Блог гээчийг алдаг оног бичээд нэг жил болж байх шив. Айхтар мундаг архаг блогчин биш болохоор анх ингээд тэгээд блог бичихээр шийдээд гээд л нээх үүх түүх, дурсамж дуртатгал ярьж бичих нь хаашаа ч юм бэ дээ. Харин нэг жилийн хугацаанд Монголын блог ертөнцийн өнгө төрхийг өөрийнхөөрөө дараах байдлаар хувийн дүгнэлт хийв. Цаг хугацаатай хамт нөхцөл байдлын өөрчлөлтийг дагаад энэ дүгнэлт ч ондоо болох биз.
Блогчид бие биенээ хөглөхийн сацуу тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг бололтой. Энэ бол нэг талаас сайн нөгөө талаас сул талтай гэж бодоод байгаан. Тухайлбал хэн нэг нь сонирхолтой зүйл бичихэд бусад блогт дагаад шинэ бичлэг төрөх магадлал маш өндөр. Энэ бол сайн үр нөлөө. Мөн хэн нэгний хэрэглэсэн өвөрмөц үг хэллэг, бичлэг ямар нэгэн хэлбэрээр давтагдах нь теором. Бие биенээсээ хол, танихгүй хэдий ч айл саахалтын хүмүүс шиг нөлөө үзүүлдэг нь манай монголын соёлын онцлог юм болов уу гэж бодов. Нэгийгээ дагах, үлгэр дууриал авах шинж бид нарт түгээмэл ажиглагддаг юм шиг санагддаг. Харин ийм байдал даамжирвал хүн өөрийнхөөрөө байж чадахаа болих, өөрөөрөө сэтгэхээ болих, бусдын ая байдлыг хардаг болох зэрэг сул талтай. Магадгүй хүн ам цөөнтэй болохоор бидэнд бие биеээсээ хамааралтай байж, өөр хоорондоо нөлөөлөх хүрээ, холбоос илүү хүчтэй байж ч болно. Хамаатан садансаг гэх юм уу даа.
Блог бичиж үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг эр зоригийн нэг хэлбэр ч дээрх нөлөө, хамааралтай холбоотойгоор зарим талаар өөртөө итгэлгүй байдал үе үе гарах. Иймэрхүү бичлэгийг сүүлийн үеийн блогийн тэмдэглэлээс харж болно. Тухайлбал, Дөлмандах "Би юу бичээд байнаа", Хүдэр "Уншаад хэрэггүй биз дээ" гэхчилэн гарчгаа өгсөн байх. Миний хэд хэдэн бичлэг мөн иймэрхүү байгаа.
Нийгэм, соёлын ялгаанаас хамаарч байна уу гэж хааяа боддог юм. Тухайлбал бусдын үзэл бодол, байгаа байдлыг өөртөө таалагдуулах гэдэг хандлага хүчтэй байдаг юм шиг санагдсан. Үүнийг Гоожуурын блогийн комментуудаас харж болно. Зарим комментэд Гоожуурыг юу бичихийг нь заах, бүр заналхийлэх жишээтэй. Хэрэв ийм блог индивидуаль сэтгэхүйг дээдлэсэн улс оронд жишээ нь АНУ, Европт байсан бол Гоожуурыг коммент бичиж, тэнэг мангараар дуудахаас илүүтэй Анти-Гоожуур гэсэн өөр нэг блог нээгдэх магадлал илүү өндөр байх байсан болов уу.
Харин хамт олны сэтгэхүйг дээдэлсэн манайд бол нийгэм болон бүлэгт зохицох байдлыг үнэлж үздэг бөгөөд тэрхүү бүлгийн тогтоосон журмыг зөрчих, баримтлаагүй тохиолдолд
хамт олноос хөөх, гаргах, нэр нүүрээ барах зэрэг үр дагавар гарна. Тэгэхээр энэ сэтгэхүйн онцлог блогчдод ч мөн илэрч байгааг харж болно. Хувь хүний сэтгэхүйг дээгүүрт тавьдаг соёлтой орнуудад "би" гэсэн өөртөө итгэлтэй байдал хамгаас чухал тул бусдад таалагдах, таалуулахад ач холбогдол өгдөггүй болохоор өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, юунаас ч хамааралгүй илэрхийлж, бусад нь ч үүнийг ойлгож, заавал өөртөө таалагдуулах гээд зүтгээд байдаггүй байх. За энэ соёлын ялгаа ч яахав. Хувь хүний, хамт олныг шүтсэн соёлуудын аль алинд давуу ч тал бий сул ч тал бий, тийм болохоор энэ нь сайхан, тэр нь муу гэж хэлэхэд хэцүү юм. Би өөрөө хамт олны сэтгэхүйн соёлын нөлөөнд хүмүүжсэн болохоор блогоо хаалттай болгосон нь үүнтэй холбоотой л доо. Учир нь би үнэндээ хамт олны эрүү шүүлтэд орж, "таалагдаж байна, таалагдахгүй байна" зэрэг үнэлэлт дүгнэлт авмааргүй санагдаад, хамт олноос "ичгүүртэйгээр хөөгдөхөөс айгаад", өөрийнхөө дураар, юу бодсоноо эрээчиж сараачиж байхаар шийдсэн л дээ. "Таалагдаж байна, таалагдахгүй байна" гэдэг үгсээс илүүтэй "санал нийлж байна, нийлэхгүй байна" гэдэг үгс илүү чихэнд уянгалаг сонсогддогийг ч хэлэх үү. Яагаад гэхээр би хэн нэгэнд таалагдах гэж юм бичдэггүй, бас интернэт дэх "би" би биш билээ.
3 comments:
уншлаа, баярлалаа Марал аа, ёстой санал нэг байнаа хэхэ.
Уул нь чиний бичлэгийг өшөө олон хүн уншиж байгаасай гэж хүсэх л юм.
харин тиймээ. Гоожуурт дургүй бол уншихгүй л байна биз. бас л нэг бичлэгийн төрөл жанар шүү дээ. сониноос гэвэл минийх рүү орж ирдэг хүмүүсийн ихэнхи гоожуураар дамжиж ирдэг бол яах уу. тэгэхээр тэр хүн биднээс илүү уншигчтай байна гэсэн үг. уг тулгат, тогоруу, ганбаа 3 аас их орж ирдэг байсан. одоо гоожуураас орж ирдэг хүний тоо замбараагаа алдлаа. хэхэ.
Инга-д би ч гэсэн маралын блогийг олон хүн уншаасай гэж боддог. наадах чинь өөрөө харамлаад байгаа юм. хэхэ
Hm. Chi soyoliin talaar iim medlegtei yum bol yostoi BI BI BI geed baival yasan yum. Bi lav demjih yum baina.
Post a Comment