Monday, December 11, 2006

МОНГОЛ ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД ХААНА ЯВНА

МОНГОЛ ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД ХААНА ЯВНА

 

Сэтгүүлч, орчуулагчид олноороо төрөх болсон өнөө үед тэр хэмжээгээрээ монгол хэл маань эвдэрч байх шиг харагдах боловч энэ талаар эрдэмтэн мэргэд, багш нар дуугүй байгаа нь хачирхалтай санагдана. Өчүүхэн би монгол хэлний мэргэжилтэн биш ч хэлнийхээ төлөө санаа зовж явдаг жирийн нэг монгол иргэний хувьд зүрх гарган энэ талаар саналаа хуваалцмаар санагдана. Хуучин системийн үед орос хэлнээс орчуулга хийдэг зарим хүмүүсийг их эрдэмтэн Ринчен гуай шүүмжлэхдээ “МОНЦАМЭ-гийн монгол хэл” гэсэн хэллэг хүртэл гаргаж байсан. Өнөө үед монгол хэлийг халтварлахад орос хэлнээс гадна англи хэлнээс орчуулах болсноор нэрмээс болж байна.Монгол хэл нэг янзаараа байх ёсгүй, өөрчлөгдөж байх ёстой гэж үздэг эрдэмтэн мэргэд байдаг юм байна. Гэвч хэл маань баяжиж өөрчлөгдөж байна уу, ядуурч өөрчлөгдөж байна уу гэдэг асуудал гарч ирж байх шиг. Албан ёсны хэлэнд бол бизнес, компьютер, маркет, глобалчлал гэх мэт олон гадаад үгээр “баяжиж” байж болох юм. Харин энгийн ярианы монгол хэл ядуурсаар байна гэж хэлмээр байна. Одоо манай ач хүү “та үүнийг нээрээ гэж бодож байна уу?” гэхийн оронд “та итгэлтэй байна уу?” гэх, “яг, тийм, нээрээ, баттай” гэх мэтээр ярихыг оронд “итгэлтэй байна” гэх мэт ярих болов. Гэтэл англи хэлэнд итгэл гэдэг үгийг trust, belief, confidence, faith, conviction, assurance гэх мэт маш олон үгээр орчуулж болно. Энгийн ярианд хэрэглэгддэг “Are you sure?” (нээрээ биз?), “Yes, I am sure” (тиймээ, нээрээ) гэдэг зүйлсийг зөвхөн “итгэл” гэсэн үгээр орчуулж байгаа нь хэлийг ядууруулж буй нэг зүйл гэж үзмээр. Энэ мэтчилэн олон жишээг телевизийн уран сайхны кинонуудын орчуулгаас сонсож болно.

 

