Friday, December 29, 2006

~1-10~

Он жил өнгөрөх нь хар дарсан зүүд шиг санагдах юм. Цаг хугацаа өнгөрөхөд яаж ч уйлж гуйж, духаа цоортол мөргөөд буцааж болохгүй юм даа.

Өөртэйгээ ч танилцаж амжаагүй байсан дэрсхэн насанд анх нэг залууд дурлачихаад л, хавийн шар цагаан цэцэг зулгааж, хайртай, хайргүй гэж дэлбээг нь нэг нэгээр тасдан харгисалж шал тааз хоёрын дунд дэгдэж, үсэрч явж билээ. Өнөөх залуу нь утасдаадахсан чинь учраа олохгүй баярлан хөөрч, надад үнэхээр хайртайн болвуу ямар юм бол, бид хоёр хэр удаан хөтлөлцөж гүйхийн бол гэж догдлон барин байж, нэгэн мэргэн хүнээс яахуу ийхүү гэж асуухад "цаг хугацаа харуулна даа" гэж билээ. Юун цаг хугацаа. Нэг өдөр, хоёр долоо хоног, арван сар, хэдэн жил. Яг хэзээ харуулах юм бол, яарч ядаж байхад нэг минут ч удаан санагдаж байхад, хэзээ тэр цаг хугацаа харуулна гээд байж байхын болоо хэмээн бачимдаж. Олон хүний дунд ороод ч удаагүй байсан даа. Удалгүй нэг туйлаас хүндэтгэж явдаг хүн маань хов живийн үгэнд болвуу дуугарч мэндлэх нь цөөрч, "чамайг ийм гэж бодсонгүй" гэсэн ширүүн үг хэлвэй. Ийм тийм зүйл хийгээгүй байхад юунд ингэж буруу ойлгов оо, одоо би яах вэ гээд өнөөх мэргэн хүнээс асуувал мөн л "сэтгэл чинь цагаан байсан бол санаа зоволтгүй ээ, цаг хугацаа харуулна" гэж билээ.
Бас нэг өдөр дотно нөхөрлөж явсан найз маань итгэл эвдэх үед энэ шаналал хэзээ сэтгэлээс алга болох бол гэж дээрх мэргэн хүнээс дахиад л асуувал "цаг хугацаа эмчилнээ" гэж. Тэр мэргэн хүн "оосор бүчгүй орчлонд цаг хугацаа л аливаа юмсын учгыг уяж зангидаж, тайлж, дэлгэж суудаг юм, хийе гэснээ л хийж яв, өөр юманд санаа сэтгэл, ухаан бодлоо бүү чилээж ядраа, санаа чинь сайн байхад заяа чинь сайн байх болноо" гэж захиж, тэр үгээр нь цэнэглэгдсээр өнөөг хүрч. Дээрх бүх явдлаас хойш даруй арван жил ч өнгөрч, хөөрхий. Өнөөх мэргэн хүн ч бурханы оронд заларч, дээрх явдлууд ч ой дурдатгалын мартагдсан хөндийд хаягджээ. Цаг хугацаа ч харуулж, эмчилж, мартуулж. Хэрвээ мэргэн хүн "арван жилийн дараа харуулна, эсвэл эмчилнэ" гэж хэлсэн сэн бол тэр арван жил гэдэг ямар их хугацаа санагдах байсан бол. Харин арван жил нь ийм хурдан өнгөрчидөг ажээ. Нэгээс арав хүртэл тоолоход нээрээ ямар амархан ч юм бэ дээ.

No comments: