Thursday, October 18, 2007

Найзуудтайгаа хуучлах сайхан

Найзуудтайгаа хуучлах сайхан:

Мъянмар найз

Мөрөөдлийнхөө тухай:
...Манай засгийн газар үнэхээр муухай зүйл хийж байгаа. Намайг очихоос өмнө энэ дэглэм өөрчлөгдөөсэй. Энэ бол миний мөрөөдөл. Өөр улсад биш өөрийнхөө нутагт эрх чөлөөтэй нийгэмд хүн шиг амьдармаар байна. Үндсэн хуулиа батална гээд төсөл хэлбэрээр арваад жил болчихлоо. Энэ жил баталнаа гээд л ямар нэг шалтгаанаар өнгөрөөгөөд байгаа. Хурдан Үндсэн хууль батлагдаасай.

Лам нарын тухай:
...Манай лам нар ер нь бараг улсын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын голыг нь үүрч байгаа гэж хэлж болно. Ядуу, мөнгө муутай айлууд сүм, лам нарыг бараадаж амьдарч байна. Лам нар хүүхдүүдэд зориулж бичиг үсэг, тоо зааж өгч байдаг. Хажуугаар нь бурханы шашинд сургадаг болохоор гэмт хэрэгтэн болохоос нь сэргийлж байгаа юм. Ямар нэг юм болоход бид лам нар дээр очдог. Лам нар мөргөл үйлдэж, ном уншиж өгөхөөс гадна бидэнд бясалгал яаж хийх, бурханы сургаалийг яаж зөв ойлгох талаар ярьж ухааруулдаг юм.

Сая болсон бослогын тухай:
..Шатахууны үнэ эрс өсөж, юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, амьдрах аргагүй болж байгаагаас хүмүүс тэсэхээ болиод тэмцэл хийж байгаа юм. Лам нар энэ удаа нэгдэж жагссан нь ямар учиртай вэ гэвэл үнэ өсөж байгаа нь хүмүүсийн амьдралд улам зовлон нэмэхээс гадна лам нарын ч амьдралд нөлөөтэй. Хүмүүс сүмд өргөл өгч, тэр мөнгөөр нь лам нар амьдарч байдаг, эргээд хүмүүсийн сайн сайхны төлөө мөргөл үйлдэж, бие биеээ дэмждэг болохоор үнэ нэмэгдснээр лам нарт өргөх өргөл, мөнгө багасна гэсэн үг.
1988 оны тэмцлийг оюутнууд эхэлж, лам нар бас дэмжиж байсан. Гэхдээ тэр үед цэргүүд худлаагаасаа лам болж дунд нь орж, бослого тэмцэлд орсон гол гол лам нар, оюутнуудын зургийг нь авч, дараа нь бүгдийг нь барьж шоронд хорьсон. Энэ удаа тэр явдлаас болж их зохион байгуулалттай жагссан. Нэгд, лам нар жагсаалд орохдоо бие биеийнхөө хөлийн тавхайг шалгасан. Манай лам нар дандаа хөл нүцгэн явдаг болохоор тавхай нь дагтшираад ажрахаа больчихсон байдаг юм. Бас бүлэг бүлэг болж зүс мэдэхгүй хүнийг оруулаагүй...Одоо бослого, тэмцэл зогссон ч бид засгийн газрын толгойд байгаа хүмүүсийн хувийн компаниудын бүтээгдэхүүнийг худалдаж авахгүйг уриалж байгаа.

Удирдагчдын тухай:
...Хүмүүс их зальтай ухаантай байх юм аа. Ялангуяа манай удирдагчид. 1988 оны хувьсгалаар төрийн дэглэмийг яг өөрчлөхийн даваан дээр ард түмний дунд үл ойлголцол үүсгэж, хүмүүсийг дотор нь хагаралдуулж хуваасан. Тэр үед хэд хэдэн нам, бүлэглэл үүсээд хоорондоо бие биеээ жигтэйхэн шүүмжилж, ард түмний төлөө гэсэн үг хэлж байснаа удалгүй бүгд хоорондоо гэр бүл болох нь болж, үр хүүхдүүдээ хооронд нь суулгаж, эд хөрөнгөө нэгтгэж, компани байгуулцгааж, нэг мэдсэн чинь төр биш хоёр гурван том гэр бүл манай улсыг удирдах болсон. Хамаг л гол гол салбар тэдний гарт. Нэг ингээд гэр бүл бололцсон, хөрөнгөө нэг тогоонд оруулчихсан болохоор тэрнээсээ тийм ч амар салахгүй л дээ.
Хараа биз дээ, чи манай баян улс төрчийн охины 50 сая ам.долларын хуримын бичлэгийг...Тэр мөнгө нь манай нийт улсын эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт зардаг улсын төсвийн мөнгийг бараг хорь нугалсантай тэнцэнэ дээ.

Манай улсад хөрөнгө мөнгөгүй хүмүүст зориулсан тусламжийн нэг төрийн бус байгууллага байсан юм. Тэр байгууллага хэн нэгнийг талийгаач болоход ажил явдалд нь тусалж, бүх зүйлийг нь хийж өгдөг байв. Олон түмэн тэр байгууллагад их талархаж, баян хүмүүс хандив туслалцаа өргөдөг байлаа. Тэгсэн засгийн газар дарамтласаар байгаад тэр байгууллагыг татан буулгачихсан. Яагаад гэвэл тэр байгууллага ард түмний дунд маш их хүчтэй нөлөөтэй, дэмжлэг авч байсан юм...

Уул уурхайн тухай
...Манай улсыг Википедиа дээр тодорхойлсон байсныг чи хараа биз дээ...Байгалийн баялгаар бялхсан ч хамгийн ядуу улс гээд. Гэхдээ бид сонирхолтой нь тэр байгалийн баялаг нь хаана байгааг мэдэхгүй. Хэн хаана юу олборлоод хэдэн мөнгө татварт төлөөд хаашаа гаргаад байгааг мэдэхгүй. Хамаг хэвлэл мэдээлэл удирдагчдын гарт, тэдний компани байдаг болохоор дандаа л худлаа мэдээлэл байдаг.
Хүмүүс гэхдээ мэднэ л дээ...Ихэнх уул уурхайг хятадууд ашиглаж байгаа. Тэд удирдагчдад мөнгө төгрөг хангалттай өгч байгаа биз. Тэр хавийн байгалийг устгаж, эсэргүүцсэн нутгийн хүмүүс, тосгоныг нүүлгэж, заримыг нь шоронд хорьчихдог. Өөр юу ч тэнд болдог юм бүү мэд.

Тэвчээрийн тухай
...Бид ийм дэглэмдээ дуртайдаа байгаад байгаа юм биш л дээ. Хэрэндээ тэмцэж л байгаа. Тэмцэл, бослого гарч эхлэхийн төдийд л бариад хорьчихдог...Бид бурханы шашинтай улс. Манай бурханы шашны урсгал танайхаас ондоо л доо. Илүү дэглэмтэй гэх юм уу даа. Бид өглөө, орой бүр бурхандаа мөргөнө. Сар бүр тодорхой өдрүүдэд мацаг барина, сүм явж мөргөл хийнэ. Багаасаа ингээд явж байгаа болохоор бурханы шашны нэг гол сургаал болох тэвчээртэй байх гэдгийг мах цусандаа шингээсэн байх.
Гэлээ гээд тэвчээртэй гээд дарлуулаад байна гэсэн үг биш. Гол нь төр зэвсэгтэй, бид гар хоосон л байгаа юм.

Хайр дурлалын тухай
...Манайд Солонгосын олон ангит кино гарч, залуучууд тэрний нөлөөнд арай нээлттэй болж байгаа. Гэхдээ л уламжлалт үзэл хүчтэй хэвээрээ. Хайр дурлал бол сэтгэлийн л асуудал. Гол нь гэрлэлт л юм даа. Хүнтэй гэрлэхээс өмнө эмэгтэй хүн өөр хүнтэй үерхсэн, ямар нэг харилцаатай байсан бол тэр тосгон, хөршүүддээ нэр нүүргүй болдог. Тийм болохоор иймээ тиймээ юм байж ер болохгүй. Энд ч бас хүнтэй холбогдож болохгүй. Бусад нутгийн нөхөд маань очоод хов живэнд оруулчихвал баларна шүү дээ...Ямар нэг хүнд сэтгэл татагдах гээд ирвэл бясалгал хийж, сэтгэлийн тэр тэмүүлэл, гансралаа дарчихдаг юм...Чи энэ зун баахан бүтэлгүй болзоо хийгээд л байсан. Оронд нь надтай хамт бясалгал хийж суу, ер нь...

Уух идэх тухай
...За одоо танайд очлоо шүү. Сайхан уунаа өнөөдөр. Чи пиво ууна биз дээ. Зад ууж сайхан ярьж сууя....Хоёр лааз пиво болно биз дээ? ... Өө, зургаан лааз аа??? За за тэгвэл би нэгийг л арай чүү гэж барна. Чи үлдснийг нь уугаарай.

Monday, October 15, 2007

Дүү бид хоёрын дээр үеийн яриа


Миний амьдралын баяр баясгалан болсон зээ дүү маань хаана юу хийж дэрвэж дэгдэж яваа бол? Хааяа үнэрийг нь санах юм. Өнөөдөр яагаад ч юм дүүтэйгээ дээр үед ярьж байсан яриа санаанд оров.

Дүү маань дөнгөж л тав хүрэх гэж байсан юм. Дүүтэйгээ баахан ноцолдож, сумодож, орилдож, үнсэж үнгэлдсний дараа хуян шар усаа тарааж, хамаг хөлс цутгасан би бүдүүн биендээ түүртэн орон дээрээ амьсгаадан уухилж хэвтчихсэн, харин өнөөх бяцхан нөхөр маань ядарсан ч шинжгүй хажууд намайг эргэж сэргэхийг хүлээн суув.

Дүү гэнэт асуув. - Миний төрсөн өдөр удахгүй болохоор би тав хүрнэ, тийм ээ?
- Төхххх. Миний дүү чинь таван нас хүрээд том эр болох нь байна даа.
- Хүүхэд л төрсөн өдөртэй байдаг юм уу?
- Үгүй ээ, хүн бүр төрсөн өдөртэй. Бүгд жил бүр нэг нас нэмдэг юм.
- Аан.

Дүү маань бяцхан хөмсгөө тэр хавьдаа хөөрхөн гэгч нь зангидчихсан бодож бодож байснаа асуув:

- Тэгвэл та одоо хэдтэй билээ?
- Ажаа нь 22 настай.
- Аав хэдэн настай бэ?
- Аав нь 27 настай.
- Залуу эмээ?
- 60.
- Хөгшин эмээ?
- Хөгшин эмээ нь бүүр өндөр настай.
- Тэгвэл... гэж дүү гар хуруугаа гарган уруул амандаа хүргэн тоолж, будилж, дахин дахин хичээнгүй бодож байснаа:
- Аан, тэгвэл та нар бүгд нас нэмэх юм уу? гэж асуув.
- Тэгнэ ш дээ. Ажаа нь 23 хүрнэ. Аав нь 28 хүрнэ. Эмээ нь бас нас нэмнэ.
- Хүн тэгээд нас нь нэмэгдээд, нэмэгдээд, бүүүүр их нэмэгдээд л байх уу?
- Тэгнэ. Тэгээд нас нэмэхээр хөгшрөөд л нэг л өдөр бурханы орон руу явдаг юм.
Дүү жигтэйхэн бодолд дарагдав. Би ч олон юм бодсон шинжгүй амьсгаадсаар л хэвтээ л байв. Өмнө нь дүү маань надаас гэнэт "Таны аав хаана байгаа юм бэ?" гэж асууж билээ. Жаалхан дүүг маань дөнгөж нэг нас өнгөрч байхад нь миний аав тэнгэрийн орон руу одсон болохоор эвий минь яаж ч санах вэ дээ. Тэр үед нь ажаагийн аав нь бурханы орон руу явчихсан юм гэж хариулсан юм. Тэгэхэд лавлаа дүү маань бурханы орноос хэзээ ирэх юм бэ гээ л сониучирхаж. Ямартаа ч дүүдээ бурханы орон руу явсан хүн эргэж ирдэггүй гэж ойлгуулахыг хичээж байсан юм.
- Эмээ аав, та хоёроос хөгшин болохоор түрүүлээд бурханы орон явах юм уу?
- Тэгнэ. Гэнэт миний дотор сонин болж эхлэв. Дүү бид хоёр жигтэйхэн бодолд дарагдав. Бид хоёр харваас олон юм бодож эхэлж байгаа нь илт.
- Би нэг өдөр аав шиг болохоор та хэдтэй байх вэ?
- Ажаа нь Хуарангийн эмээ шиг болно.
- Аав?
- Аав нь өвөө шиг нь болно.
- Тэгээд та хоёр бас нэг өдөр бурханы орон руу явах юм уу?
- Миний дүү, хүн бүр хөгшин болоод бурханы оронд очих болдог юм.

Дахиад л нам гүм. Дүү бид хоёр дүнсийв.

- Тэгээд та нар бүгдээрээ бурханы орон руу явчихаар эргэж ирэх үү?- Бурханы орон явсан хүмүүс эргэж ирдэггүй юм аа.

Аавыгаа их санав. Аав буцаж ирэхгүй. Дүү бид хоёр зэрэг санаа алдав.

- Тэгээд та нар бүгдээрээ бурханы орон явчихаар би ганцаараа үлдэх юм уу? Би ганцаараа үлдмээргүй байна. Та нартай хамт бурханы орон явнаа.
- Тэгж ярьж болдоггүй юм. Миний дүү чинь тэр үед дүү нартай, хүүхдүүдтэй болоод олуулаа болчихсон байна. Бурханы орноос эмээ, аав, ажаа нь хараа л, туслана ш дээ.
- Үгүй ээ, би хамт л байна.
- За, тэгж ярьж болдоггүй юм.

Дүүгийн царай хачин болоод ирэв. Хүслээр нь болохгүй юм байдгийг мэдэхээрээ яг ингээ л дүмбгэр царай гаргачихдаг нөхөр шүү. Хоёулаа чимээгүй хэвтээ л байлаа. Гэнэт дүүгийн нүд гэрэлтчихсэн намайг татаж босгосноо:

- Би ерөөсөө төрсөн өдөр тэмдэглэхээ болилоо гэв.
- Яагаад?
- Би төрсөн өдөр тэмдэглэхгүй болчихоор нас нэмэхгүй. Бүгдээрээ төрсөн өдөр тэмдэглэхээ болчихьё. Тэгэхээр аав, эмээ бүгдээрээ нас нэмэхгүй. Тэгээ л бид үргэлж хамтдаа байна.
Дүү өөрийнхөө сэдсэн аргад сэтгэл хангалуун гэж ярих юмгүй, саяхан бүрхэг тэнгэр шиг байсан эгдүүтэй хөөрхөн царайд нь гэрэл бадран, додигор гэгч нь инээмсэглэж, "Эмээ, эмээ..." гэсээр дэгдээд гүйчихэв.
"Энэ бяцхан тархи ахадмаар бодол тээж явдаг байна шүү" гэж бодохоос хэтэрсэнгүй. Юм хэлье гэсэн ч хэлэх юм олдсонгүй. Би ч бас хамтдаа бүгдээрээ үргэлж л ингээ л шуугилдаад л, ноцолдоод л, бужигналдаад л байхыг үнэн сэтгэлээсээ хүсэж байв. Миний энхрийхэн дүүгийн хамаг л ухаанаа дайчилж бодож олсон арга надад ч бас бодогдож байсан үе бий.
Мөнхөд хамтдаа байх сан гэж.

