Monday, December 11, 2006
Социализмын үеийн шог
Социализмын үеийн шог: Аавын өврийн тэмдэглэлээс
-Чулуун! Соёлын довтолгооныхон айл гэрээр явж үзлэг хийж байна гэнэ. Хар юм болгоныг хяргаж сумын төвд үзүүлэн болгон тавих гэнэ гэхэд-Ээ! Увай гэж! Саяхан манайх ганц шуудай гурил авсан юм сан. Манайханд тэр л үлдэх болж дээ… гэжээ.
***
Ба гэгч нэг гайхал байжээ. Тэр цагдан сэргийлэхэд туслах бүлгэмийн гишүүн бүлгээ. Түүндээ ч идэвхтэй гэдэг аргагүй. Нэгэн удаа Ба эхнэрийнхээ хамт /бас туслахын гишүүн/ хамт хороо хорины сэргийлэгчтэй эргүүлд явж байж. Авгайнх нь бие эвгүйрхэн, гудамд морь харжээ. Гэтэл Ба хөөрцөг зан нь хөдөлж, "Чи миний хариуцсан гэзэр бие заслаа" хэмээн учиргүй загнаж, торгуулийн хуудас бичжээ. Авгай нь “Чи намайг мэднэ шүү дээ. Надад гарын бэл юм юу байхав” гэж үнэнээ өчин үглэхэд, мань хүн өврөө уудлан түрийвчнээсээ 5 төгрөг гарган торгуулийн мөнгөндөө нийлүүлж тасалбары нь авгайдаа өгчээ.
***
Нэгэн хүн айлын найр дээр очжээ. Насны найр байлаа. Гэтэл тэр хүн, -Хоёулаа уулзая. Чи өчигдөржин энд суулаа. Өнөөдөржин байлаа. Ханаа юм биш үү. Явъя гэж өгүүлсэнд цаад хүн нь насны найр хийж байгаа эзэн байж л.
***…
Нэг аймгийн соёлын хэлтсийн дарга, аймгийн төвийнхөө соёлын байгууллагын бүх ажилчдыг цуглуулан цаг ашиглалт, ажлын хариуцлагын тухай яриа хийжээ. Тэр өгүүлсэн нь, - Нөхөд минь цагаа зөв ашиглая. Ажлынхаа цагийг үр дүнтэй өнгөрөөе. Манай зарим байгууллагын нөхөд ажлын цгаар юу ч хийхгүй байна шүү. Ухаан нь дүрслэх урлагийн хэдэн нөхөд ажлын цагаар зураг зураад л юу ч хийхгүй байж байх юм гэжээ.
***
Нэгэн өвгөн улс төрийн талаар ам цуурсан хэргээр ял эдэлж байгаа эмгэнээ эргэхээр иржээ. Тэр эмгэн, нэгэн удаа өвгөнөө гэртээ хийсэн ч юмгүй дэмий хэвтэж байхаар нь зэвүүцэн, хөршийнхөө хөгшнийг орж ирэхэд нь “Манай энэ хар хүн, маршал шиг юу ч хийхгүй хэвтэж байх юм” гэж ярьсан нь өрлөг жанжнийг ажил хийдэггүй хэмээсэн хэргээр ял заагдсан юмсанжээ. Өвгөн, эмгэнийгээ уулзаж байхдаа шоронгийн хуягт, “Манай энэ хөгшин радио шиг олон юм ярьж байгаад хэрэгт орчихсон юм шүү дээ…” гэжээ. Тэгтэл радиог олон юм чалчдаг гэж доромжлолоо гээд өвгөнийг бас л ам цуурсан улс төрийн хэргээр баривчлан шийтгэжээ. ……
***
Хөдөө нутгийн нэгэн хархүү цэргийн алба хаагаад эргэж иржээ. Тэгтэл, сумын төлөөлөгч түүнийд бууж, хаана цэргийн алба хаасаныг нь сонирхон асуужээ. Хархүү, Улаанбаатар хотноо Их тэнгэрийн аманд барилгын ангид алба хаасан юмсанжээ. Тэр үед Их тэнгэрийн аманд Чойбалсан зусдаг байсан тул, хүмүүс тэр амыг “Маршалын ам” ч гэдэгбайжээ. Барилгын ажил шинэ тутам үүсж байсан тул шаврын ажил, шавар хийх гэж ярьдаг байв. Тэгсэн нь мөнөөхөн хархүү олны ярьдаг жишгээр “Би маршалын аманд шавар хийж байгаад ирлээ” гэжээ. Гэтэл Чойбалсангийн аманд шавар шороо хийх гэсэн хэргээр яланд унажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment