюултай гэсэн судалгаа гарч.
Энэ эмгэнэлт байдлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Гэдэсний хижиг, бохир өвчнөөс аврах гэсэн биш түүнээс илүү аюулыг бий болгосон олон улсын байгууллагууд уу? Бангладешийн төр засаг уу?
Шилжилтийн эдийн засгийн үед ОУВС-гийн буруу бодлогын уршгаар хуучин соц орнуудад зах зээлийн эдийн засгийн эхний өрөг буруу тавигдчихсан гэж ор үндэстэй шүүмжилдэг. Мөн ОУВС-г Азийн эдийн засгийн хямралын үед Өмнөд Солонгос, Тайланд, Индонези зэрэг улсуудад буруу зөвлөгөө өгч нөхцөл байдлыг дордуулсан гэгддэг. Африкийн улс орнууд гэвэл зөндөө жишээ гарч ирэх биз. Гадны зөвлөх, олон улсын байгууллагад толгойгоо мэдүүлчилгүй, өөрөө хамт оролцож бодлогоо тодорхойлж, хөгжилд хүрч чадсан цөөхөн улс орон бий. Тухайлбал Сингапур.
Хариуцлагын тогтолцоог бий болгоход хамгийн гол нь хөгжиж буй орны төр засгийн зөв бодлого, нээлттэй байдал чухал юм даа. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын олон улсын хариуцлагыг сайжруулахын тулд магадгүй Мянганы зорилт шиг тунхаг бичиг гаргаж ч болох юм.
Сайн засаглал гэхээр л тухайн улс орныг л яриад байхаас донор байгууллага, төсөл хэрэгжүүлэгчийг дурдаад байдаггүй. Гэтэл уг нь бол сайн засаглал тусламж өгөгч, авагчийн аль алинд хамаатай асуудал юм даа.
За юу хэлэх гээд юу ч чалчихав.
2 comments:
Neg asuult. Zov bodlogo gej hun bolgon yaridag. Harin ene bodlogo bol zov gedegiig yaj medeh ve? Chinii surj baigaa mergejil chini sonirhol tatchihlaa.
Bodlogo zov baiv uu buruu baiv uu gedeg ni time, practice-aar l todorxoi boloxoos shuud ene bodlogo zov buruu gej yarij boloxgui gej bi boddogiin. Xarin aldaa garax ersdliig buuruulaxiin tuld bodlogiig bolovsruulaxdaa buxii l talaas ni sain sudalj, ashig sonirxoliin bulguudtei sain zovloldoj, garch bolox bux l risk-iig toozoolox xeregtei baix. Bas risk bagatai bodlogo bailaa ch tuuniig buruu xeregjuulj ch magadgui.
Manai zarim bodloguud jishee ni ediin zasgiin salbariin bodlogo ni xuuli, niigmiin salbaraa orxigduulaad, xuuliin reform ni ediin zasgaa martaad baidgiim shig sanagddgiin.
Post a Comment