Monday, October 8, 2007

навч

Өглөө...хөлийн чимээнд сэрчихэв. Шууданч бололтой. Яг л мөн дөө, шуудангийн хайрцганд нэг юм шургуулчив. Ухас хийн, орноосоо харайж пир пар хийн очин шалгатал пиццаны газрын зурагт танилцуулга. Нээрээ ч надаа нэг бол төлбөрийн хуудас, бас гэнэт хоосон дансаа харж цочирдож ухаан алдуулахаас сэргийлсэн хэзээ хэдэн мөнгө данснаас авах тухай мэдэгдлээс өөр юу ч ирэх вэ дээ. Эсвэл нэг иймэрхүү зарлал.
Агаар амьсгалах гэж хаалгаа нээн гартал үүдэнд ганц шар навч байв. Шууданчийн хормой, гуталд наалдаад үлдээ юү эсвэл салхинд хийсэн дэрвэн ирж хаалга мөргөсөн навч ч юм уу? Яг тэр үед тэр навч бид хоёр бие биеээ нээх их өрөвдөх шиг болж ч байх шиг. Хэзээ нэгэн цагт нов ногоон байсан байгалийн үзэсгэлэнт хэлтэрхий ингээд хөлийн дор хэвтэж гишгэгдэж гудамжны хог болох тавилан. Хэн нэгэн хөөрхөн залуугийн хүйтэн харцанд нь алгадуулж, хүний болсон урууланд хүрэн алдаад хөлдөхөө дөхөөд хөлд нь унасан хүүхэн заяа.

Ингэхэд саяхан үнсэлтийн тухай ном уншсан чинь эмэгтэйчүүд хүнтэй гэрлэхээс өмнө дунджаар 79 эрэгтэйтэй үнцэлцэж үзсэн байдаг гэнэ үү. АНУ-ын байдлаар гэж ойлгов. Тэгэхээр чинь надаа бас дуусгаагүй зүйл их байна гэсэн үг үү, хүүе.

Tuesday, October 2, 2007

Арван сарын гурван

За нээх гавъяа байгуулсан хүн шиг л зунжингаа ноцолдсон аймшгийн өгүүлэл болох дипломын ажлын эхний хувилбарыг багшдаа барьчлаа. Багш маань үг, үсэг, цэг, таслал, өгүүлбэр зүйд их эмзэг ханддаг, няхуур гэхэд дэндүү няхуур хүн болохоор над шиг хайнга саланги, хэнэггүй маанаг хүнд маш хэцүү юм аа. Би гэж солбийсон хоёр нүд шиг юмаараа бичсэн хийснээ харж хянаж шалгаж үнэрлэж, үзэж барьж барьж л өгөхөд л багш тэндээс дор хаяж үг хоорондын зайны хэмнэл алдагдсныг үтэр түргэн илэрүүлнэ. Би яаж няхуур болох вэ, та минь ээ. Бичгийн хэлбэр нь хүртэл яарсан шинжтэй сарайсан юм л байхын. Арван жилийн л ийм салан палан байж ш дээ. Багийн маань найз маань ямар сайндаа "алив чи нэг бич дээ, арван жилээ дурсая. Үгүй, чи мөн ч алдартай муухай бичигтэй байж билээ, чиний бичснийг бид хуулаад онц авчихдаг, харин чи муухай бичсэн гээд сайн авч байсан ш дээ" гэж байхав. Арван жилд муухай бичигтэйгээрээ ад үзэгдсээр оюутан болох үед компъютер гэгч гайхамшиг гарч ирж, би бараг баярласандаа уйлангаа алдаж билээ. За бичгийн хэв яахав, гол нь багш миний бичсэн ажлыг ойлгох юм болов уу даа, хөөрхий. Би ч яс хавталзаж байна. Сэтгэл зовоод, түүнээ тайвширч мартагнах гээд блоглож сууна.

Хурдхан Монголдоо харина даа гэсэн өөдрөг сэтгэл өвөрлөсөн хүн байтал энд тэндээс элдэв хангайн хүмүүс Монголд амьдрах аргагүй болсон тухай урам хугалсан зүйлс яриад сэтгэл үймүүлээд байна шүү. Талх таван зуу болсон л гэнэ, дүүрэн хятад, солонгосчууд л гэнэ, аймаар гэмт хэрэг ихэсч байна л гэнэ, ганц бие бүсгүй хүн бүр ч хэцүү л гэнэ, нөхөр сүүдэр олдохгүй л гэнэ, эрүүл байна гэж байхгүй болсон, төрийн ордон нь өөрийгөө тойруулаад хашаа барьж байгаа л гэнэ. Сөрөг мэдээлэл сонсохоор очихоосоо өмнө түрүүлж сэтгэлээр уначих гээд байх юм. Юу ч хамаагүй надтай ярьж болно гэхдээ намайг очихоос өмнө Монголыг битгий муулж ярь тэгэх үү гэж л гуйж сууна.

Одоо ч амьдралын утга учрын тухай бодохоо ч байж, амраг хайрын сэдэв сонирхолгүй санагдаж байна даа. Харин ном л миний сонирхолыг мөнхөд татсан хэвээр байх юм. Заримдаа гудамжаар алхахдаа үе үе гуч дөхөж яваа ганц бие хүүхнүүд юу бодож алхдаг бол, хэн нэгэн залуу ирээд эргүүлээсэй гэж хүсдэг болов уу, эсвэл над шиг ганцаараа байхдаа жаргалтайгаа мэдэрдэг болов уу гэхчилэн бодоо л. Бодоо л бодоо л бодсоор байтал бодын шийр дөрөв. Дөрөв гэснээс Хонгор сумны явдлаас хойш бодын шийр тав, зургаа, бүр 0 ч байж болох шинжтэй. Тэгэхээр бодоо л байхаас.

Sunday, September 30, 2007

Энэ өдрийн мэнд

Хичээл давтлагын өрөө (studyroom) -д яг урд маань хятад, япон, солонгос оюутнууд дуу авалцан чанга чангаар чалчих нь ганцаараа монгол миний эрдмийн замд саадтай л байна шүү дээ. Тэвчээрийн хязгаараа уртсгахын тулд Take That-ын Patience, A-ha-ын Stay on these road, The Oasis-ын Don't Look Back in Anger гэх мэтийн сонсожийн. Хоёр цаг гаруй яасан ч их ярьдгийм дээ. Ядаж байхад миний дэргэд, урд, зэргэлдээ мастерийн ангийн хамгийн царайлаг залуучууд нь суучихсан байж таардгийм. Таарсан ч гэж би л царайлаг, хөөрхөн инээдэг гээд нэг залууг барааддаад суудлаа сонгочихсон биш одоо хөөрхөн залуугийн хойноос хөөцөлдсний шангаа хүртээд байж байгаа нь энэ. Дашрамд хэлэхэд залуус аа, хөөрхөн хүүхэн хүзүү хугалах, хэтэвч хоосруулах аюултай шүү. Наад зах нь бөөн өрсөлдөгчид.
Энэ хүүхнүүд ч миний эрдэм номд шамдан суралцах гэсэн хүсэл тэмүүллийг үл тоож байна. Намайг ер нь хүн гэж харж үзэж байгаа ч юм алга. Бараг л толгой, мөрөн дээр тохойлдож байгаад л хажуудах харц булаасан залууг тойрч бүчээд л байна. Сайхан залуу байх сайхан юм өө. Чухам л хаалгаар гутлын хоншоор нь цухуйхад л хавийн бүсгүйчүүд л Тэр-саан, Тэр-күүүүн гээ л дуу хоолойгоо янагийн өнгөөр хувиргаад л гүйлдээд л. Би бол шууд очоод л Өнөө орой завтай юу? гээ л асуучихаж болдоггүй юм байхдаа гэж муйхраар бодохоос цаашгүй юм.

За энэ бол хичээлийн шинэ семестрийн эхний өдөр юм шүү дээ. Гэтэл 10.30-д хичээлтэй байтал 10 цагт сэрж байдаг би нээрээ мөн ч унтамхай юм аа. Хүү хаа гээ л нойтон үстэй, хавдсан нүдтэй усны үхэр шиг юм л ангидаа ортол багш хичээлтэйгээ мартаад ирдэггүй, цонхолж л байдаг.

Энхрий хайрт ерөнхийлөгчийнхөө УИХ-ын намрын чуулганд хэлсэн үгийг уншсан нь ер нь фелъетон шиг санагдав. Үгээ өөрөө бэлддэг юм болов уу, өөр хүн бичиж тэрлэж суудаг юм болов уу. "Эв нэгдэл" гэж яг юуг хэлээд байгаа юм, "номт төр" ч гэнэ үү бас. “Номт тєр” бол нэр хvндээ боддог тєр ч гэнэ үү. Яагаад ч юм энэ илтгэлийг бичсэн хүнийг ийм номт төрийн онол гэсэн орижиналь айдияа олох гэж олон хоног шаналангуй царайлж явсан байх гэж бодогдож байна. Инээд муутай элэглэх дуртай хүнд бол эргүүлж гуйвуулах зүйл ихтэй сайхан илтгэл болжээ.

"Манай монголчууд “замаг сайтай усанд шувуу бvхэн цуглардаг, зан сайтай айлд хvн бvхэн цуглардаг” гэдэгчлэн “засаглал сайтай орон нутагт л хvн ам нь єсч єєдєлж байдаг, тийм учраас хvн амыг нь л тоолоод бай” гэсэн утгатай vгийг Францын их сэтгэгч Руссо нэгэнтээ хэлсэн нь бий" гэж байх шиг. Монгол маягийн илтгэлийн хэв маяг гэж байдаг бол хэн нэгэн алдарт философич, улс төрчийн хэлсэн үгийг дам дам байдлаар хэрэглэх, бас монголын зүйр цэцэн үгийг ишлэх, тэгээд бүр "нэгэнтээ хэлсэн байдаг" гэж заавал хэлэх юм. За тэр ч яахав, орон нутгийн удирдлага сайн ажиллаж байна уу үгүй юу гэдгийг нь хүн амын шилжилт, хөдөлгөөн, тогтворжилтоор нь хэмжих санааг л илэрхийлж байгаам байх. Арай ч дээ л гэж бодогдмоор. Орон нутгийн өөрөө удирдах ёс нь бүрэн бүрдэж чадаагүй, эрх мэдэл, санхүүгийн бие даасан байдал нь хангалтгүй байгаа, нийт хүн ам хөдөө аж ахуй, байгаль орчноос хамааралтай амьдарч байгаа, орон нутаг битгий хэл улс даяараа аж үйлдвэрлэл гэж юм огт байхгүй байхад л хаа байсан Руссогийн үгээр өөрийн санаагаа бататгах гэж ч байдаг нь... Үгүй ядаж, орчин үеийн хөгжлийн эдийн засгийн эрдэмтэн мэргэдээс иш татсан ч болоосой.

За өнөөдөр нэг найзын төрсөн өдөр. Завгүй ч гэсэн зай гаргасугай.

Tuesday, September 25, 2007

намаржаа

Зун нээрээ ганц залуу руу нүд ирмэхийн зуургүй, нэг номын эхний хуудас эргүүлэхийн төдий ямар ч хурдан өнгөрөөд чавхдаад алга болчихов доо.

За ямар ч байсан шинэ газарт, орон байранд орлоо доо. Хоёр жил амьдарсан оюутны дотуур байр маань баяртай, хайртай шүү, дуртай шүү гээ л баахан хайрцаг ачаа тээшээ тэврээд л нүүлээ дээ.

Японы улсын сургуулийн дотуур байр ер нь дажгүй шүү. Монголд оюутан байхад дотуур байранд амьдарч байгаагүй ч ангийн, хувьсгалын, хувийн найзуудын өрөөнд цонхоор нь авирч, дамжиж, үүд хаалгаар нь мөлхөж, нуугдаж орж гарч, ууж идэж, унтаж хэвтэж явсан болохоор нөхцөл байдлыг нь бүрэн дүүрэн биш ч ямартаа ч бага сага ойлгочихсон болохоор Японы дотуур байр түүнтэй харьцуулахад ярих юм биш. Ямар сайндаа Монголд оюутан насаа дотуур байранд өнгөрөөсөн, саяхан ирсэн шинэ найз маань "онгоц, алим хоёр ялгаатай ш дээ тэ, яг л тэрэн шиг" гэж хэлж инээд хүргэх вэ дээ. Бүх юм нь гарын дор байсан байрнаасаа гараад бүгдийг өөрөө хийх амьдралын төлөв байдалд шилжиж байгаа нь хэцүү л санагдаж эхэлж байна. Хөлийн улаа эргэж, эвэршиж, гутлын ул элэгдтэл хайж олсым болохоор давгүй байр. Ганц гэм нь гар утас барьдаггүй. Арван сарын дунд хүртэл интернетгүй, дээр нь гар утас барихгүй байхаар ямар вэ дээ. Яг л жунглид байгаа гэсэн үг бус уу. Ёстой л чаддагийм бол бариарай гэж байгаам даа. Өглөө босчихоод өрөөний өнцөг булан бүрд утсаа чагнан, хэвтээ босоо суугаа, үсрээ, дэвхцээ байдлаар хөдөлж хөдөлж утас барих ганцхан цэг олж авсан л даа. Тэр нь нэлээн mission impossible байдалтай. Цонхоо онгойлгоод утсаа тодорхой зүгт харуулж (шинэ газар одоогоор ертөнцийн зүгээ мэдээгүй л байна) зохих ёсны өнцөг үүсгэвээс утас нэг юм амилж байгаан. Ярихдаа харин утсаа хөдөлгөлгүйгээр, би өөрөө бөгтийн, толгойгоо баруун тийш гэдийлгэвээс ярихгүй, залгахгүйн зовлон үгүй болж байгаан. Яахав, ямар над руу ярих хүн байдаг ч биш, би ч хүн рүү залгах биш, гутраад байх ч юм алга. Харин ч олзуурхаад байгаам бус уу.

Манай найз "бурхан бүгдийг тэнцүүлдэг" гэж хэлсэн л санаанд орж байна. Дотуур байранд байхад гар утас, интернет гээд элдвээрээ холбоо сүлжээтэй байх боломжтой ч гадны хүн гэртээ оруулах, хонуулах, тэр тусмаа эсрэг хүйстнийг шагайлгаж болохгүй хориотой байсан бол одоо хөлсний байранд дурын этгээдийг дуудаж авчраад эсвэл өөрөө ирээд хонож болно, гэхдээ дуудъя, уруу татая, татагдая гээд гар утас барихгүй болчихож байгаам. Бүр сайхан нь саяхан гар утсаа алга болгосон болохоор бүх найзуудын утас хамт устчихсан.

