Friday, December 8, 2006
Хадуурав
Саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газраас Монгол улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх нийгмийн хөгжлийн бодлого тодорхойлох төслийн уралдаан зарлаж дүнгээ гаргажээ. Энэ уралдаанд “Соёмбо-XXI зуун” багийн “Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого” төсөл шалгарсан тухай мэдээ Сонин.мн ээс уншиж мэдлээ. Чухам яг ямар төсөл болохыг уншиж мэдмээр л байна. Тэр нь тэгээд амьдралд яаж хэрэгжихийг засгийн газар шийдэх бололтой. Төслийн багийн удирдагчийн ярилцлагыг унших явцад нэг хадуурмаар өгүүлбэр тааралдав. Төслийн баг Монгол улсын хүн амыг өсгөх, боловсролтой чадалтай иргэдтэй болохыг чухал гэж үзэж үүний тулд эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлж боловсруулахын төлөө зарцуулах цагийг нь нэмэгдүүлж, боломж нөхцлөөр хангах ажээ. Тухайлбал эхчүүд хүүхдээ зургаан нас хүртэл асран халамжлах бөгөөд хүүхэд төрүүлэх үедээ ямар хэмжээний цалин авч байсан тэр хэмжээний тэтгэлэг авч байх аж. Үүний цаад агуулга нь гэвээс санаа зовох зүйлгүй хүүхэд сайн суралцаад ажил дээр гарахад бүтээх чадвар нь нэмэгдэх гэнэ. Тэгээд миний хадуурах гээд байгаа гол өгүүлбэр нь дараах юм: "Япончууд жинхэнэ япон хүнийг бий болгож хүмүүжүүлэхийн төлөө эхчүүд гэртээ сууж гэрийн хүмүүжлийг илүүд үздэг. Энэ зарчимтай ижил юм. Өнөөдөр монголчууд таван хүүхэдтэй байлаа гэхэд анхаарч чадахгүй хоногийн хоолны төлөө гудамжинд гаргаж орхичихоод ажлаа хөөгөөд явж байна. Үүнээс болж одоогоор хүн амын 35 хувь нэн ядуу амьдарч байгаа. Тиймээс хүнээ сайн хөгжүүлж чадвал тэр хүн өөрөө аяндаа биеэ даагаад ажил хийгээд өөрийгөө тэжээгээд явна. Тэгэхлээр хүмүүжил гэдэг сургуулийн насанд хүрэхээр эхлэх ёстой юм биш төрсөн цагаас нь эхлэх хэрэгтэй. Энэ нь тийм ч шинэ зүйл биш. Монголчууд эрт дээр үеэс гэрийн багш гэрийн хүмүүжилтэй явж ирсэн" Япон ирэхээс өмнө би ч бас энэ япон хүүхнүүд гэртээ хүүхдээ хараад суугаад байдаг ямар тэвчээртэй нөхөд вэ гэж гайхаж байсан. Тэгээд ч Японд ирээд энэ талаар судалж асууж лавлаж шалгааж үзэхэд дээрх төслийн удирдагчийн хэлсэнчлэн Япон эмэгтэйчүүд япон хүнийг бий болгож хүмүүжүүлэхийн төлөө, Япон орныхоо төлөө гээд гэртээ суучихдаггүй ажээ. Харин ч бүр Япон эмэгтэйчүүдийг гэрт нь суулгахаас өөр аргагүй болгох төрийн бодлого байдаг байна. Энэ бодлогыг төр нь санаатайгаар бодлоготойгоор явуулдаг нь сайн Япон иргэнийг бий болгохдоо бус харин ч нэлээн мөнгөний асуудал яригддаг байна. Үүнийг дараах гурван зүйлээр тайлбарлая:- Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт. Япон эдийн засгаа өөд татаж хөгжүүлэхэд хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй байв. Ингэснээр татвар сайн хурааж төсвөө арвижуулж төрийн бодлогоо хэрэгжүүлж чадна. Гэтэл хувийн хэвшлийнхнээс хураадаг татварыг бууруулах сонирхол төрд байсангүй. Иймд хөдөлмөрийн зах зээлд бүтэн ба хагас цагийн ажлын системийг бий болгов. Ингэснээр компаниуд хагас цагийн ажилтнууд ажилд авч, нийгмийн даатгал төлөх мөнгөө хэмнэж, уг