Friday, December 15, 2006

killing time

Нэг мэдсэн амьдралынхаа хэдэн цагийг хэрэгтэй хэрэггүй нь үл мэдэгдэх зүйл зарцуулсан байх юм. Хамаг юм Хятадын гэр бүлийн хуулийг саваагүйтэж уншсанаас л боллоо. Тэгээд нэгэнт өөрийнхөө цагийг үрсэн юм чинь бусдын цагийг ч бас үрж хорлон сүйтгэх ажиллагаа хийдэг юм уу.
Хятадын гэрлэлтийн тухай хуулийг гүйлгэж харж байтал нүдэнд туссан нь гурван үеийн цусан төрлийн холбоотой хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон заалт байв. Өөрөөр хэлбэл эмээ, өвөө хүртэлх үе. Харин дөрөв дэх үе буюу элэнц эмээ өвөөгөөр холбоотой хүмүүс хоорондоо гэрлэх боломжтой байх нь. Амьдрал дээр бол овог нэгтэй мөн авгын талын үеэлүүд гэрлэдэггүй аж.
Европын түүхэнд үеэлүүд (first cousin; second cousin) хоорондоо гэрлэдгийг мэдэхээс цаашгүй байсан болохоор гэнэт сонирхол хөдлөөд элдэв юм ухаж төнхөв.
Тэгсэн Ойрох Дорнодын улсууд, Саудын араб, Кувейт гэх мэт, Сири, Израйль, Алжер, Египт, Пакистан, Энэтхэг (хинди), Бангладеш, Ливан, Хятад (гурван үеээс дээш байх), АНУ-ын зарим мужид үеэлүүд хүмүүс гэрлэх боломжтой ажээ. Ялангуяа
лалын шашинтан улсад энэ төрлийн гэрлэлт хамгийн түгээмэл байна. Зарим бурангуй омог отог, аймагт (ихэнхээ хинди,лалын шашинт оронд) авга ах, зээ охин хоёрыг гэрлүүлдэг заншилтай байдаг байна.
АНУ-д 19 муж үеэлүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байхад 7 муж зөвхөн тодорхой шалгуураар зөвшөөрдөг байна. Энэ шалгуур нь тухайлбал гэрлэгчдийн аль нэг үргүй, хүүхэл төрүүлэх боломжгүй, нас дээр гарсан, генетикийн зөвлөгөө авсан байх зэрэг байдаг байна. Tухай тухайн ёс заншилдаа тааруулаад заримд нь авгын талын үеэлийн гэрлэлтийг хориглож, нагацын талынхыг зөвшөөрөх зэрэг ялгаатай байдал байх. АНУ-д ийнхүү зарим мужид зөвшөөрдөг нь олон үндэстэн ястан, соёл иргэншил нэг дор байдгаас шалтгаалж байгаа байх. Үнэн худлыг бүү мэд, Рутгерсын Их сургуулийн антропологич профессор Робин Фокс түүх дэх бүх гэрлэлтийн 80 хувь нь үеэлид, үеэнцэр (second and third cousins? монгол хэлэндээ муу болохоор яг оноосон нэрийг сайн мэдэхгүй байна) болон түүнийн ойр төрөл дотор гэрлэсэн байдаг гэсэн судалгааг хийсэн байхын. Японы баруун нутаг руу цусан төрлийн дотор гэрлэх явдал түгээмэл байдаг байна. Тэгээд Японы Иргэний хуулийн гэр бүлийн талаарх зохицуулсан хэсгийг сөхөж харваас Хятадын хуультай адилхан гурван үедээ холбоотой садан төрлийг (мөн шууд ясан төрлийн холбоо) гэрлэхийг хоригложээ.
Үеэл, үеэнцэр, үеэлид, хаялид нар хуримлахын цаад учир утга нь шашин, түүх, ёс заншлын ялгаатай байдлаар тайлбарлагдах байх. Үеэлүүд хоорондоо гэрлэлээ гээд муу зүйл огт байхгүй, цус ойртох магадлал үнэхээр муутай гэж үздэг
бүлэг хүмүүс байх. Түүнээс гадна Арабын ертөнцөнд ийм гэрлэлтийг өнөөг хүртэл хадгалсаар ирсэн нь гэр бүлийн холбоог батжуулж, өв хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэх эдийн засгийн ашиг сонирхол ч бий гэж тайлбарлаж. Арабын улс орнуудын гэрлэлтийн 20-50 хувь нь үеэлид, 30 хувь нь үеэл хоорондоо гэрлэсэн гэсэн тооцоо гаргажээ (USA Today, APR 04, 2002; A place on the map by de Costa, Caroline, Lancet) .
Цус ойртолтоос болж хүүхэд тогтохгүй байх, зулбах, бие эрхтэн, оюуны ухааны хомсдолтой, сульдаа хүүхэд төрөх эрсдэл маш өндөр. Үеэлүүдин дундаас улаан цайм ийм эмгэггүй хүүхэд төрөх явдал байдаг ч оюуны чадавх муу, бие тунхаа муутай, намхан, өвчинд дархлаа муутай байх нь их . Тийм ч болохоор ийм улс оронд нялхсийн эндэгдлийн тоо нь ч өндөр хэвээр байгаад байдаг юм болов уу.
Тэгэхээр нэг ийм бодомж хийв: хуулийг боловсруулахад ёс заншил, шинжлэх ухаан, үндэсний аюулгүй байдал, хүний эрхийн асуудлыг хэрхэн уялдуулж, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй хийх вэ? Цусан төрөлдөө гэрлэхийг шууд хатуу хориглолоо гэхэд ийм ёс заншилтай, шашин шүтлэгтэй бүлэг этгээдийн шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчсөн гэж үзэх үү? (сүүлийн үед Европын зарим улсад лал бүсгүйчүүдийг олон нийтийн газарт бурка өмсөхийг хориглоод байгаа санаанд орчихлоо). Тухайн хүнд ёс заншил, хууль хоёрын аль нь илүү чухалд тооцогдох вэ? За тэгээд бүр цаашилбал “бүдүүлэг” ёс заншлыг хуулиар хориглох замаар засах уу, эсвэл үүнээс өөр арга байна уу? Хэрвээ ёс заншлын цаад үндэс нь шашин байхын бол мөн ч хэцүү. Цаашлаад хувь хүний эрх (хамаатантайгаа гэрлэх дургүй байх эсвэл гэрлэмээр байх), бүлгийн эрх (гэр бүлийн хүрээг батжуулах, эдийн засгийн хүрээгээ чангатгах сонирхол, шашин, соёлоо дээдлэх үзэл), нийтийн эрх (үндэсний аюулгүй байдал, нийгмийн ёс суртахуун) гэх мэт эрх, ашиг сонирхолын огтолцол пирамид бүтцийг яаж бүтээх вэ гэж бодсоор өдрийн хоолоо олигтой амтархаж идэж чадсангүй.
Манайх шиг есөн үедээ цус ойртохыг хориглодог заншилтай нь ховор бололтой. За тэгээд өөрийн улсын Гэр бүлийн хуулиа эргэж нэг харав. Манай хуулиар төрлийн хүн гэдгийг гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг, харин садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэсэн байгаа бөгөөд төрөл, садангийн хүмүүсийг хооронд нь гэрлэхийг хориглосон. Үүн дээр нэг зүйлийг бодоход “өвөг эцэг, эмэг эх” гэдгийг “өвөө, эмээ” гэж ойлгох уу эсвэл ер нь дээд удмын бүх үеийг хамруулсан нэгдмэл ойлголт уу гэдэг нь тодорхойгүй. Мөн "авга, нагац, тэдгээрийн хүүхдүүд" гэдэг нь хэд хэдэн үеээ хамарсан ухагдахуун гэж ойлгох уу. Гэхдээ хууль тогтоогчид их л өргөн утгаар нь бодож хийсэн болвуу.
Тухайн үндэстэн юунд ач холбогдол өгч, дээдэлж, хүндэлж ирсэн нь үгийн баялагаас харагддаг гэж. Жишээ нь манайд удам угсааны нэршил: буданцар, жичинцэр, зээнцэр гээд нэлээн олон үг гарч ирэхийн. Ямар ч байсан генетикийн шинжлэх ухааны сураг дуулдаагүй байсан эрт үеэс цус ойртохыг жигшин зэвүүцэж, нүгэл гэж үзэж, есөн үедээ гэрлэхгүй байхыг захиж, угийн бичиг хөтлөхийг сургаж, холоос бэр гуйхыг эрхэмлэж ирсэн манай өвөг дээдэс юутай ухаантай гэж бодож баярлав. Харин ийм сайхан ёс заншлыг мөрдөөд ирсэн байхад манайд цус ойртолт бас нэг проблем. Угийн бичгээ л сайн хөтөлж, өвөг дээдсийн үүх түүх, аль нутаг уснаас гаралтайгаа өндөр настан хамаатан, эмээ, өвөө, аав ээжийгээ байгаа дээр нь сайн асууж тэмдэглэж авсан нь цус ойртолтоос хамгаалахымдаа. Ингээд бодохоор цагаан сар... за за бүр хадуурах нь.

5 comments:

Лхагваа said...

Tsagaan sar chini haduurah bish harin heregtei bayar sh dee. Humuus yaadagiig ni sain medehguim. Minii huvid bol 3aas tsaashih uyeiin tuhai bol sain medehgui sh dee. Yaahav az bolj tsus oirtoh enee tereegeed holuur ungursun shig baina lee... Gehdee l bid nar ene tuhai bodoj baihgui bol hetsuu l bolson shuu dee.

Unknown said...

Цагаан сар гэчээд яаг хэрэгтэй юман дээрээ хадуурчийн гэж хэлээд дуусгачихсан байхийн?
Манай зарим сум бүүр тэр аяараа Нөгөө Зуун жилийн ганцаардал дээр гардаг шиг гахай сүүлтэй хүүхэдтэй болохоо шахаж байгаа гэж дуулсийм байна. Энэ асуудал нээрэн аймшигтай зүйл шүү. Цагаан сараар төрлүүдээ хүүхэд шуухадтай нь нэг сайн бүртгэе байз...

mdsuka said...

amitan ch iim yavdal hiiddeggui yum san ug ni hun gej neeree sonirholtoi shuu.

Byambakhuu Darinchuluun said...

wow,
chinii bichleg lag taalagdav.

Mongoljingoo said...

chinii bichsen zuil ih taalagdlaa chi yag l onood yum bichjee ene chine neg ugeer tus bolson gj oilgoj bolno. Tsaashid chi ulam goy sonirholtoi zuil bichseer bh bolno gedegt naidaj bga shu