Шинэ гэр уулын орой дээр, дэлгүүр хоршооноос хол болохоор маргааш нөгөөдрөөс л том чемоданаа чирээд л хүнсэндээ гэлдрэхийм байгаан.

Гэрт интернеттэй болтол компьютерээ чирээд л сургуульдаа мордоод байх нь дээ. Харин тэр болтол хичээл давтлагын өрөөнд хажууд суудаг хөөрхөн залуу өдөр бүр ирээсэй.

Tuesday, September 11, 2007

оршсоор л байна

За хө, зуны амралт дуусаж, хичээл номын улирал юу юугүй эхлэх нь ээ.
Сар уулзаагүй ангийнхнаа харсан чинь сэтгэл бас хөдөлж байв. Жаахан л үг дуугарахаар сөргөлдчих гээд байдаг Банглагийн маань алаг нүд нь тормолзоод хөөрхөн ч харагдаж байх шиг. Ангийн Хятад хоёр залуу хаа холоос гараа дэлгэн инээсээр ирэхэд сэтгэл юутай их хөдлөв дөө. "Брежнев" үнсэлтээр биесээ үнсэх нь холгүй юм болов. Хамгийн дотно Мъянмар найз маань ч бүр хачин хайр татам байлаа.

Хайртай дуртай Хунт нуураа мөсөн дээр бүжихийг нь харж баясаж, хэсэгтээ л цаг хугацааны эргүүлгээс тасарсан нь зуны зугаа цэнгэлийн оргил нь болов.
Бүжигчид-уран гулгагчид үнэхээр чадварлаг гайхалтай байлаа. Жүжиглэлт, бүжиг, балет, уран гулгалт гээд бүгдийг нэг дор хийж, дүрээ маш сайн гаргасан өвөрмөц тоглолт боллоо. Уран гулгалтын хувьд хүнд хэцүү үзүүлбэр нэлээн ихтэй байсан болохоор үе үе зүрх түгшээ л байв. Найруулга ч гэсэн өөрийн өнгө аястай. Хан хүү гэж балай нөхөр, муу санаат фон Ротбартын шидний гайгаар хайртай Одеттагаа танилгүй, Одильтой сүй тавьснаас болж Одетта үүрд хун хэвээр үлдэх болдог доо, хө. Зарим балетад Одетта, хан хүү хоёр нууранд живснээр хорон муу санаатны шидний хүч харьдаг бол, заримд нь хан хүү балиар санаат-шидтэнтэй тулалдаж ялж Одеттагаа авардаг... гэх мэт эмгэнэлтэйгээс аз жаргалтай олон төгсгөл байдгаас Мөсөн дээрх хунт нуурын хувьд Одиль бүсгүй Одетта, хан хүү хоёрын хайр дурлалыг гүнээ ухамсарлан, хүлээн зөвшөөрч, сүйний бөгжийг Одеттад өгчихөж байгаам. Ёстой жинхэнэ сонгодог реалист төгсгөл гэж хэлмээр. За тэгээд тайз засалт, хувцаслалтын тухайд бол өөлөх зүйл үгүй байлаа. Уруу татаж уриалан дуудаж авч явсан найз нар маань ямар ч байсан сэтгэл хангалуун, нэг нь нулимс гарлаа л гэсэн.
Одоо мөрөөдөл болсон Вердигийн La Traviata-г үзчихвэл ёстой нээрээ яасан ч яаахуу. Харин амьд байхдаа алтан аяганаас ус ууна гэдэг шиг Паварротигийн "амьд" тоглолтыг үзэх юмсан гэсэн аль дээр үеийн мөрөөдөл маань хэзээ ч биелэхгүй болсонд ямар их харамсаж гашуудав аа.

Саяхан сурсан шинэ үг гэвэл: Би сэтгэж бодож байна-би оршиж байна. Би юу ч сэтгэхгүй бодохгүй байсан ч бас оршсоор л байна. Тийм ээ, оршиход "сэтгэн бодох" огт хамаагүй юм.

Thursday, August 30, 2007

Найман сарын сүүлийн өдөр

Саяхан их ухаантай үг энд тэндээс хэд хэдийг сонсож гялайв. Тухайлбал I Think I Love My Wife киноноос "Хүүхний хойноос хөөцөлдөөд маш их мөнгө алдаж болно, харин мөнгөний хойноос гүйлээ гээд хүүхэнгүй хоцорно гэж хэзээ ч байхгүй шүү" гэсэн нь онцгой их таалагдав. Үнэн үнэн. Ингээ л мэдүүштэй юм их байнаа, амьдралд.
Гэрлэсэн эмэгтэй гэдэг гэрэлт ирээдүй нь ард хоцорсон эмэгтэйг хэлнээ гэж айлдсан Амброз Брисийг амьд байвал тэвэрч аваад үнсмээр санагдав.

Энэ долоо хоногийн "нүдний зугаа, нойрны эм бас намайг ухаантай болгож бусдад харагдуулах" шид бол яагаад ядуурал байгаад байгааг Африкийн орнууд дээр тулгуурлан өөр өнцгөөс тайлбарлаж бичсэн Пол Коллиерын The bottom billion: Why the Poorest Countries Are Failing and What Can Be Done About It гэсэн ном байлаа. Сонирхолтой ном байлаа. Шууд Монголтой холбож бодох нь хаашаа юм, гэхдээ бодууштай зүйл ихтэй байв. Ялангуяа ядуурлын дөрвөн том хавх (иргэний дайн/зөрчилдөөн, газар зүйн таагүй байрлал, "газрын баялагийн хараал", муу засаглал), ийм хэцүү дөнгөтэй орнуудад хэрхэн туслах дэмжих талаарх санаа (тэр тусмаа олон улсын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гэсэн нь) гэх мэт санааг цааш нь ургуулж, өсөн нэмэгдүүлж, үржүүлэн баяжуулваас олон шинэ шинэ бодол санаа төрөх болвуу.

Эцэст нь ходоод хоосон байхдаа блогт юм бичих нь шал дэмий юм байна. Бичье гэж бодож байсан бүхэн толгой дотроос алга болчихдгийм байна. Сэтгэн бодох чадвар бүхий эрхтнийг бид толгой дотор л байдаг гэж боддогоос уул шугамдаа тал нь ходоодонд оршоод л байгаамдаа.

Friday, August 24, 2007

намайг үнсээч

Хамаг биений хөлс цутгуулж, аахилж уухилуулсан айхтар халуу шатсан өдрүүд овоо ард хоцорч би гэдэг хүн шөнөдөө нойртой хонох болжийн. Хэдий халуун, бөгчим ч зун цаг гэдэг цаанаа л сайхан юм аа. Хөл хөнгөрөөд хаашаа ч юм дэвхрээд гүймээр л. Яг л эрвээхэй шиг л нисээд л буугаад л баймаар л.
Танил найз нөхөд намайг наанаа байхдаа сайн эмчид үзүүлж шинжлүүлээд ирээрэй гэж байнга захиж хэлээд байхаар нь уулгамч зангаараа уухайн тас гээ л эмнэлэг эргүүлдэж хэсэг харайлгав. Нэгэнт л би хөлсөө урсгаж ирсэн, эмч хөдөлмөр гаргаж үзэж байгаам чинь ямар нэг өвчин зовиур олчих санаатай аль аль маань л их л хичээв. Тэгээд яаж зүгээр гаргачих вэ дээ, ядаргаанд сайн гээд питаамины комплекс бичиж өгч байна. Түүнийг нь уусан чинь тархи толгой юун амрах. Элдэв янзын гормон, дааврын өөрчлөлт өгчих вүү яав ийв, гэлэнмаа, хандмаагийн хутгийг олчоод зүв зүгээр байсан хүн чинь өчигдөр гэнэт их үнсэлцмээр болоод ирдгийм байнаа. Нүгэл байгаа даа, пээ пүү паа.... Гэхдээ хө....Үнсэлцэх гэдгийг мартах шахсан байна шүү дээ. Бодоод бодоод ядаж зүүдэндээ ч хэзээ үнсэлцсэнээ санадаггүй.
Чатаар харьцаж байсан найздаа энэ зовиурт байдлаа хэлтэл хар халуунд юун ч хүнтэй наалдах сонирхолтой байдаг байнаа гэжийн. Уул нь ч гараад бол юун хүн амьтантай тэврэлдэж нялуурах манатай, арьс ясаа салгачихаад хөргөгчинд хийгээд тавимаар байгаа л даа. Гэхдээ, гэхдээ, гэхдээ л.
За удахгүй нүүдэл суудал хийнэ дээ. Байр хайж давхисаар ямар ч байсан сэтгэлд, түрийвчинд нийцсэн нэг байр арай чүү гэж олчоод овоо пээдгэр байна. Бас л уулын орой дээр. Үгүй ээ яахав, буян нүглээ сайн бясалгаж суу гээд байгаам байлгүй.
Дипломын ажилтай холбоотой эртний худалдаачдын талаар юм хум цуглуулж уншиж яваад, хадуураад Монтескьегийн Персийн захидлыг олж авав. Монтескье хүртэл ийм романтик ном бичиж байхад маний романтикдах бол байх байх.
Зиаг нэг сайхан сэгсийтэл таанц эргүүлж таазаа хөдлөгчихөөд намаржаандаа одно доо.

Tuesday, July 31, 2007

маргаан гараа ч үү үгүй ч үү

Оллоо сайтад Таван толгойн гэрээний төслийг нийтэлж. Их айхтар том гэрээ юм аа. Зүйл заалт бүрийг нь нэгд нэгэнгүй уншихад цаг гарахым байна. Нээлттэй форум уг гэрээний шударга эсэхэд дүгнэлт гаргачихсан ч юм байна. Надад бол ойлгоход хамгийн амарханаар нь Маргаан шийдвэрлэх заалт л нүдэнд тусахым даа.

Тэр заалт нь:

Арван гурав. Маргаан шийдвэрлэх

13.1.Энэхvv Гэрээтэй холбогдон vvссэн аливаа маргааныг дор дурьдсанаар шийдвэрлэнэ: 13.1.1.Аливаа маргааныг Талууд аль болох харилцан тохиролцож талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш жар (60) хоногийн дотор Талууд нэгдсэн шийдвэрт хvрч зєвшилцєхгvй бол уг маргааныг 13.2-т заасны дагуу шийдвэрлэнэ. 13.1.2. Гэрээний 13.1-р заалтын хvрээнд, энэхvv гэрээ хvчин тєгєлдєр болсон єдєр хvчинтэй байх Нэгдсэн Vндэстний Байгууллагын Олон Улсын Худалдааны Хуулийн Комиссийн Арбитрын Дvрэм (НVБОУХХК Дvрэм)-ээр тодорхойлсон журмын дагуу арбитрын шvvхээр эцэслэн шийдвэрлvvлнэ. Шvvхийн vйл ажиллагаа дараахь нєхцлийн дагуу явагдана:

13.2.1. Арбитрын шvvх гурван (3) шvvгчээс бvрдэнэ.

13.2.2. Арбитрын шvvхийн гурван (3) шvvгчийг НVБОУХХК-ийн Дvрмийн 7 болон 8 дугаар зvйлд зааасны дагуу сонгоно.

13.2.3. Шvvх хурал Англи хэл дээр явагдана;

13.2.4 Маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулж, тайлбарлана. 13.2.5. Арбитрын vйл ажиллагааг Их Британийн Лондон хотод явуулна;

13.2.6. Арбитрын шvvхийн vйл ажиллагааг Лондонгийн Олон улсын арбитрын шvvхийн журмын дагуу явуулна. гэжээ.

Энэ заалтыг харж байхад байнгын болон түр арбитрыг хооронд нь холиод бас ЮНСИТРАЛ-ын Арбитрын дүрэм, Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн журмыг дунд нь мөргөлдүүлээд болж л байгаам байх даа. "Бөөстэй" заалт болчихсон юм шиг.
Гэрээнд заасан ЮНСИТРАЛ-ын Арбитрын дүрмийн дагуу арбитрчаа сонгох гэсэн нь илүү л юм байна. Тэртээ тэргүй Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн дүрмийг хэрэглэхээс цааш. Харин бусад асуудлуудад энэ хоёр дүрмийн алийг нь гол болгож баримтлах нь тодорхойгүй. ЮНСИТРАЛ-ын арбитрын дүрмийг ихэнхдээ түр арбитрын үед хэрэглэхээр тохиролцдог. Хэрэв нэгэнт Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн журмыг хэрэглэхээр болж байгаа бол ЮНСИТРАЛ-ын арбитрын дүрмийг хэрэглэх нь цаг, зардлыг ихэсгэх л байх.
Ер нь яагаад заавал Лондонгийн олон улсын арбитрын шүүхийг сонгосон юм бол? Лондонд арбитрын ажиллагаа явуулна гэдэг нь Английн арбитрын хуулийг хэрэглэнэ гэсэн үг. Олон улсын арбитрын хүрээнд Англи ерөнхийдөө нийтлэг эрх зүйн нөлөөн дор олон улсын орчин үеийн эрх зүйн зарчмаас зарим тал дээр хол хөндий, уян хатан биш байдаг.
Уул уурхан салбар дахь дийлэнх компаниуд маргаанаа гадаадын арбитраар шийдвэрлэхээр гэрээндээ заадаг. Хуучин бол Стокгольмын арбитр гэж их оруулдаг байсан бол одоо Олон улсын худалдааны танхим, Лондонгийн арбитр гээд сонголт хийх боломж их болж. Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв дээр манай улс хариуцагчаар татагдаад давхиж явснаа ашгүй эвлэрлээр асуудлаа шийдвэрлэсэн байсан. Монголын арбитрыг сонгоно гэхээр ихэнх нь итгэдэггүй гэсэн хариулт өгч байсан. Гол нь өнөөх авилгал, түүний дараа мэргэшлийн дутмаг байдал...
Маргаан гарлаа гэхэд хаана шийдвэрлэх нь чухал ч түүнээс илүү анхаарах ёстой нь хэн шийдэх вэ гэдэг асуудал. Гурван арбитрч нь бүгд гадаадынх байх тохиолдолд Монголын хуулийг хэрэглэнэ гэдэг хэцүү л даалгавар болно. Стокгольм, Лондонгийн арбитрт манайтай холбоотой ганц хоёр хэрэг орж байхад Орос, Польш зэрэг орноос Монголын хуулийн талаар тайлбар бичүүлж авч байсан байгаан. Миний мэдэхээр олон улсын конвенцийн талаарх Монголын байр суурийг бараг л илэрхийлсэн тайлбар хүртэл гаргасан байсан. Ингэхдээ маш хуучинсаг өнцгөөс тайлбар гаргасан байсанд сэтгэл гонсгор байв. Яагаад Монголын талаас тайлбарыг нь авч болдоггүй юм бэ, яагаад Монгол арбитрч байж болдоггүй юм бэ гэхээр нөгөө л нэг хэлний бэрхшээл, мэдээллийн хомс байдал, мэргэшсэн хүн байхгүй гээл асуудал их байхым.
За, Оюу толгойн гэрээ хэзээ ч батлагдлаа, батлагдлаа гээд маргаан гараа ч уу үгүй ч үү, маргаан гарлаа гээд эвлэрээ ч үү үгүй ч үү, эвлэрээгүй байлаа гээд манай засгийн газар нэхэмжлэгч нь ч байхым уу, хариуцагч нь ч байхым уу хэн мэдлээ дээ.

Sunday, July 29, 2007

Swan Lake On Ice

Зун Японд өнжих болсон болохоор халуун бөгчимийг мартагнуулахаар хийчихмээр зүйл мэр сэр хайж өө сууна. Хамгийн баярлууштай нь The Imperial Ice Stars-ын Мөсөн дээрх хунт нуур 8 сарын 29-нөөс 9 сарын 9нд Токиод болох нь ээ.
8 сарын 9нөөс Хятадын балетч-акробатч хос Хунт нуурыг бас тоглохым байх. Реклам нь сэтгэл хөдөлгөчихлөө байна. Үзэх үү дээ болих уу даа хө... гэж эргэж тээнгэлзсэн шиг. Ингэж эргүүтсээр байтал хугацаанд ч болчихлоо бараг.
За жазз бол хаа сайгүй, төрөл төрлөөрөө дүүрэн болох болохоор нэгэнд нь тэгж байгаад очиж баясахым байх.

Friday, July 27, 2007

Дахиад л

Дахиад л... Халуун зун. Гандуу. Сэтгэл бас гундуу. Цээжний гүнд ширгэх шахсан бидний дурсамж уйтахан урсана. Чиний тухай бодол тэртээд зэрэглээтэх.
Дахиад л... Бүлээн бороо. Үнэргүй, амтгүй. Дусал бүр нь гуниг нэмнэ. Газарт хүрэлгүй уур болон дэгдэх. Хайртай гэдэг үг амнаас гарахын зуургүй хамт ууршин сарнина.
Дахиад л... Бөгчим шөнө. Чи бид хоёрыг холдуулна. Салхилаасай. Үл ойлголцолын үүл мананг аваад яваасай. Намрын сэрүүнийг мөрөөдөх. Чамайг ирэхийг хүлээх горьдлого.
Дахиад л...Бүрхэг тэнгэр. Баргар царай. Инээх хүртэл хорлонтой санагдах. Зэвэрч нээгдэхээ больсон сэтгэлийн оньс. Чи намайг орхиод явсан тэр зун.
Дахиад л...

Thursday, July 26, 2007

Би яагаад бэлгэнд дургүй вэ?

что женщина думает о мужских подарках

Подарил мне книгу - намекает, что я дура.
Подарил две книги - намекает, что я дура и мама моя дура.
Подарил три книги - намекает, что он переезжает ко мне со всеми вещами.
Подарил цветы - намекает на мою заурядность.

Мол, этой заурядной дуре, как всегда, дашь цветов, она и заткнётся.
Он подарил мне три розы - одну как обычно, про запас, вдруг потеряю, а двумя точно на похороны намекает.

Пригласил меня в ресторан, чтобы я опять там напилась и танцевала голой на столе.

Он подарил мне путевку на Мальдивы, чтобы я поехала, забыла загранпаспорт и деньги и на таможне выглядела как дура.

Подарил мне бутылку французского вина, чтобы самому её и вылакать! А потом ещё за водкой побежит! А я его ждy опять
Пригласил меня в казино, потому что дурам везёт.

Подарил мне фен, чтобы меня током убило в ванне!

Подарил мне скульптуру какого-то неизвестного скульптора, чтобы я, как дура, не могла подружкам сказать, кто её вылепил!

Подарил ожерелье, чтобы я однажды за какой-нибудь гвоздь зацепилась, и мне голову оторвало!

Подарил туфли на низком каблуке - хочет меня унизить.

Купил туфли на высоком каблуке. Хочет, чтобы я ноги себе переломала, стала инвалидом, и потом можно было ортопедическую обувь со скидкой брать!

Он написал на асфальте под моими окнами: Я тебя люблю, Зина! Я это ему, гаду, ещё припомню, а Зинку убью.

На открытке написал, что ждал меня всю жизнь - намекает, что я опоздала на свидание. Или что я очень старая.

Он подарил мне вазу, чтобы я, не зная, куда её лучше поставить, впала в депрессию.

Подарил диск с записями Димы Билана - хочет, чтобы я ходила с заплаканными глазами и никому, кроме него, была не нужна.

Подарил мне цифровой фотоаппарат, чтобы я с ума сошла, читая инструкцию.

Saturday, July 14, 2007

Долоон сар

Наадам сайхан баяр юм аа. Хуушуураа ч идлээ, бөхөө ч үзлээ, хурданы морио ч харлаа, сурын харвааг ч сонирхлоо. Он айрынхны буянаар монголын телевизийг шууд үзэж сэтгэл баяслаа.
Би гэж хорвоо дэлхийд ганцаараа эжий ааваа алдсан хүн шиг л баяр наадам болохоор л тэр хоёроо үгүйлж баахан гунигладаг хүн л байхымаа. Аавтай наадам л хамгийн гоё байж дээ гэж бодогдоод л. За тэр миний хүний гуниг ч яахав. Харин Он-Айрынхны үйлс нь дэлгэрмээр ач буянаар үзэж хараагүй шинэ телевизийн суваг, нэвтрүүлэг үзлээ. Тэгсэн Унагалдайн мухлаг гээд хүүхдийн хөөрхөн нэвтрүүлэг байдгийм байна. Саяхны дугаар нь жигтэйхэн үндсэрхэг үзэл сурталтай болж өнгөрөв. Тэрхүү нэвтрүүлгээр унагалдай, хөтлөгч охин хоёр үл ялих зүйлээс болж маргалдаж, охин унагалдайг Монголоо мэдэхгүй гэж шүүмжлэнгээ "өвөр монгол юмуу, эсвэл хятад юм уу, чи яг хужаа байх аа" гэснээр том асуудал үүсч, улмаар бие биеээ "хужаа" гэж дуудаж, унагалдай нь охиныг "хужаагийн хийсэн хуушуур" гэснээс болж бөөн уйлаан майлаан болов. Хөтлөгч охин өөрийг нь "хужаа" гэж айхтар муухай доромжлолоо гэж тунирхан гомдож, нэвтрүүлгээ орхилоо гэж айлгаж сандаргав. Тэгж тэгж нэвтрүүлэг юм чинь эвлэрэв. Эвлэрэхдээ "хужаа бол энэ дэлхийн хамгийн муу хүн, "хужаа" гэж дуудах чинь хамгийн муухай доромжлол" гэж дүгнэж, дахиж бие биеээ ингэж муухайгаар хэлэхгүй байхаар хэлэлцэж тохиролцож бие биеэ уучлацгаав. Нэг тэрбум гаруй хятад хүн гомдвол гомдохоор л хэлээд тавьчихдаг юм байнаа.

Хэрвээ гэртээ хогийн сав, халтар аяга тавгаа цэвэрлэхгүй хайхрахгүй хаячихвал халуун зун ялаа батгана, хорхой жоом нь цуглараад, наргиан цэнгээн хийж, үр удмаа үлдээгээд, ёстой хутга тавихгүй идэж, хундага салгахгүй ууж, наадамдаж баясаж. Гал тогоогоо сайхан цэвэрхэн арчлахгүйн бол муусайн хар ялаа, заваан өт гэж мянга зүхээд, хор цацаад арилна гэж байхгүй.
Тэрхүү "дэлхийн хамгийн муу хүмүүс" орчлонгоос гэнэт алга болчихгүйгээс хойш өөрсдөө л бид эддээ эзэн нь болж, чадал мэдлэг сайтай л байж гэмээ нь буянаа хадгалахым биддээ.

За үг олдох нь. Үгийн цөөн, юбканы богино нь гэдэг үг сонссоноос хойш нуршиж чалчах эрс багассан шүү.

Wednesday, June 27, 2007

зэрэглээ гэв үү

Хайртай тэр маань зэрэглээ юм. Хорвоо дэлхийн худал хуурмагаас залхаж, үнэн бодитоос зугтаж, хөөрч нисмээр үед тэнд би байх дуртай. Хүсэл мөрөөдөл, далд бодлоо түүнтэй хуваалцах хамгаас сайхан. Аашны аясаар аядуу зөөлнөөр тойрон бүжиж, аргадан эргэлдэхэд нь улам эрхэлж тунирхаад суумаар. Атгаж барьж болохгүй байх тусам нь зэрэглээ тэрэндээ татагдана. Тийм нэг зэрэглээ дунд бусдаас өөрийгөө нуухдаа жаргалтай.

Би түүний зэрэглээ юм. Бодит ертөнц рүү буцаахгүйн тулд хөлд нь сууж, энгэрт нь асаж ялдам найланхайгаар ухаан санааг нь самууруулдаг юм. Тэр амьдрал чинь хуурамч юм, хамтдаа энд жаргая гэж ятгаж итгүүлдэг юм. Уран сайхан үгсээр шаглаж нэхсэн торго дурдан нөмрүүлж, халуун үнсэлт, янагийн энхрийллээр аргамжиж суудаг юм.

Миний зэрэглээ заримдаа зэрэглээ гэдгээ умартчихна. Би бас зэрэглээн дунд байгаагаа мартчихна. Цаг хугацаа зогсчих шиг болно.
Бид хоёр энэ замбуулинд хэзээ ч хамт байх тавилангүй, зэрэгцэн орших зэрэглээ юм.

Friday, June 15, 2007

нервтэх завтай гэж байгаа

За ойрд ном цаасандаа дарагдаад живэн алдан байна. Энэ хооронд интернетээр л хүмүүстэй холбогдож, амьдрал ямар ч байсан үргэлжилж байгааг мэдрэхийн. Амарсайхан ахын өмнө бичсэн комментыг тунчиг ухамсарлан хүлээн авч тэр дор нь амьдралдаа бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж, буузыг хөөсөн, хөөлгөөгүй хэлбэр галбиртайгаар хийж найз нөхдийн хамт идэв. Муу хүн идсэн ууснаа гэдэг болохоор энэ талаар блоглохгүйээ. Харин сүүлийн үеийн зарим мэдээллийн хэрэгслээр хүний царай зүс, нас хүйс зэргээр нь зүслэн дуудах, зарим нь бүр ялгаварлан гадуурхах, доромжлох байдал "ажиглагдаж", тэрэнд нь миний "эгдүүцэл" хүрч байна гэж жигтэйхэн. ТВ-8-н 6 сарын 4-ний мэдээнд тухайлбал харилцаа холбооны компаниудын автомат хариулагчийн талаарх мэдээнд Монголын цахилгаан холбоо компанийг хоцрогдсон өнгө аястай гэж шүүмжлэнгээ "жар эргэм насны Шаалуу дарга"-д юм бодох анхааруулга өгч байгаан. Зүгээр л Шаалуу дарга гэчихгүй, "жар эргэм нас" гэж тодорхойлохын учир юу байнаа? Ер нь бол шулуухан "жар эргэм насныхан хуучин нийгмийн үзэл санаанаас гараагүй" нөхдүүд гэж ойлгомоор болж байгаан. Бас энэ мэдээгээр Авилгалтай тэмцэх газрын даргыг янхир өвгөн, зэвүүн хүйтэн дүртэй гээд тодорхойлчихож байвал ямар вэ дээ. Тэрийг нь сонсоод миний баясаж байгаагээ. Тэр дор нь ингээд блогтоо тэмдэглээд авч байгаам.
Тэгсэн СБН гэдэг шинэ ТВ гараад ирсэн бололтой. Мэдээг нь үзэхээр бас зугаатай ч юм уу.
Саяхны 6 сарын 14-ний мэдээгээр УИХ-ын гишүүн Хүрэлсүх өөрийг нь гүтгэсэн мэдээллийн талаар ярилцлага өгч. "У.Хүрэлсүх 10 саяар хүн хөлсөлж хохирогчдын өлсгөлөнг зохион байгуулсан гэв" гэсэн мэдээ сонинд гарсан юм байж. Үүнийг Ша.Батбаярын хийж буй муйхар гүтгэлэг гэж мэдэгдэв. За тэр яахвээ. Гол нь ингэж хэлэхдээ У.Хүрэлсүх "Ша.Батбаяр залуучуудын ярьдгаар шаасан байна" гэчихиймаа, тэгсэн би урдаа байсан цаас, ном, кофетойгоо нурж унахаа дөхөв. Ёстой нүд ам мурийлгаж дух дагзанд гаргаад хаячихдгийм байна. Энэ хүн ингэж хэлснийхээ төлөө залуучуудаас түмэнтээ уучлал гуйх ёстой доо. Эсвэл би амьдралаас тасарчихсан юм уу? "Шаах" гэдэг үгийг би их бүдүүлэг хар ярианы хэллэг гэж ойлгоод байдаг. Энэ үгийг ер нь бол соёлт ертөнцийн боловсрол мэдлэгтэй, өөрийгөө хүндэлдэг залуус хэрэглээд байдаггүй гэж боддогийн. Тэгсэн Хүрэлсүх гишүүнийхээр бол нэг бол энэ үг хэвийн хэллэг болж эсвэл хэрүүлч уруулч, бүдүүлэг хэллэгтэй бүлгээр залуучуудыг тодорхойлох болж.
Бие биенийхээ dignity-г хүндлэхсэн.

Sunday, May 27, 2007

Бүтэн сайн өдрийн тайлан

Юу ч хийж гавиагүй мөртлөө хийх гэж байгаагаа бодсоор байгаад хийхээсээ өмнө бүр ядарчихав. Ийм үед нүдээ аниад, Монголынхоо сайхан уудам нутагт монгол гэрт унтаж байгаагаар өөрийгөө төсөөлнө. Хаа хол гэрийн эзэгтэйн дуу сонсдоод л, хааяа нэг үхэр хонь малын майлж, морь үүрсэх дуулдаж, сэрэх зүүрмэглэхийн завсрын үеийг ихэнхдээ төсөөлж, хавчиг ертөнц дөх ядарсан сэтгэлээ амрааж байна гэж хуурна. Монголд байгаа найзууд намайг наанаа аль болох удаан байхыг зөвлөж байхад би болохоор Монгол руугаа үтэр түргэн буцахын түүс болж байдаг. Буцаж очоод хөдөө их явдаг ажилд орчих юмсан гэж бодоод эндээс аялалын хувцас гутал зэхээд байдаг гэж.

Өнөөдөр нөхөртэй эмэгтэйтэй ярьж суув. Нэг өгүүлбэр...дараагийн өгүүлбэр бол түүний нөхөр, хүүхдүүд....нэг өгүүлбэр....дахиад л нөхөр, хүүхэд. Ганц бие найз бүсгүйчүүдтэй уулзахад нэг өгүүлбэр яваад л дараагийнх нь найз залуу яаж олох вэ...ахиад нэг өгүүлбэр...найз залуу яаж олох вэ.... Яг л нэг эргүүлэгт орчихсон юм шиг. Халж эхэлж байгаа хавчиг ертөнцийн халуун бөгөөд хавчиг сэдэв. Бассейнд ормоор санагдав.

Хаалга тогшоод Зүүн өмнөд азийн анд маань орж ирэв. Гэнэт л уйлаад эхлэв.Дайлчих юм хайж хөргөгчөө ухаж байсан би "Өө чи уйлж байгаа юм уу?" гээ л нээх цоглог асууснаа гэнэт өөрийнхөө хөлдүүг анзаарав. Би паникт оров. "Уйлж байгаа хүнийг яах ёстой билээ?" гэсэн гарын авлага тархинд бэлэн байдаггүй юм байна. Би өөрөө уйлах дургүй, хүний дэргэд ялангуяа мах цусны тасархай биш хүмүүсийн дэргэд бол уйлах байтугай нулимсаа ч харуулахгүй гэсэн хатуу дэглэмтэй болохоор хүн хажууд уйлаад ирэхээр яахаа мэдэхээ болчихов. Тэгтэл хүн уйлахаар тэвэрч аргаддаг киноны хэсэг санаанд орж, тэр даруй энгэртээ тэвэрч, байдгаараа аргадав. Уйлсан хүний шалтгааныг бүү асуу гэдэг ч гадаад хүнд бол энэ зарчим үйлчлэхгүй юм чинь. Гэр орноо санах, хичээл номондоо шантрах гээд гадаад хүнд тохиолддог л сэтгэл санааны хямрал байв. Тайвшраад, инээгээд гараад явлаа. Дахиад уйлмаар байвал би хэзээд тэвэрч тайвшруулахад бэлэн гэдгээ мэдэгдэв.

Ингээд өдрийн хамгийн бүтээмжтэй байдаг үе иймэрхүү өнгөрчихдгийм байна. Үлдсэн хугацаанд нь бууз. Энэ хорвоод бүх хүн миний хийсэн хоолыг "амнаас унамаар амттай" гэж голж байсан ч, дэлхийн хамгийн муухай амттай хоолоор шалгаруулсан ч миний хоол бол наддаа дэргэдэх хүндээ өгөмгүй, дээд уруулдаа хүргэмгүй билээ. Энэ бол өөрөө өөртөө хайртайгаа илэрхийлж байгаа хэлбэр юм шүү дээ.

Wednesday, May 23, 2007

нэг иймэрхүү, хоёр тиймэрхүү

Үндсэн хуулийн Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах нь зүйтэй гэж үзэв гэсэн мэдээг Сонин.мн-ээс уншлаа. Нямдорж, Ламдорж хэн ч байсан, огцорно уу үгүй юу гэдэг нь бус харин хагас хугас ч гэсэн тэмдэглэсэн хурлын протоколоос сонирхол татсан хоёр зүйл байв.

1. ...Цэцийн их суудлын хуралдаанаар Цэцийн гишүүдээс ч тэр, өргөдөл гаргагчдын зүгээс ч тэр хуулийн хувийн хэрэг, эх нооргийн тухай байн байн хөндөж байлаа. Тэд “Яахаараа танд хуулийн эх хувь байдаг юм бэ” гэж зэрэг шахам асуухад Ц.Нямдорж дарга “УИХ-ын гишүүд хууль тогтоох үүрэгтэй. Би хууль тогтоох дээд байгууллагад ажилласан 14-15 жилийн хугацаандаа өөрийн ажиллаж байсан бүх хуулийн эх хувийг өөртөө хадгалсан. Угаасаа хуулийн эх хувийг Тамгын газарт өгнө гэсэн журам байдаггүй юм. Нарийн яривал Тамгын газарт өгөх хууль байх ч үгүй. Ер нь би өөр дээрээ хуулийнхаа эх хувийг авч үлдэх эсэхээ мэдэж болно оо доо. Та нар эрхэм гишүүдийн бүрэн эрхэд хэтэрхий халдаж байгаа юм биш үү, халдах ч ёсгүй хүмүүс байж” хэмээн дуугаа өндөрсгөлөө... (Мэдмээр юм, аймаар юм. Нуруу руу хүйт даав)

2. ...Иргэн Б.Ламжав УИХ-ын дарга байнгын хорооны хуралдаан дээр долоон удаа үг хэлснийг нь нотолж, спикер түүнийг нь санахгүй байна гэхчилэн маргаан дахиад л өрнөсөн юм. УИХ-ын дарга тэднийг “Нэг их мундаг нууц үйл ажиллагаа явуулаад, муу муухайг илрүүлсэн мэтээр ярилаа” хэмээн буруутгаж, хаанаас материал олоод байгааг нь асуухад зарим өргөдөл гаргагч “Интернэтээс” гэж нэгэн дуугаар хариулав.... (Интернет мандтугай. Хүйт даасан бие буцаж бага ч гэсэн дулаацав)

Ойлгохгүй байна

Онлайн ТВ-ын мэдээ хальт сонсоод сууж байхнаа Хужирт руу зам тавьж байгаам байж. За тэр ч яахав. С1-ийн мэдээгээр бол зам гэдэг нэг хүний өмч болдоггүй, нийт олон үр ашгийг нь хүртэж хэрэглэдэг, амьдрал ахуйд ач тустай болохоор, ийнхүү зам тавьж байгаа нь их буянтай үйл болж байнаа хэмээн нутгийн зон олон баяртай байгаа юм байх.

Тэгээд яахав, би бодлоо л доо. Төр өөрийн хийх ёстой ажлаа хийгээд зам барьж байхад "бурханы хишиг, буянтай үйл" болгож байгааг миний мунхаг толгой үнэхээр ойлгосонгүй. Үнэхээр "нутгийн ард олон" ингэж бодож байгаа ч юм уу? Эсвэл сэтгүүлч зам барьж байгаа ажилд "ихээхэн ач холбогдол өгөх" гэж хүч нэмэгдүүлэн, ингэж хэлж байгаа ч юм уу? Ямар ч байсан энэ сэтгэхүйг ойлгохгүй байна.
Эгээтэй л ФМ рүү утасдаж "хөөрхий биднийг тоож, амьдрал ахуйг маань "дээшлүүлэх" гэж зам тавьж өгч байгаа "төр" юутай буянтайв, ингээд төрдөө баярлаж явдгаа илэрхийлээд Хар сарнай хамтлагийн Төр улс маань гэрэлтээсэй гэсэн дуугаар ая дууны мэнд хүргэмээр" санагдав. гэснээс би өөрөө энэ дууг сонсоогүй явж байгаа юм байна.

Үүнтэй холбоотой нэг зүйл нуршихад өмнө ажиллаж байхад, хурд гэж яст мэлхий болсон, арван жил хэрэглэсэн компъютерыг унжиж унжиж шинэ РС-гээр сольж өгөхдөө үүнийгээ "миний ажлын урамшуулал" гэж цохон тэмдэглэж "одоо тэгээд урьд өмнөхөөсөө сайн ажиллана шүү" хэмээн үүрэг өгч, "үнэтэй РС авсан болохоор энэ жилдээ шинэ юм авна гэхгүй шүү" гэж сануулахад би бас ерөөсөө ойлгоогүй. Ажил хийхэд шаардлагатай зүйлс бүрдүүлэх нь ажил олгогчийн үүрэг биш харин надад үзүүлж байгаа "урамшуулал" эсвэл "буян" гэж зүрх сэтгэлээсээ ойлгоё гээд ч чадаагүй.

Ямар учиртай сэтгэхүй яваад байгаа юм бол оо? Нээрээ би ойлгодоггүй юм. Хийх ёстой зүйлээ хийж байхад нь "хорвоо ертөнцийд байхгүй буянтай, баярлууштай" зүйл болгоод байдгийг огтхон ч ойлгохгүй юм.

Tuesday, May 15, 2007

хөлдүү хүн

Хоолны зугаа болгодог ТВ25-ын вебсайт ажиллахгүй, хөөрхий би Монголын талаарх мэдээ үзэхгүй байсаар ертөнцийн хөгжлөөс мянга, тэр бум алхам хоцроод байна уу үгүй юу. ТВ5-н сайт орж үзтэл бас л ажилласан ч үгүй. Мэдээнийх нь "Ноён Миронов тун ч бодь хүн бололтой" гэснийг нь сонирхож хараад ганцаараа баахан мушийвшд.
"Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ноён Миронов тун ч бодь хүн бололтой. Хүүхдүүд дуулж, хүмүүс инээлдэж алга ташин бөөн юм болж байхад бараг л хурал хийж байгаа юм шиг ширүүн төрхөө харуулан алгаа ташиж суугаа харагдсан. Уг нь оросууд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдагсан. Миронов гуай харин яасан хувирал багатай хүн гэж шивэр авир хийх ч дуулдсан шүү" Нэртэйгээр нь "Ноён Миронов тун ч хөлдүү хүн бололтой" гэчихгүй дээ.
За өнөөдөр явж визээ сунгуулах өргөдлөө өгнө. Орой нь Роппонгидож ч магадгүй үгүй ч байж магад.
Судалгааны ажлаа сайхан хийгээд дуусгачих юмсан. Бичиж байгаа асуудлын талаар удирдагч багштайгаа ядаж байхад үзэл бодол зөрөөстэй. Багш позитивист, би плюралист юм уу хаашаа юм. Нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа эрх зүй сайхан юм даа. Эрх зүйн ухаанд туйлын зөв ганц хариулт гэж байхгүй, хэд хэдэн ч хариулт байж болно. Тэр дундаас өөрийнхөө дэвшүүлж буй хариулт буюу шийдэл, ерөнхийлбөл үзэл бодлоо хамгаалах нь хамгаас чухал. Тэгээ л багш бид хоёрын бодол ондоо байх нь проблем биш, харин багшийг өөрийнхөө үзэл бодолд хэрхэн итгүүлэх вэ гэдэг нь хэцүү даалгавар байгаад байдаг.

За хө, анхны үрчлээс тогтохоос өмнө чамтайгаа учрах сан. Хийсэж дэрвэсэн залуу насны үд хэвийхээс өмнө чамтайгаа болзох сон. Дэргэд чинь тэгээд дэгдэж хөөрцөглөсөн дэггүй, бодлогогүй зангаа харуулах сан (ч гэх шиг...томруулдаг толинд өөрийгөө сайтар шинжиж харж суухдаа, хаврын сайхан өдөр болж байхад хатаж хорчийсон намрын навчис шиг шал негатив юм бодохымдаа )...

Monday, May 14, 2007

чамтай чамгүйгээр, надтай надгүйгээр хорвоо юугаар дутах билээ

Зовлон жаргалд үргэлж хамт байж, сэтгэл санаагаар байнга дэмжиж тусалж, тулж түшиж байсан найзаасаа салаад ямар гунигтай байнаа. Яг одоо түүний зөвлөгөө дэм ямар их хэрэгтэй байна гээч. Юу ч болсон бай, санаа зовох юмгүй найдаж болдог хүн маань байсан даа. Түүний дэргэд цэвэр өөрийнхөөрөө яаж ч байсан бүрэн дүүрэн ойлгодог хүн дээ. Бараг л чулуунд бүдрэв үү үгүй юу ингэчихлээ тэгчлээ гээ л урвагнаж гонгинож эрхэлж болдог найз минь юм даа. Юутай ч одоо ганцаараа бүхнээ болгохоос өөр зам үгүй. Ер нь хэн нэгэн хүнтэй удаан харилцаанд байх дургүй маань ийм яршигтай сэтгэл санааны торгоос, толбо дараа нь заавал үлдэж хоцордгоос болж байгаамшдээ. Ядаж байхад нөгөө найз нь хорвоо дэлхийд байхгүй хосгүй сайн хүн байвал салаа замаар мөр мөрөө хөөхийн цагт бөөн гуниглал, санаа алдалт, үгүйлэл үргэлжилнэ.

Ингэхэд огцом сэдвээс гажихад энэ Японы детектив олон ангит цуврал кино бүгд нэг хэмнэлтэй байхын. Манъяк маягийн этгээд баахан хүн алж талж, хойноос нь үнэн бүтэлгүй нэг мөрдөгч дэргэдээ заавал нэг салгалсан эмэгтэй дагуулаад л бөөн эрэл хайгуул хийнэ. Тэгж тэгж гэнэт нөгөө эмэгтэй нь айхтар АйКъю өндөртэй болж тодорч, анализ дүгнэлт хийсээр гэмт хэрэгтнийг кино төгсөхийн алдад тун хялбар илрүүлнэ. Хэрэгтэн нь яагаад ч юм далайн эрэг, уулын орой дээр ихэвлэн алсын бараа харсан зогсож байх бөгөөд мөрдөн байцаагч цагдаа магдаа сүргээрээ хүрээд ирнэ. Яаж ч байгаад тэр нөхрийг яг тэр далайн эргийн тохой, буланд, тэр цаг мөчид байгааг мэдчихдгийн бүү мэд. Зөн совин сайтай байдгийм шиг байгаан. Яг энэ үед нар хүртэл жаргахаа мартана. Алуурчин этгээд анжель дүртэй байх нь түгээмэл бөгөөд яагаад хүний аминд хүрэх болсноо нулимс цийлэгнүүлэн яг яаж ийж ямар арга барилаар хэрхэн аллага үйлдсэнээ иж бүрнээр илэн далангүй нүдэнд харагдаж гарт баригдтал тоочиход баривчлах гэж байсан манай талынхан түүнийг үнэн голоосоо өрөвдөж хайлна. Хохирогч этгээдийн өмнө үйлдсэн туйлын харгис, хэрцгий, муу муухай үйлдлээс болж хөөрхий манай манъяк хэрхэн зовж шаналж, ёстой аргагүйн эрхэнд алуурчин болсон байх нь олонтаа. Эцэстээ хүн алсан этгээдийг өрөвдөх үү, амиа алдсан хохирогчдын хохь нь болж уу, "ёстой болж хө" гэж хэлэх ч ёстоймуу бүү мэд болоод төгсөхийм. Хүнд муу юм хийвэл тэр хүндээ эргээд алуулж магадгүй шүү эсвэл хүн хүнээ араатан болгож байгаа зэрэг сургамжтай. Манай талынхан манъякаас яаж дутах вэ, бас түүнийг яг алуурчин гэдгийг хэрхэн яаж илүүрлэснээ дэлгэрэнгүйгээртайлбарлана. Тэгэхэд нь киноны явцад хөргөгч хоол эргүүлж анхаарлаа сарниулсан бас угаасаа хэлний бэрхшээлтэй, АйКъю муутай миний хувьд магнай тэнийнэ. Учир нь ямар ч Япон хэлгүй бас мангар тэнэг хүн ягштал ойлгохоор бүх хэргийн явцыг эргэж нэгд нэгэнгүй харуулдгийн. За тэгээд бүтэлгүй мөрдөгч эсвэл дагуул эмэгтэй нь бурханы элч гэлтэй сургааль айлдснаар хэрэгтэн ихэвчлэн буруугаа бүрэн дүүрэн ухамсарлах бөгөөд "цагдаагийн ажилд бөөн төвөг тарьсандаа" гүнээ хүлцэл өчинө. Юун Холливудын кино шиг зодуулж нүдүүлэх дээрээ тулах эсвэл өмгөөлөгчөө дуудаж муудах. Тийм хүнд суртлын асуудалгүй гаргаж цаг баралгүйгээр алуурчин мэдүүлгээ төвөггүй өччихнө. Зарим нь хутга, хумсны хайч гэх мэт гарын дор зүйл гаргаж ирээд амиа хорлох үйлдэл хийх бөгөөд манай талынхан паниканд орчихдог юм уу яадгийн хөдөлж ядсаар таарна. Ихэнх нь бүгд иймэрхүү. Иймэрхүү рааманд л яйжигнана.
exhausted.

Wednesday, May 9, 2007

хавар хурдан дуусаад халуун зун гараад намар өвөл гээд нутаг буцах юмсан

Ойрд дипломын ажилдаа хамаг эд эс, молекул бүрээ зориулж, элдэв зугаа цэнгэл, наадам наргианыг ор тас мартчихжээ. Миний бичиж байгаа сэдэв чухам л энэ хорвоо дэлхийг арван таван толгойт атгаалжан хар мангас, үер ус, зовлон зүдгүүр бүхнээс салгах үр шим, үндэслэл зорилготой гээ л үнэн дүрдээ итгэж, өвчилж байнаа. Үнэндээ юу шалих билээ дээ.
Азийн орнуудаас голлон бүрдсэн найзуудтайгаа тааралдахаар толгой дохих ч мэдрэлгүй, ном бичиг улайран шагайсан хүмүүс байхым. Хорвоогийн эрээн барааныг харж шүүж муулж магтаж ярих монгол хүн дэргэд байхгүй болохоор хэл амны загатнаа туйлдаа хүрэв. Над шиг өнөөдрөөрөө амьдарч, өөрийгөө эрхлүүлж, гэдсээ илж, гиюүрч балайрч байгаа хүн алгаа алга.
Ясны чалчигнуур миний хувьд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд хичээл давтлагын өрөөний хөрш хятад залуугийнхаа ханцуйг дугтчин хушуугаа цорвойлгож хоолойгоо гонгиносон хөг дээр нь тавьж байгаад л "намайг тоох хүн энэ хорвоод алга, илга" гээ л зовлонгоо тоочиж. Манай хятад хөрш ч тэвчээрийн дээд хутгыг олсон уу гэмээр бас халамжтай нөхөр байдаг болохоор, хийж байсан зүйлээ хойш нь тавьж байгаад л хэн, юу, яасан ийснийг маань асуув. Нэг ч гэсэн хүн хэдхэн минут ч гэсэн надтай чалчигнах гэжийгаад туйлаас баярласан би бээр харилцан яригчаа амархан алдчихгүйн тулд хушуу амаа урвайлгаж байгаа л ярив даа. Хамгийн гол нь өнөөх л Спайдермэнээ ганцаараа явж үзмээргүй байгаад л асуудлын учиг уятай байгаам.
Өө, манай хятад найз ч хөмсгөө нэг өргөн хоёр буулган, шанаагаа тулан, нүдний шилээ арчин арчин аймаар анхааралтай сонссон ч гэж ярихым биш. Миний "дурлал"ын бэрхшээлт асуудлыг сонсож дуусаад "Орчин үед глобальчлалын нөлөөнд Азийн хүүхнүүд их өөрчлөгдсөн. Монгол эмэгтэйчүүд харьцангүй нээлттэй байдаг юм шиг. Хятад хүүхнүүд ч сүүлийн үед эрэгтэй хүнийг хүлээж суулгүй өөрсдөө ярьдаг болж байгаа" гэж ирээд л ихэд нухацтайгаар хариулж байнаа. Ер нь намайг таалагдсан залуу байвал өөрөө л утасдаж залга гэж зөвлөж, би тийм залуу хаанаас яаж олохыг лавлаж байтал нэг мэдсэн дэргэд Солонгос, Мъянмар хоёр жигтэйхэн анхааралтай сонсчихсон зогсож байхын. Мань хоёр ч ярианд оролцож. Ингэсээр хэлэлцүүлэгт оролцогчдын тоо өсөн нэмэгдсээр давтлагын өрөөнд байсан найман гадаад оюутнүүд бүгд тойроод миний дурлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нээлттэй хэлэлцэж эхэлдгийм байна. Арван минутын өмнө номтой нүүрээ наачихсан, дүнсгэр мөрөн байсан нөхдүүдийн нүд нь сэргээд дуу нь чангараад. Үндсэндээ миний проблем олон улсын төвшингийн асуудал болон хувирч, юууун дэлхийн цаг уурын дулааралт, хүрээлэн буй орчин, терроризм, ядуурал, авилгал.
Ихэнх нь өөрсдийн орны залууг санал болгож үзэж байнаа бас. Хамгийн тэс хөлдүү боловч оновчтой санал бол интернетээс Спайдермэнээ татаж аваад үзэх зөвлөгөө байлаа. Болохгүй бол хэн нэгнийг чирээд киногоо үзэх нь ч үзэж л таарна.

Аа семинарын Узбек оюутан хаврын амралтаар сар хүрэхгүй эх орон руугаа яваад ирэхдээ хуримаа хийчихсэн, түүнийхээ бичлэгийг үзүүлж барив. Гэргийтэйгээ танилцаад гурван долоо хоноод хуримаа хийсийм байж. Энэ хорин нэг хоногт гурван удаа уулзсан гэж байгаан. Мөн ч амархан юм аа. Ёстой түргэн авна гэдэг л байх даа. Тэгсэн өөр нэг Узбек аав ээж нь эхнэр олоод хуримд нь бэлдээд мань эр нүүр тулж танилцаагүй мөртлөө амралтаараа шууд давхиж очиж гэрлэчихээд буцаж ирээд хагас жилийн дараа эхнэрээ энд авчирч тухтай танилцсан юм байх. Зарим нөхөд жишээлбэл надад гэрлэлт барилт яг л зэрэглээ шиг, бүр аймраар зүйрлэбэл дөнгө, гинжинд хүлээтэй санагдаж бөөн комплекс болж байхад зарим нь ч амархан асуудлаа шийдэх юм аа. Мань узбек нөхөр тэгсэн надад Найз залуу, нөхөр хоёр чинь ондоо зүйл шүү дээ, ялгаж салгаж харвал амархан сууна ш дээ гэж "нөхөрсөгөөр зөвлөв" дөө.

За за, одоо буцаад тезисийн сэдвээ эрэгцүүлэн бясалгах, эргүүтэн сүүмэлзэх ажлаа үргэлжлүүлье дөө.

Sunday, May 6, 2007

Марубени

Үүгээр алдарт Марубенигийн хэргийн шүүхийн шийдвэрийг орж үзнэ биз ээ. Чухам юу болоод яачихсан, хэн юу гэж хэлсэн энээ тэрээ, бас Английн худалдааны шүүхийн шийдвэрийн нотлох баримтын болон эрх зүйн үндэслэлийг уншиж үзэхэд сонирхолтой байх болов уу.

Марубени хэргийн шийдвэр
Марубени хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр

Tuesday, April 17, 2007

спайдермэн 3 үзмээр санагдах үед

Нүд цавчлахын зуургүй хүү хаа гээд өнгөрөөд байх энэ өдөр хоногийг аргамжаад, хүлээд, дөнгөлөөд жаахан ч гэсэн зогсоомоор (Японы шал тэнэг олон ангит кино угсруулж үзээд эргүүтсэн толгойгоо базлахдаа харамсах үед)
Хорин нэгтэй байх үеийнхээ бодлогогүй, хэнэггүй өөртэйгээ уулзаж жаал зэмлэмээр. (Интернетэд давхиж яваад баахан зураг үзэн суунгаа гэнэт "энэ чинь нээх таньдаг хүн шиг, хэн билээ хө" гэж таньж ядахын эцэст анхны үерхэлийн баатар байсныг санах үед)
Хэн нэгнийг удаан гэгч нь тэвэрч, нүдээ анин зүүрмэглэж орчлонгоос нэг секунд ч болсон тасармаар. (Үүрээр, чийг даасан цэвэр агаар амьсгалж, Монгол дахь зуслангийн байшин, ойн төгөл нүдэнд харагдах үед)
Өөрийнхөө биед эвдэрч гэмтэж хэмхрээгүй, цоо эрүүл элэг, гэдэс, ходоод, уушиг, зүрх, 32 цагаан яралзсан шүд гээд шилжүүлэн суулгамаар (Хэдхэн грушиг пяав уугаад давахаа байж, амархан шартаж хөнжилдөө шургачихаад гуниж байх үед)
Хулгай хийж, хүн алж, хов жив хөөцөлдөж, хор найруулж, элдвийн нүглийг үйлдэж явсан биш дээ, ямар би. Диваажинд аав ээжтэйгээ уулзчих санаатай байдгаараа л буян хийх гэж ядаж байгаа намайг бурхан харж үзээд бушуу түргэн дурлал хайртай учруулмаар юм (Спайдермэн 3-ийг ганцаараа үзмээргүй санагдах үед)

Sunday, April 1, 2007

элийрэл

Инээдмийн баяраар эрхэм спикерийн хэвлэлийн бага хурлын мэдээ л хамгийн их мушийлгаж баясгав. Би угаасаа хүний мууд дуртай гэж өмнө нь бичсэн бил үү? Үгүй бол үүгээр үнэнээ өчье. Би бээр хүний ул шагайж, хэлсэн барьсан зүйлийг мушгин гуйвуулж, эсрэгээр нь ойлгож, эргүүтэж мээктдэг эвгүй зантай нэгэн билээ.

Нямдорж спикерийн мэдэгдэл ч гэхиймуу ярилцлага ч гэхиймуу зүйлийг уншаад эрүү ам, уруул завьжны дасгал овоо хийчихлээ. Одоо ингээд үүнээс юу ойлгосноо хуваалцъя.

Хуульч гэхээр л хэдэн хууль л цээжиндээ багтаасан ДИМА нар байдаг гэж зарим хүмүүс ойлгодог. Тэгвэл ёстой андуурч байгаа нь тэр. Хэдийгээр нийгмийн салбар ч гэсэн математик, логикийн мэдлэг их шаарддаг эд шүү дээ, хуульч байна гэдэг. Өмгөөлөгч нар чинь тэр чигтээ логикийн гажуудлыг хэрэглэж байж ял шийтгэлээс мултруулж, хөнгөрүүлнэ. Хэрэв эрүүгийн ноцтой хэргийн шүүх хуралдаанд сууж үзсэн бол “Энэ хүн хэдийгээр 8 хүнийг онц хэрцгийгээр алсан гэж шүүгдэж байгаа ч хохирогч этгээд яг энэ хүний гарт амиа алдсан гэж гэрчлээгүй байна. Миний өмгөөлүүлэгч эцэг эхгүй, ганц байгаа эмээ нь өндөр настай өвчтэй, харах асрах хүнгүй юм. Өмгөөлүүлэгч маань эрүүлдээ дөлгөөн сайхан зантай, архи уухаараа л ухаанаа алддаг. Архи л буруутай. Ингээд ялын дээд шийтгэл авчихвал хөрш эмээ өвөөгийн түлээг хэн хагалж өгөх юм бэ? Эмнэсти Интернэйшнл ээ” гэхчилэн хүн уярч нохой гасламаар сайхан ярина. Хүчингийн хэрэгт бол "Яах гэж гуяа гаргасан юбка өмсөж явсан юм бэ? Энэ хүүхэн өөрөө л өдөөн хатгасан байна шүү дээ" гэх мэт. За тэр яахав.
Их хурлын дарга яриандаа аргагүй олон жил хуульчийн мэдлэг туршлага хуримтлуулсан юм гэсэндээ логикийн гажуудлыг их сайхан хэрэглэсэн байна.
Тухайлбал “Ашигт малтмалын тухай хуулийн нэгдvгээр зvйлийн “Зорилго” гэсэн зvйлд, “Энэ хуулиар ашигт малтмалыг ашиглах, хайгуулын болон уурхайн эдэлбэрийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэсэн байдлаар анх надад ирсэн. Хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийг хамгаалах гэсэн зvйл угаасаа байхгvй. Зvгээр л, сул vг явж байсан. Энэ хэдэн vгийг хассанаар болохоо байчихсан юм байхгvй” гэж. Нээрээ энэ бол их зальтай логикийн гажуудал байгаа юм. Энэ аргыг амьдралд хэрэгжүүлвэл их олон хэргээс гэмгүй мултарч чадна. Жишээ нь эхнэр чинь бууз хийх гэсэн юм, байцаа, сонгино, мах аваад ир гэхэд нь та байцаа авахаа мартчихсан байя л даа. Гэтэл эхнэр чинь яагаад байцаа мартчихдаг юм бэ гээд л буугаад ирэхэд нь “угаасаа хэзээ анх бууз хийхэд байцаа хэрэглэдэг байсан юм бэ, байцаа бол сул ногоо, байцаагүй бууз хийлээ гээд болохоо байчихсан юм байхгүй” гээд л болоо. Нам шүү дээ. Ингээд байцаа мартсан хариуцлагагүй нөхөр биш харин ч эхнэртээ яаж хоол хийхийг заасан боссын дүрд дороо хувирна.
За тэгээд Үндсэн хуулийн цэц гэж нээрээ улс төрийн бүлэглэлийн гарт орчихсон байгааг эрхэм спикер гурван зүйлээр нотолсон байна шүү дээ:
Нэгд: Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулна гэсэн санал гаргаснаар хөөрхийг минь ноолж, ноцох үндсийг тавьж.
Хоёрт, Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг огцруулахгүй гэсэн нь муусайн ашиг сонирхол хөөгчдийн эгдүүцлийг төрүүлж.
Гуравт, үүнийг харин цаг нь болохоор хэлнэ гэж нууцалж.
Айхтар хүн болохоороо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэл болсон хэсгийг няцаах гэж хий мунгинаж мангарталгүй, асуудлыг нийгэмд бухимдал төрүүлж байгаа зүйл рүү хандуулсан байгаа юм. Ингэснээр хуулийн хэдэн үгийг сольж хассан нь найруулга, дэс дарааллын шинжтэй засвар мөн үү биш үү, эсвэл агуулгын шинжтэй засвар уу, мөн гишүүдэд засвар хийсэн хуулийн төслийг тараахдаа чухам ямар хэсэгт ямар засвар хийснийг тодорхой харуулж уу үгүй юу зэргийг тодорхойлох гэж цаг барж бас өөрийнхөө буруутай үйл ажиллагааг өөрийн гараар батлах гэж балайрсангүй. Ер нь Үндсэн хуулийн цэц улс төрийн буруу бүлэглэлд австны улмаас л хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна ш дээ.
За тэгээд цаашлаад эрхэм спикер маань өөрийгөө Монгол тєрийн тєлєє ажилладаг. Монголын тєрд харш юм хийвэл хэнд нь ч юу ч гэж хэлж мэдэх, ийм л хvн гэж бодож явдгаа нуулгүй хэлж. Нээрээ ч Их хурлын дарга маань ийм л хүн шүү дээ. Та нар санаж байгаа биз дээ. МАХН-ыг шинэчлэх гэсэн нөхдийг буудаад алчих юмсан гэж ТВ-ээр хэлж хэсэг шуугисан даа. МАХН-ыг шинэчилнэ гэдэг чинь Монголын төрд харш болохоор л тэгээд хэлчихсэн юм шүү дээ. МАХН-ыг шинэчилнэ гэдэг чинь МАХН-д харш төдийгүй Монголын төрд гэмтэй зүйл гэдгийг мэдээд байна, мэдээд байна.
Их хурлын дарга “Монголд сонирхлын бvлэглэлvvд гарч ирж байгаа нь нууц биш. Бvх юмыг худалдаж авах, бvгдийг эрхшээлдээ байлгах сонирхол байгаа нь ч нууц биш. Монголын улстєрийг хордуулж байгаа гол аюул л энэ шvv дээ. Vvнээс л тєр салах ёстой. Ашиг сонирхол байна уу гэвэл, дээд зэргээр байна. Тєр, мєнгє хоёрыг холдуулах шаардлагатай. Надад ийм бvлэглэл гэж юм байдаггvй. Надад сонин, телевиз байхгvй” гэж мэдэгдсэн байна. Өнөөдөр улс төрийн балиар бүлэглэлүүд монголын ард түмнийг хордуулах сонин, телевизтэй болж, түүгээрээ эрхэм спикерийг элдвээр гутаан доромжилж байгаа. Гэхдээ ийм сонин телевизд Үнэн сонин, ТВ5, ТВ9, Улаанбаатар ТВ зэрэг хамаарахгүй. Эдгээрийг хор тайлах ерөндөг гээд ойлгочих хэрэгтэй.
Эцэст нь, их хурлын даргын Монголын төрд зүтгэхэд улам хэцүү болж байгаа гэсэн хэсгийг уншаад өр зүрх үнэхээр өвдөж, өрөвдөж, уйлангаа алдлаа. Хөөрхий минь, нээрээ их л зовж зүдэрч байгаа юм байна. Амьддаа бие биеээ хайрлая хүмүүс ээ.

Friday, March 23, 2007

Хаврын синдром

Гэрийн гадаах сакура юу юугүй цэцэглэх нь ээ. Гоё юмаа, сакура мод гэдэг. Намар нь хамаг навчсаа гүвж хаячихаад ичих ч үгүй өвөлжингөө нүцгэн гозойчихоод л. Эв хавгүй биеэ ил тод гаргачихсан мөртлөө юунаас ч юм нэг л их залхсан шинжтэй ихэмсэг байхым. Тэгээд хавар нь дуртай дургүй цэцэглэнэ. Дор нь суугаа хүмүүсийг өрөвддөг ч юм уу яадаг ч юм ягаан цэцэгсээ дээрээс нь хаялна. Ингээд л дараа нь нэг юм ногоон навчсаа дэлгээд өөрийгөө нуучихна.
Гоё юм аа, сакурагийн мод байх. Дуутай, шүлэгтэй гэж байгаа. Романтик нэг нь өөрт нь зориулж шүлэг дуу зохиож суудгийг энэ мод ер нь мэддэг юм болов уу? Ингэхэд сакурагийн цэцгээ дэлбээлэх үедээ л хүмүүсийн нүдийг булааж сэтгэлийг баясгахаас бусад цагтаа энгийн л нэг мод болчихдогоо ойлгодог болов уу?

Арван наймт шиг дурлах юмсан... Над руу харахад нь нам цохиулсан юм шиг болоод л, дөхөөд ирэхэд нь зүрх цээжнээс сугарч гарах гэж байгаа юм шиг цохилж, гар хөл салгалаад л, үг дуугарахад нь хэл ам ээрч муураад, инээмсэглэхэд нь газар дээрээ хайлж урсаад, яваад өгөхөд нь ярих болов уу гэж утсаа барьж сэрүүн зүүдэлж дэмий мөрөөдөөд л, уулзах болзох болвол үүрээр босоод өмсөх хувцсаа сонгож ядаж толины өмнө эргэлдээд л, дурлал гэдгийг мэдрэх юмсан.

За элийрэх балайрах яахав. Уул нь сакурагийн модыг хараад хүний анхаарлыг татаж, хайрыг булаахын тулд яалт ч үгүй гоо сайхан, хөөрхөн байх хэрэгтэй юм даа л гэж бодсноо л тэмдэглэх гэж байснаа хадуурчихлаа. Өвөл "энэ чинь сакурагийн мод шүү дээ" гэж хэлэхэд хэн ч тоож харах ч үгүй. Харин цэцэгс нь дэлбээлэнгүүт л бөөн баяр хөөр. Даанч тэр сайхан гадаад үзэмж түрхэн зуур л үргэлжлэх юм даа. Мод бол мод л шүү дээ, хөөрхий.

Ха ха. Ойрд баахан романтик дурлалын кино үзээд дээр нь хаврын урь ороод хайр дурлалыг гэнэт үгүйлдэг байна шүү. Одоо яршиг аймшгийн эсвэл цуврал аллагатай киногоор занимаалданаа.

Wednesday, March 21, 2007

Миний гурван бухимдал

Хэд хоног блог интернетээр хэсэж тэнэлгүй алга болж болж ирсэн чинь ямар ч их юм болоод өнгөрсөн юм бэ дээ. Уул нь би Хоккайдогийн аялал жуулчлалын семинарын үргэлжлэлийг бичээд гаргах гэсэн чинь алдаа өгөөд алга болчихсон. Тэгээд бас бус юм бичмээр байсан ч гэнэтийн бөгөөд давагдашгүй хүчин зүйлс тохиолдов.
Хүн амьтантай уулзахгүй учрахгүй гээд гэртээ бөгчихөөд амар тайван амасхийе гэтэл яаж ийж байгаад хошин шогийн үзэгдэл шиг сонин юмтай учрах юм аа. Ингээд өөрт тохиолдсон явдлаа сонирхуулъя.
Нэгдүгээр бухимдал.
Өнгөрсөн жил миний ажиллаж байсан байгууллагын зохион байгуулсан бизнес аялалын шугмаар ирсэн Монголын бизнес эрхлэгч хүмүүстэй хальт танилцаж, хугас өдөр Токиогоор хамт явсан юм. Нэр усаа ч сайн мэдэлцээгүй явцгаасан гэж байгаа. Гэтэл саяхан тэр аяллаар ирсэн нэг эмэгтэй Японд иржээ. Уулзав. Тэгсэн "Танайд хоноё" гээд л, нэг мэдсэн долоо хоног огт танихгүй мэдэхгүй хүнийхээ хөтөч болж гүйв.
Бид хоёрын яриа нэг иймэрхүү болж өнгөрөв:
- Та тэгээд Японд ямар ажлаар ирсэн юм бэ?
- Японыг үзэе, ямар улс юм бэ, шинэ бизнес олох боломж юу байна гэдгийг судлах, сонин шинэлэг зүйл юу байна мэдэх гэж л ирлээ.
- Та хаагуур явах, хаана байрлахаа яаж төлөвлөсөн юм бэ?
- Би тэрийг мэдэхгүй ээ. Хаана байрлах, хаагуур явахаа мэдэхгүй байнөө. Хэл ус мэдэхгүй ш дээ.
- Та тэгвэл таньдаг мэддэг хүнтэй биз дээ?
- Байхгүй ш дээ. Одоо зүс мэдэхээс чи л байх шив дээ.
- Зочид буудал энд доод тал нь 6000 иэн байдаг шүү дээ.
- Эгчид нь тийм их мөнгө байхгүй ээ.
- Одоо тэгээд яах вэ?
- Харин би яах вэ?
- Та тэгээд зочид буудалд байрлаж чадахгүй, хаашаа явахаа мэдэхгүй, хэл усгүй, таньдаг хүнгүй, байрлах газаргүй, юу үзэж харахаа ч мэдэхгүй, мөнгө төгрөг муутай ирсэн юм уу? Ямар сонин юм бэ? Юу ч мэдэхгүй хүний нутагт ингээд ирж болж байгаа юм уу?
- Харин болох л байлгүй л гэж бодоод. Наашаа гарахын өмнө Гандангийн их сайн ламаас асуусан чинь "болно болно, яваад ир, зүгээр" гэсэн. Тэгээд л ер нь явъя гээд л яваад ирсэн.
Товчхондоо нэг иймэрхүү. Ийм л юм болсон юм даа гэдэг шиг. Ингээд ор хөнжлөө хүнд өгчихөөд, үлээвэр найрал хөгжимд нь чих дэлдийн, өөрөө дээлээ нөмрөөд нөмгөн унтах хэвтэхийн завсар долоо хоноход их зүйл бодогдов. Энэ Алтантүрүү гэдэг залуугийн Танайд хоноё нэвтрүүлэг хүмүүст бас буруу хүмүүжил олгоод байдаг юм уу хаашаа юм. Үгүй ч гэж хэлэх хэцүү, тэг ч гэж хэлэх хэцүү юм. Угаасаа худлаа ярьж чадахгүй болохоор би ийм тийм ажилтай гээд хаяад явчихаж зүрхлэхгүй юм. Нөгөөтэйгүүр би тийм ч ариун сайхан сэтгэлтэй, тусч цайлган хүн биш юм аа. Угийн зожиг хажиг хүн. Сүүлдээ гар хөл, хэл ам нь болж үйлчилж явсаар байгаад "урилгагүй зочноосоо" төвөгшөөж, хурдан яваасай гэж бодож эхэлсэн гэж байгаа.
Тэр эгчийн ажил нь бүтлээ гээд надаас илүү Гандангийн ламд л баярлаж улам их шүтэн биширч байсан. Харин би бол ламын уншсан маань мэгзэм номонд автсан объект л болчих шиг санагдаад инээд хүрээд л байлаа.
Хөдөө нутагт манай малчин айлд хэн ч буусан зочломтгой сайхан зангаараа угтаж үдэж явдаг шүү дээ гэж бодохоор өөртөө шүүмжлэлтэй хандмаар ч юм шиг. Гэтэл огт мэдэхгүй хүн хаалга тогшоод танайд хэд хоноё гээд зогсож байхад Өө тэг тэг гээд оруулах хотын айл ёстой бараг байхгүй гэж бодохоор өөрийгөө зөвтгөмөөр. Токиод монголчуудыг арай хямд байрлуулдаг байр байдаг юм болов уу? Энэ бол өөртөө бухимдсан бухимдал байлаа. Харин энэ бухимдлыг эерэг байдлаар харахым бол их олон ололттой зүйл бий. Тухайлбал тэр хүн эндээс мэдэх ёстой зүйлээ мэдэж аваад бизнестээ шинэ санааг нэвтрүүлж тухайн салбартаа тодорхой хэмжээний шинэчлэл хийж чадвал хожим би долоо хоногийн нойроо алдсныхаа төлөө баярлах болно гэх мэт.

Хоёрдугаар бухимдал.
Токиогийн дэргэд Чибад байдаг үзэсгэлэнгийн газарт Хүнсний экспо болж тэрийг сонирхов. Их л олон орноос оролцсон том үзэсгэлэн байлаа. Ер нь ийм газраар явж байгаад бизнесээ олчих боломжтой л юм байна. Би ч бүр бизнес эрхлэгчийн дүрдээ итгээд цам харайн, галууг дуурайж хөлөө хөлдөөх дөхөв. Хамгийн сонирхолтой нь Өмнөд Солонгосын үзэсгэлэнгийн талбайд явж байгаад Монголын жамц давсаа хараад жигтэйхэн гайхлаа. Жамц давсыг том, жижиг, савтай, ууттай гээд төрлөөр нь тавиад, дээр нь Монгол жамц давс гээд биччихсэн байв. Бас болоогүй ээ жамц давс эрүүл мэндэд туйлын сайн, гоо сайхныг тэтгэгч гээд л бөөн сурталчилгаа. Хоолондоо ч хийгээд, банндаа ч хийгээд их л олон зүйлийн шидтэй эд юм байх. Манай давс ингээд Өмнөд солонгосын бүтээгдэхүүн болчихоод заларч байхыг хараад маш их харамсалтай санагдав. Байгалийн давсыг буталж аваад, уутлаад тавихад тийм их ухаан хэрэгтэй гэж үү.
Энэ бол бүтээлч сэтгэлгээгүй, залхуу бизнес эрхлэгчдэдээ бухимдсан бухимдал байлаа. Гэхдээ монголын гэсэн зүйлийг тэнд олж харсандаа баярласан. Энэ бол бидэнд боломж байгаа шүү гэдгийг нотолж байгаа нэг л зүйл. Өөр зөндөө бизнесийн боломж бидний гар дор, нүдний өмнө бий. Үлдснээ гадаадынханд алдалгүй өөрсдөө өөрсдийнхөө зүйлд эзэн болж зан зээлээ эзлэх нь л чухал байна.

Гуравдугаар тохиол.
За энэ бол цэвэр миний хувийн нерв байв. Саяхан бас тохиолдлын журмаар хоёр монгол залуутай тааралдаж танилцав. Нэг нь насаар надаас хамаагүй ах, нөгөө нь бүр ч хамаагүй дүү. Нэр усаа мэдэлцэв үү үгүй юу л хоолны мөнгөө яаж олдог юм бэ? ажил хийдэг үү? нөхөртэй юу гээд л байцаагаад унах юм. Яг ийм болохоор л би хүмүүсээас дайжиж явдаг юм. Тэгээд л яахав үнэнээ хэллээ дээ:
- Чи яаж мөнгөө олж байна?
- Улсын тэтгэглэгээр сурдаг юм аа.
- Ажил хийдэг үү?
- Хийдэггүй ээ. (Манай тэтгэлэгийн дүрмээр ажил хийхийг хориглосон байдаг л даа. Гэхдээ ийм тийм учиртай гээд олон долоо юм тоочоод байх төвөг төвөг)
- Тэгээд юу хийдэг юм бэ?
- Хичээлээ л хийнэ.
- Тэтгэлэг чинь тэгвэл их юм байна л даа. Хэд юм бэ?
- Их биш ээ. Байдгаараа л хэмнэж байж л амьдарна шүү дээ. (Миний мөнгө хэнд ямар хамаа байнаа???? Дор дороо л өөрсдийгөө хичээж л амьдрана шүү дээ)
- Хн, яаж чам шиг мөнгөтэй болох вэ? Мөнгө төгрөгөнд санаа зовдоггүй ээ. Ганц бие үү?
- Тийм. (Шал тэнэг юм аа. Мөнгөний боол нь биш эзэн нь л болж явах хэрэгтэй ш дээ. )
- Өө за за. Ганц бие юм чинь бүүр ч их мөнгө хурааж байгаа биз дээ?
- Тийн ш дээ. Мөнгө хураагаад байсан чинь гэрт багтахгүй, заримыг нь шатаагаад л, ураад л суудгийн. (Ишшш чааваас даа. Ямар ч ядуу сэтгэлгээ, богино хараатай юм бэ дээ. Эр хүн юм бол надтай биш Билл Гэйтстэй барьцалдаж атаархаж амьдрана биз дээ. Тэгээд ч энд хураасан мөнгө Монголд угсармал орон сууцны байрны жорлон, банны өрөөг худалдаж авахад ч хүрэхгүй. Хөөрхий, хаа газрын ядуу орны иргэд л бие биеийнхээ хөрөнгө мөнгийг тоолж бодож суудаг юм шиг байгаан.)
- Ганц бие байгаад байж болохгүй ш дээ. Одоо хүнтэй суугаач. Хүнтэй суухгүй бол одоо нөхөр олдохгүй дээ.
- Болно биз дээ.
- Хурдан одоо хүнтэй суу. Хүнд хань маш их хэрэгтэй ш дээ. Монголоор дүүрэн ганц бие хүүхнүүд. Хн.
- Харин нөхөр дэлгүүрт зардаг бол очоод аваад суучихмаар л байна. Даанч зардаг, түрээслэдэг эд бараа биш болохоор хэцүү юм даа. Заяа тавилангаараа учрах биз (Ер нь миний хүнтэй сууна уу барина уу хэнд ямар хамаа байнаа? Намайг хүнтэй суухгүй байлаа гээд, суулаа гээд хальт тааралдаад өнгөрч байгаа энэ хүнд ямар ч ашиггүй биз дээ? Ер нь анзаараад байхад хүнтэй суучихсан гарууд л иймэрхүү зүйл хэлж байх юм. "Би хүнтэй суучихсан, ёстой гоё. Чи харин ганц бие, өрөвдмөөр" гэсэн өнгө аяс цаана нь л нэг цухалзаад байна гээч. Яахаараа хүмүүс хүний хувийн орон зай руу шууд довтолж, зөвшөөрөлгүйгээр орж ирдэг байнаа. Их л бүдүүлэг зүйл биз дээ. Хүний амьдрал хүнтэй сууснаар хэмжигддэг өчүүхэн явцуу зүйл биш байлгүй дээ)
Энэ бол бусдын амьдралд хушуу дүрж, юуг нь ч мэдэхгүй, намайг таних ч үгүй байж шууд дүгнэлт өгч, загнаж, зөвлөж, шүүмжилж, атаархаж, хорсож, муулдаг хүмүүст бухимдсан бухимдал байлаа. Гэхдээ ийм хүмүүстэй уулзсаны дараа өөрийнхөө ганц бие байгаад улам сэтгэл хангалуун болдог юм. Юу хүссэнээ хийх эрх чөлөө. Хэн нэгэнд найдаж, мөр гарыг нь түшиж, хамгаалагчаа болгох хүнгүй ч гэлээ өөрөө өөрийнхөө түшиг болж, өөрийнхөө хүч чадлыг 100 хувь ашиглаж, өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь болж, унасан ч ялсан ч өөртэйгөө хамт байж, амьдралд бүх зүйл намайг хаяад явсан ч өөрийгөө л хаялгүй түшиж ургаш гишгэх ухаан, чадлыг ганцаараа байхдаа олж авч байгаа юм.
За ямар ч байсан бухимдал нервээ үргэлж эерэг талаас нь харж байхыг хичээж байх хэрэгтэй гэж ээж ах хоёр хэлж байсан юм. Нээрээ ч эргээд харахад энэ бүхэн бухимдал гэхээс илүүтэй намайг өөрт минь таниулсан сайхан туршлага, тохиолдлууд байлаа.
Ерөөлөөрөө болог дөө.

Wednesday, March 7, 2007

хоккайдод аялал жуулчлалыг хөгжүүлэх нь семинарын тэмдэглэл №2

Өмнөхийн үргэлжлэл...
Мойва уул их таалагдсан. Учир нь тэндхийн мөсөн паб-д миний дуртай пяав байж байхым. Дотроо дулаацуулчих зүйл уучихаад цаашаа аялалаа үргэлжлүүлэхэд их аятайхан дамшиг байв даа, энэ мөсөн баар чинь. Мөсөн баарны тааз, хананаас дүүжлээстэй мөсүүдийг идэж мэрж бас болно гэж байгаа. Мөн Мойва уулын орой дээр гарахад машинаар чирүүлсэн чаргаар, цасаар булуулж гарч болно. Гарсны дараа Саппоро хотыг бүхэлд нь харах юм даа.

Хэрэв өвлийн хувцас үгүй бол орчин үеийн дах үнэгүй түрээслэж өмсөж болно.

Жич. Энэхүү зурган дээрх Классик пяавыг зөвхөн Хоккайдод зардаг бөгөөд амсъя гэвэл энд ирэх эсвэл хүнд л захих юм байх. Нэг тосгон нэг бүтээгдэхүүн гэдэг шиг л. Орон нутгийн хөгжлөө дэмжих гэсэн хувийн компанийн хувь нэмэр юм уу даа. Классик их зөөлөн сайхан амттай умдаан юм байна лээ. Би ч уусаар байгаад нэг кило нэмсэн байх.
Энэ ууланд гарахад мэдээж мөнгө төлнө. Гэхдээ биднийг ийнхүү ууланд аваачсан нь хийморь сэргээх, мөсөн бааранд коктейль уулгах бус харин аливаа аялал жуулчлалын цэгт найрсаг зан харилцаа, зохион байгуулалт зэргийг мэдрүүлэх зорилготой байв.

Үүний нэг жишээ нь романтик пасспорт гэсэн хөнгөлөлтийн тасалбар бүхий танилцуулга байв. Тус тасалбарыг 1500 энээр худалдаж авснаар Мойва уул, алсыг харагчид үнэгүй суухаас гадна Норбеса хэмээх худалдаа үйлчилгээний төвөөр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм. Яаж зүгээр байхав бид үнэгүй боулинг тоглож, алсын харагчид суугаад, МакДональдсын төмс идээд, сушигаар хооллов. Хувийн хэвшлийнхэн болон орон нутгийн байгууллагууд хоорондоо иймэрхүү байдлаар бие биеийнхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллаж болохын жишээг бидэнд харуулах гэсийм байх гэж дүгнэлт хийв.


Бид Мойва уулаас шөнийн аялалын травмайгаар хотын төв оров. Энэ бол мөн л оюутнуудын гаргасан санаанд үндэслэж хийсэн ажил байлаа. Саппоро хотын травмайн хуучин замыг ашиглан, хотын төвөөр зугаалах аж. Дотор нь суугаад явахад нээх ч хөөрч баярлаад байх зүйлгүй ч энэ травмай их утга учиртай гэж байгаа. Гялтагнаж чимэглэсэн травмай хотын төвөөр явахад гудамжаар зорчигсдын сэтгэлд дулаацахын зэрэгцээ Саппоро чинь аялал жуулчлалын хот юм шүү гэсэн ойлголтыг төрүүлж байхым.


За ингээд ядарч үхэх гэж байгаа би бээр буудалласан газраа ирж навсайтал унтаад маргааш нь Саппорогийн дэргэдэх Отару хэмээх жижиг хот руу очив.

Саппоро ирсэн хүн заавал Отару очдог аж. Отаруд Мэйжийн үеийн хуучны барилга байгууламж олонтой цомхон хэрнээ сэтгэл татам зүйлс ихтэй хот санагдсан. Бие жижиг ч бэлчээр томтой гэдэг шиг 19 дүгээр зууны сүүлээс Отаруд Японы анхны төмөр зам тавигдаж, олон улсын худалдааны боомт болж байсан байна.

Бидний эхний хичээл Отаругийн Кино Комиссын талаарх танилцуулга байв. Хичээл болсон газар нь их учир нанчинтай гэж байгаа. Ришиняа Минояа хэмээх далайн хатаасан байцаа зардаг хоёр давхар дэлгүүр. Дэлгүүр гэхээсээ илүү музей гэмээр эртний хуучны эд зүйлсээр дүүрэн их сонирхолтой газар байлаа. Хуучны зүйлээ хаялгүй хадгалаад хожим ямар нэг дэлгүүр гуанз ажиллуулахдаа ингэж байрлуулбал хүний сэтгэл хөдөлгөх шинжтэй. Хүн зүгээр нэг дэлгүүр ороод гарах бус хуучны зүйлсийг харж баясаж, мөн ийнхүү цуглуулга хийсэн эзний сэтгэл хөдөлмөрийг хүндэлж заавал нэг юм авч гарах болдог байх. Бас нэг дэлгүүрт үнэгүй цайгаар үйлчилдэг гэсэн. Гэр бүл, найзууд ирсэн үед эмэгтэйчүүд нь дэлгүүр хэсэх гээд тэнэж, энэ хойгуур эрчүүд нь тэнд амарч, цай ууж, чалчих юм. Ингээд эмэгтэйчүүд нь ирээд эрчүүдээ авч явахдаа тэр дэлгүүрээс ямар нэг юм бас авдаг гэж.
За хичээл бол сонирхолтой байсан. 2004 онд Отару хотын зөвлөл, Аялал жуулчлалын холбоо, Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Залуучуудын танхим хамтран Отаруд кино зураг авахад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Отару Кино Комисс байгуулсан аж. Нүсэр их ажилтай мөртлөө 4 хөн хүн ажилладаг байна. Отаруд байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн дурсгалт барилга байгууламж олон байдаг тул өөрийн үнэт зүйлсээ бусдад таниулах, ингэснээр ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх нь гол стратеги болж буй. Хэрэв ямар нэг нөхөр кино хийх бол тус комисст хандахад кино зураг авахад тохиромжтой газрын зураг хөрөг, зочид буудал, хоол унд, хүн амьтны туслалцаа зэрэг бүхий л талаас нь үнэ төлбөргүй мэдээлэл өгдөг байна. Нутгийн хүмүүс ч кино зураг авалтад дуртай болж, өөрсдөө туслах дүрд тоглох хүсэлтээ илэрхийлж, одоогоор 200 гаруй хүмүүс сайн дураар кинонд тоглох, туслахаар бүртгүүлсэн байгаа гэнэ. Шүнжи Ивайгийн найруулсан Хайрын захидал гэсэн киноны зургийг Отаруд авсан нь Өмнөд Солонгос, Тайваний жуулчдыг тоог эрс нэмэгдүүлсэн аж. Бөөн фенүүд нь ирж зураг авсан газруудаар явж баясдаг юм байх.

Үүний дараа Отаруд аялал жуулчлалын салбар жуулчид татах ямар ажил хийдгийг тус дэлгүүрийн эзэн Минояа сан ярив. Отару жижиг хот тул ихэнхдээ хүмүүс ирээд 2-4 цаг болоод буцдаг, орой шөнө болтол удаад байдаггүй, хонож өнжих нь ховор тул энэ тал дээр анхаарч нэгэн ажил сэдэж хийсэн нь Юкиакари но Мичи юм. За энэ бол харин миний сонирхолыг туйлаас их татсан. Учир нь энэ ажилд төрөөс болон төслөөс мөнгө аваад байдаггүй, хүмүүс цэвэр өөрсдийн хөдөлмөр хүчээр хийж бүтээдэг байна. Анх 1998 онд эхэлсэн ажил одоо улам бүр өргөжин тэлж буй аж.

Энэ ажилд нийт 150 000 лаа ашигладаг гэсэн. 25 хүний бүрэлдэхүүнтэй баг 500 гаруй сайн дурын хүмүүсийг удирдан зохион байгуулдаг гэхээр их гайхалтай менежмент шүү. Сайн дурынханыг татахын тулд тэдэнд их эрх чөлөө олгодог аж. Тухайлбал сайн дурынхан өөрсдөө дизайнаа гаргахаас гадна ажлын цагаа өөрсдөө зохицуулах юм. Заавал тэдэн цагт ир, одоо үүнийг хий, хоно өнж, хаашаа алга болчихов гээд дарамт шахалт үзүүлээд байдаггүй.

Лаагаар гудамж чимэхдээ дараах зүйлийг анхаарах ёстой гэж байгаа:

- Цас, мөсийг ямар нэг өнгөөр будахгүй

- Цахилгаан, баттерэйгаар ажилладаг лаа ашиглахгүй

- Энэ бол уралдаан, өрсөлдөөн биш.
Энэ гурван дүрмийг баримтлаж байхад л болно. Одоо сайн дурынханы хүрээ гадаадын иргэдийг ч хамарч байгаа аж. Хэрэв энэ арга хэмжээнд оролцох бол ирэх жил утсаар, эмэйлээр бүртгүүлж болно. Сайн дурынхан цалин хөлс авахгүй, сэтгэлээрээ л ажиллана. Харин 2000 иэнээр зочид буудалд байрлаж болно.

Энэ олон лааг нутгийн хүмүүс хандивладаг аж. Ердөө айл бүр нэг лаа өгөхөд л хангалттай аж. Хүмүүс ч одоо мэддэг болчихсон, сарын өмнөөс л лаа өгч эхэлдэг гэсэн. Лааны хувьд 4-6 цаг асдаг бөгөөд энэ нь яг таг болдог гэж байгаа. Учир нь гудамжны лааг өдөр бүр 6 цагаас 10 цаг өнгөртөл асаадаг гэж байгаа. Лаа бүрийг сайн дурынхан байнга шалгаж, унтарсныг нь асаана.

Лааг байрлуулах савлагааг сайн дурынхан өөрсдөө сэтгэдэг ажээ. Тухайлбал лаван тосоор бөмбөлөг, дөрвөлжин, гурвалжан зэрэг хэлбэртэй сав хийж байгаа гэнэ. Лаван тосыг худалдаж авах ч шаардлагагүй аж. Учир нь хуучин лаануудыг цуглуулаад хайлуулаад болчихдог гэсэн.

Зарим нь шилэн саванд хийдэг бөгөөд энэ саваа тусгайлан хадгалж жил бүр ашигладаг юм байна.

За тэгээд эцэст нь энэ арга хэмжээ жил бүр 2 сарын 9-18-ны өдрүүдэд болдог бөгөөд нийт 500000 гаруй хүн ирж үздэг байна.
Валентины баяраар албаар тохируулж хийсэн нь хүмүүсийг улам өөртөө татах гэсэн бодлогын чанартай. Ингэснээр хэд хоног ч гэсэн Отаруд хонох, наймаа худалдаа хийх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж нутгийн иргэдийн бизнес амьжиргаанд ач буянаа өгч их л сайхан арга хэмжээ болдог юм байнаа.
үргэлжил бас бий...