мөнгөөрөө өөрсдийн тоног төхөөрөмж, технологио шинэчлэх боломжийг бүрдүүлжээ. Харин хагас цагийн ажилтнуудын байнд эмэгтэйчүүдийг тавьсан ажээ. Эмэгтэйчүүдийг ч хагас цагийн ажилд орохоос өөр замгүй байдалд оруулж: тухайлбал цэцэрлэгүүд ажлын цагтай хамт онгойдог, бүтэн цагийн ажлын шаардлагыг өндөр болгож, их дээд сургуульд зарим мэргэжилд эмэгтэйчүүдийн элсэх тоонд хязгаарлалт тавих гээд. - Нийгмийн халамжийн зардлын хэмнэлт. Эмэгтэйчүүдийг гэрт нь байлгаснаар төрийн нийгмийн халамжийн зардал хэмнэгддэг байна. Тэд өндөр настан, өвчтэй хүмүүсээ асарч халамжласнаар наслалт өндөртэй Япон улсын нийгмийн халамжийн зардлыг хөнгөвчилдөг байна. - Худалдаа борлуулалт хадгаламж мэдээллийн урсгал. Эмэгтэйчүүд гэртээ байснаар "home economy" шинээр бий болж хөгжиж, нэг ёсны шинэ төрлийн эдийн засагчид болжээ. Тэдэнд ч гэрийн төсвийг зөв зарцуулах мэдлэг боловсрол олгох болж. Ийнхүү хадгаламж нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн худалдааны эргэлт сайн байх юм. Мөн эмэгтэйчүүдэд аливаа нэг мэдээлэл хүргэхэд хялбар байдаг байна. Тухайлбал ямар нэг халдварт өвчнөөс сэргийлэх талаарх мэдлэгийг эмэгтэйчүүдээр дамжуулан бусдад хүргэх нь эрүүл мэндийн зардал, ажлыг ихээхэн хөнгөвчилдөг байна.Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө бүх л улс оронд эмэгтэйчүүд гэртээ байдаг байсан. Харин дайны үед хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт орсон нь эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд хөл тавихад нөлөөлсөн. Цаашдаа эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд байлгах эсвэл гэрт нь байлгахын аль нь ашигтайг тооцоолж бодлогоо боловсруулах нь тухайн төрийн асуудал юм. Германыг жишээ авахад эмэгтэйчүүдийг гэрт нь байлгах бодлогоо буруу боловсруулж эсвэл буруу ч хэрэгжүүлсэн юм уу ямар ч байсан өнөөдөр үндэсний аюулгүй байдлын нэг асуудал болчихоод байна гээд сандарч байгаа бололтой. Германд, жишээ нь, цэцэрлэг 1 цагт хаадаг тул эхчүүд нэг бол хүүхэд асрагч хөлслөх эсвэл ажлаасаа гарахаас өөр замгүй болдог байна. Ингэснээр хүүхдийн төрөлт жилээс жилд буурч, гадаадын цагаачдын тоо харин эрс өсөж байгаа юм. Японд ч эмэгтэйчүүд гэртээ суусанд орвол ажил хийж, өөрийн дураар байх сонирхолтой байх болж, төрөлт буурч байгаа. Глобальчлалын эрин үед амьдарч байгаа бид ургашаа тэмүүлж байх ёстой болохоос хойшоо ухарч болохгүй. Ер нь эмэгтэйчүүдтэй болгоомжтой харьцахгүй бол "буруу замаар будаа тээх"-ийн үлгэр болох вий. Сайн Монгол иргэнийг бэлдэхэд эмэгтэйчүүдийг гэрт нь байлгаснаас илүүтэй боловсролын систем, ажлын байр, хүний нөөцийн бодлогоо сайжруулах нь хамаагүй илүү үр дүнтэй болов уу. Харин 6 нас хүртэл нь хүүхдээ харж, хүүхэд төрүүлэх үеийн цалингаа авах тухайд бол би үүнийг бүтэшгүй л гэж бодож байна. Харин ч Монголд авч байсан цалингаа 6 жил авна гэвэл ял шийтгэл шиг сонсогдож байна. Нэгэнт цалин бага байхад тэр цалинг авсан аваагүй эмэгтэйчүүд илүү цагаар, хөлсөө цутгатал ажилласаар л байх болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment