Tuesday, December 12, 2006

Унтаж байх хойгуур

Өнгөрсөн зун гэртээ хариад, хамгийн их бодож санаж байсан зүйл болох хүнсний супермаркет орoхоор явав. Бодож санасан зүйл гэдэг нь японд буцаж ирээд санаж гиюүрэхгүй болтлоо хахаж цадаж, плогдтолоо идэж уухаар төлөвлөсөн хиам, үхрийн хэл, ааруул ээзгий, атар талх, танзуур, прианик гэх мэт зүйлс байсан болой. Тэгээд зорьсон газраа ирж лангуу лангуу хэсэж явж байгаад нэг лангууны өмнө очиж, барааны үнэ харах гэтэл алга байв. Худалдагчийг нь хайвал харагдсангүй. Яая дөө гээд тээнэгэлзээд зогсож байтал хажуу лангууны худалдагчид юу авах гэсийн гээд л асаж эхлэв. Эний үнийг мэдэх гэсийн гэвэл нэг худалдагч өнөөх лангууны ард очоод Хэн эгч ээ сэрээрэй гэв. Тэгсэн худалдагч эмэгтэй лангууныхаа ард унтаж байсан юм байна л даа. Би ч энэ хэдийн, тэд хэдийн гэж асууж байгаад өөр лангуунд байснаас арай үнэтэй санагдахаар нь буцаад эргэтэл, хэрэг бишдчихэв. Учир нь эсрэг талын лангууны худалдагч хүүхэн "хэн эгчээ, танаас наад охин юм аваб уу" гэтэл өнөөх "унтаж байсан" худалдагч "үгүй ээ үгүй" гэж хариулав. Тэгсэн асуулт асуусан худалдагч над руу "юм авахгүй байсан юм бол яах гэж сайхан унтаж амарч байгаа хүн сэрээдгийн" гээд чанга гэгч нь хэлж, ширэв татаадхсан юм. Ийгтэл хавь ойрын лангуунуудын худалдагчид бүгд л харин тийн, хэн эгчийг сэрээчихийн, ёстой бүдүүлэг ш дээ гээд л шивэр авир хийн, над руу хялалзаж цэхэлзэн, муухай муухай хараад л, би ч айсандаа бушуухан тэр газраас холдлоо. Ингээд бодож эхлэв ээ: нээрээ ч муухай юм болчихвуу, юм авдаг л байж, ядраад амасхийж унтаж байхад нь сэрээчихдэг би нээрээ ямар балай юм хийчихвээ, ээж, эгчээс минь ялгаа юу байхав гээд л өөрийгөө зэмлэж зэмлэж, ер нь ямар нэг юм авсан нь дээр юм байна гэж шийдээд буцаад очвол, өнөөх худалдагч бас байдаггүй. Буцаад унтчихсан байлаа. Ямар дахиад сэрээлтэй биш. Харин хавийн худалдагчид намайг яах нь вэ гэсэн янзтай нүдний булангаар тагнаастай, миний нуруу хүйт оргиостой. Тэгээд нээх ч их юм бодолгүй, хажуугийн лангууны худалдагчаас Их тайга цайны үнэ асуугаадхав. Асуусны дараа гэнэт амаа барив. Бүдүүлэг балиараар ам нийлэн муулж байсан хүнээсээ юм асуучихсан байлаа. Тэгсэн харин өнөөх худалдагч "үнэ нь тэд ш дээ миний дүү, авах уу, дөнгөж сая ирсэн юм" гээд л хүн уярам хоолойгоор ялдамхан хэлдэг байна шд. Авахгүй өнгөрвөл бүүр аймаар хэлүүлж дуудуулах байх гэж айгаад нөгөө цайг аваад, өөр нэг худалдагчаас бас бус юм аваад эхэлтэл худалдагчид намайг "миний дүү, эндээс ав" гээд л эелдэгээр урин дуудаж, тэр ч байтугай нэгэн худалдагч бүсгүй "наад" гэж унтаж буй худалдагчийг зааснаа, "бараа удаж байгаа юм, эгчийнхээсээ аваач, шинэ" гэж шивнэн хэлж ам ангайлгав.
Би ч энэ явдлыг бодсоор гайхсаар, тортой юмаа чирээд гэр рүүгээ маажигнасаар харьж. Тухайн үед бүлгийн санаа бодол болон худалдагчдын дундах "лидер" буюу арай хэлэмгий доломгой нэгний хэлсэн үг нь бусад хүмүүсийн шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөлж байгаа байх л даа. Гэхдээ л хэдхэн мөчийн дотор хачин хурдан зангаа өөрчилж байгааг харах сонин байсан билээ. Хэрэв миний сэрээсэн худалдагч намайг буцаад очиход сэрүүн байсан бол байдал ямар байх байсан болоо. Юм ийм л хуурамч. Хэдхэн хормын өмнө ертөнц дэлхийд баймааргүй хорон муу санаат балиар этгээд байсан намайг ерөөл буян нь дэлгэрсэн нэгэн болгож буй хүчийг шүтвэй. Тэгээд энэ бүхэн өнөөх Хэн эгчийг унтаж байх хойгуур нь болж өнгөрсөн нь яамай даа гэж одоо боддог юм.

2 comments:

Unknown said...

xa xa. Гоё бичсэн байна шүү.

Зэлмэ said...

manaih horoolold baidag yum. bayangol geed hunsnii zahaas yum avahaar yag tegdeg yum. nuguu heden huuhen tal talaas endees av, endees av geed l shagshraldaad. tegehdee hoorondoo bugd adilhan baraatai. hiam, talh, coffee, juus, boov, undug, jims geh met. tegeed ih bolgoomjtoi yavahgui bol bolohgui. jaahan l harah yum uu, yum asuuchih yum bol yu avah uu eniig avah uu teriig avah uu geed shagshraldaad unana. tiimees bi hans-kolos shig semhen haraj yavj baigaad genet ali neg deer ni ochood shuud avchihdag. hehe