Залуучууд, хүүхдүүдийн хэлийг эвдэж ядууруулж байгаа нь телевизийн кинонуудын орчуулга юм. Эхлээд UBS телевиз ганцаараа байсан бол одоо дээр нь ТВ5, ТВ9, STV зэрэг олон телевиз нэмэгдээд байна. Сүүлийн үед үндэсний телевизийн англи хэлний киноны орчуулга нэмэгдээд байна. Тэдгээрийн киног орчуулагчид салаа олон утгатай орос буюу англи үгсийн ганц л утгыг мэддэг бололтой юм. Тиймээс ч of course, yes, sorry, No!, Why! гэх мэт үгийг зөвхөн “тэгэлгүй яах вэ”, “тийм”, “уучлаарай”, “үгүй ээ”, “яагаад” гэсэн үгнээс өөрөөр орчуулдаггүй. Гэтэл of course гэдэг нь урьдах асуултыг нотлон хариулж байгаа хэрэг. Жишээ нь “Do you love me?” (Чи надад хайртай юу?) гэдэгт нөгөөдөх нь “Of course” гэж хариулж байвал “Хайртай байлгүй яах вэ” гэж байгааг орчуулагч нь “Тэгэлгүй яах вэ” гэдэг нь инээдэмтэй сонсогддог. Киноны баатар юмнаас унах ч юм уу, юмаар цохиулах гэх мэт хүнд, тэр битгий хэл аймаар байдалд орохдоо “No! No!” гэж хашхирч байгааг орчуулагч нь ,”Үгүй ээ, үгүй ээ” гэхээс өөрөөр орчуулж мэддэггүй. Уул нь монголчууд бол ийм тохиолдолд “яана аа, болиоч, ээж ээ” гэх мэт олон янзын үг хэрэглэдэг шүү дээ. Why! гэдэг бол зөвхөн яагаад гэсэн дан ганц утгатай биш, “яаж байгаа нь тэр вэ, ямар учиртай юм бэ, юу болж байна аа” гэх мэт олон янзын хэллэгээр орчуулагдах баймаарсан. Can гэдэг үгийг нөгөөх ядмаг “орчуулагчид” зөвхөн “чадах” гэдэг ганц мэддэг үгээрээ орчуулдаг. Гэтэл энэ үг нь болно, болохгүй, зөвшөөрөл эрэх гэх мэт олон утгыг илэрхийлдэг. Үүнийг тухайн өгүүлбэрийн ерөнхий утгаас мэдэж алиныг нь хэлээд байгааг оновчтой хэллэгээр орчуулах нь зүйтэй юм. Sorry гэсэн англи үгийг ганцхан уучлаарай гэсэн утгатай гэж орчуулагчид нь ойлгодог бололтой. Тэгвэл энэ нь “тун тусгүй юм болж, даан ч аргагүй болоод байна, яана даа, хөөрхий дөө” гэх мэт өөр утгуудаар хэлж байж болно. Тухайн өгүүлбэрийг утгаас хамаарч үүнийг ойлгоно. Заримдаа киноны баатруудын яриаг буруу орчуулах нь сонсогдоно. Жишээлбэл манай нэгэн телевизийн орчуулгын кинонд киноны баатрууд Long Live! гэж хашигарч байхад орчуулгаар дуу оруулагч наана нь “Урт удаан амьдар” гэж байлаа. Уул нь энэ нь “Мандтугай” гэсэн хэллэг юм. Бас нэг телевизийн орчуулгын кинонд цаад баатрууд нь Doc! (doctor буюу эмч гэсэн үгийн товч) гэж эмчийг дуудаж байхад наана нь “Док!” гэж монголоор хэлж байх юм (хүний нэр гэж ойлгосон бололтой). Америкийн англиар бие засах газрыг bathroom гэдэг. Үүнийг гар нүүр угаах өрөө гэж буруу орчуулах юм. Чихэнд сонсогдох энгийн зарим үгийн орчуулгыг ингэж хийж байгаа юм чинь цаад киноны өгүүлбэрүүдийн утгыг зөв гаргаж байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүргэдэг. Сансар сувгаар гарч байгаа барууны киноны баатруудынх нь яриа дэлгэцэн дээр үсгээр гарч байх үед орчуулгыг хальт чагнаж байхад буруу зөрүү орчуулах, зарим хүнд хэллэгийг орхигдуулах зэрэг зүйл ажиглагдсан. 10-р сарын 3-нд Улаанбаатар телевизээр гарч байсан (16.50-ын үед) орчуулгын кинонд баатар нь “үхнэ гэдэг миний амьдралд тохиолдож байгаагүй хамгийн таагүй явдал” гэж яриад хэвтэж байх юм. Үхэлтэй тулгараад байгаа монгол хүн ингэж хэлээд хэвтэж байх уу? Уул нь “үхэж тамаа цайх нь ээ”, “үхэж үйлээ эдлэх нь ээ” ч гэдэг юм уу монголоор энэ мэтчилэн олон хэллэг бий. Түүнийг одоогийн залуучууд маань даан ч мэдэх ээ больжээ. Бас жирийн ярианд “төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх” гэж дуулдана. Энэ бол албан ёсны хэллэг байсаар санж. Орчуулгын ийм байдлаас ч болдог юм уу америкийн сайхан кинонуудыг монгол орчуулгаар үзэхэд үл ойлгогдоно. Хүүхэд залуучууд киноны үйл явдлаас нь хараад л ойлгосон болдог юм болов уу даа. Гэхдээ орчуулгын эрэмдэг монгол хэл залуу үеийн маань монгол хэлийг ямар болгох нь вэ дээ гэсэн түгшүүр төрүүлэх юмдаа.

 

Энэ мэтчилэн киноны ядуу орчуулга монгол хэлийг улам ядууруулж байна. Залуучууд хүүхдүүд л ихэвчлэн тэдгээр киног үздэг учир тэдний хэл ядуурч байна. Энэ бүхнийг орчин үеийнхэн монгол уран зохиолоо уншихаа больсонтой холбож үзмээр санагдана. Одоо 10 жил төгсөж байгаа хүүхдүүдээс монголын нэрт зохиолчдын нэрийг мэдэхгүй хүүхэд цөөн бус гарах вий. Данзанравжаа мэтийн дээр үеийн сонгодог зохиолчдын бүтээлийг ярихаа больё гэхэд С. Буяннэмэх, Д. Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуайн бүтээлүүдийг гартаа ч барьж үзээгүй залуус олон бий гэхэд хилсдэхгүй болов уу. Сонсох үзэх талаас хэл ингэж “ядууруулагдаж” (өнөө үед бас үйл үгийг ийм идэвхгүй хэвд оруулж ярьдаг моод болсон) байхын хажуугаар сонинуудын үг хэллэг, өгүүлбэрийн найрлага гэж холион бантан болжээ. Жишээнүүдийг дор толилуулъя: “Хүйн долоон худаг хүртэл…(тоо) автобус явагдана”. (монголын радиогоор ярьсан наадмын комиссын хүний яриа. 7-р сарын 5), …ыг АНУ зориход олон олон фенүүд нь сэтгэл гонсойлгон үлдсэн (МНӨ 2003 оны 45) Уул нь гонсойж үлдсэн байсаар юм. …Тэр үдэш …ядаж л Чукаг үг хэлүүлэхгүй, яриаг нь таслаад үзэгчид ч согтуу байгаа юм уу хэмээн “УБ Палас”-ийнхан гомдол мэдүүлж, хоолой хорсож байна гэж байсныг санамаар л юм даа.(Хүмүүс 2003. 11-р сар.¹44) Энэ өгүүлбэрээс үзэгчид согтуу байсан бололтой бөгөөд УБ Паласынхан гомдол мэдүүлж, бас дээр нь хоолой нь хорсож байжээ гэж ойлгогдоно. Гэтэл зохиогчийн хэлэх гэсэн санаа нь өөр бололтой.

Уг зарын дагуу холбогдоход хятадын үр зулбуулдаг ямар ч өвчин мэдрэгдэггүй эм, найдвартай (Дээдсийн хүрээлэн ¹45) Үүнээс үзэхэд хятад хүний үрийг зулбуулдаг эм байгаа бололтой юм. Сая нэг зургаа авхуулсан чинь (МНӨ ¹48)… Үүгээр бол ямар нэг юмыг зургаан удаа авхуулжээ. Залуу сэтгүүлчид гэх зарим хүмүүс зураг (гэрэл зураг), зургаа (6-гын тоо) хоёрыг бичих дүрмийг мэддэггүй бололтой. АИХ-ын архидан согтууралтай тэмцэх хуулийн дагуу (нэгэн FM радио) Энэ нь АИХ-д архидан согтуурал их байдаг гэсэн ойлголт өгч буй бөгөөд уг нь АИХ-аас гаргасан, архидан согтууралтай тэмцэх хуулийг ярьж байгаа бололтой юм. Дуучин Сэрчмаа мөр даран амрагийн явдлаар дүүрэн дуулиан тарих болсон дуучин бүсгүй Жавхлантай учир ургуулж явснаа нуугаагүй ил цагаан тунирхал нь өнөөдөр тасраагүй.(Сэрүүлэг 2004.¹03) Энэ өгүүлбэрийн талаар олон юм нурших нь илүүц биз ээ. Солонгосоос монгол охидын нүцгэн зураг олох зорилготой ирсэн хоёр эр… бүсгүйчүүдийг ийм олноор нь нэг дор цуглуулахад… (Монголчуудын амьдрал 2004. ¹09) Үүгээр бол монгол охидын зургийг солонгосоос олох гэсэн бололтой юм. (охидууд гээгүй нь л яамай) Хэрэв дээрх өгүүлбэрүүдийг өөр хэл рүү орчуулна гэвэл ихээхэн төвөг учрах бөгөөд буруу утгаар буух болно.

 

Монгол хэлэнд тоо болон тооны тэмдэг үгийн дараа орсон нэр үг ганц тоогоор хэлэгддэг гэсэн дүрэмтэй санагдах юм. Тэгвэл энэ дүрэм одоо “өөрчлөгдсөн” бололтой. Сонин болон телевизээр ярьж байгаа хүмүүсийн хувьд энэ бол замбараа алдсан явдал болж. … 100 аад клипнүүд (ТВ9 Баасан гаригийн нэвтрүүлэг) Уул нь зуугаад клип гэмээр юм. Үйлдвэрчний эвлэлийн 70 удирдагчид (нэг эмэгтэйн яриа. Монгол радио 2-р сарын 4. 14.45 цаг) Бүрэн бус тоогоор энд 52 дипломат ажилтнуудын нэр…(Монгол телевиз 2004.7.2) (ажилтны гэж баймаар) …Ариунааг Дорнодын нисэх онгоцны буудалд…тэргүүтэй нөхдүүд хүлээн авсан юм. (МНӨ 2004.¹ 07,08) зретиль …билтаж (мөн сонин. Ядаж зритель, бельэтаж гэсэн гадаад үгсийг зөв бичээгүй шүү) Ер нь нөхөр гэдэг ганц тооны олон тооны хувилбар нь нөхөд, охин гэдэг үгний олон тооны хувилбар нь охид гэж байдаг бол одоо нөхдүүд, охидууд гэж олон тооны дагаврыг давхардуулан хэрэглэх нь ердийн үзэгдэл болсон байна. Бельэтаж гэсэн үгийг хоёрдугаар давхар буюу дээд давхар гэж орос-монгол толь бичигт хөрвүүлсэн байна. …Нэлээд хэдэн хосууд гэрлэлтээ бүртгүүлсэн…(МНӨ ¹31) Дэлхийн ихэнх шашнууд… (Хөх толбо. 2004.¹40) Энэ мэтчилэн жишээ гэвэл учраа алдах бөгөөд тэднээс заримыг нь л энд авлаа.Одоо телевизийн зарим сурвалжлагчдын онцгойрох гэсэн нэг оролдлого бол гадаад үг хэрэглэх явдал бололтой. Жишээ нь проблем (бэрхшээл), процесс (үйл явц) гэдэг үгийг өргөн хэрэглэх юм. Гадаад хэлийг сайн мэдэхгүй байж орны монгол үг байсаар байтал гадаад үг хэрэглэх нь нэг их соёлтой хүн болж харагдахад нэмэр бага л байх. Харин ч орос, англи хэл сайн мэддэг манай боловсролтой хүмүүс тэр хэлний үгийг яриандаа хэрэглэхээс ихээхэн цэрвэдэг юм. Манай нэрт эрдэмтэн зохиолчид Б.Ринчен, Чой. Лувсанжав нар олон хэл мэддэг байсан. Зохиолч Ч. Чимид гуай орос хэлийг ус цас шиг мэддэг байсан. Тэднийг яриандаа гадаад үг хэрэглэж байхыг өчүүхэн би л мэдэхгүй юм байна. (Тэдэнтэй ажил хэргийн улмаас уулзаж явсны хувьд мэдэх юм) Үзэгчид гэсэн монгол сайхан үг байсаар байхад урлагийнхан “зритель” гэж их ярих юм. Энэ нь гадаад хэл мэддэгээ гайхуулах гэсэн мэт.Бас вэ? уу? гэсэн асуух үгсийн учрыг мэдэхээ больсон залуу “сэтгүүлчид” байна. Хаашаа явах вэ? гэхийн оронд Хаашаа явах уу? гэх юм. Хатагтай гэхийг хадагтай гэж бичдэг сэтгүүлч хүртэл дайралддаг. Уншигч авхай нар үүнийг шар сонинуудаас өөрсдөө ажаарай. Хүмүүст аль ч талаар ихээхэн талаар нөлөөлдөг сэтгүүлчид, орчуулагчдыг бэлтгэдэг сургуулиуд хэлний мэдлэгт нь ихээхэн анхаармаар байгааг цөөн энэ хэдэн жишээ сануулж байгаа бус уу. Монгол хэлний эрдэмтэд минь энэ талаар анхаарч үзээч.

 

Уншигч Л. Итгэл


2 comments:

Chariote said...

zuw yum bichjee. Yagaad yum orchuulhad hetsyy bdag yum bol gesen Mongol helee sain meddeguigees boldog yum bn

tuvko said...

Helie gej bodood hel zagatnaad baidag yumiig yag bichchihsen baina shuu. 良かったね。