Friday, December 8, 2006

Блог

Блог
Би өөрийгөө аюулын муу санаатай гэж бодож байсан чинь биш юм аа. Блогтоо өөрт огт холбоогүй, бусдын мэдэхгүй, танихгүй, сонсоогүй нэр хаяг зүүлт өгөөгүй л байгаа юм даа. Гэнэн байгаа юм шүү. Хэрэвзээ өөр нэрээр өгсөн байсан бол баруун солгойгүй балай авахгүй юу. Өөрт болсон явдлаа биччих гэхээр өрөөл бусдын талаар дурдах болчих гээд. Тэд дараа нь гомдол нэхэл, уйлаан майлаан, хэрүүл уруул болвол яахын. За тэгээд хувийн нууц, халдашгүй байдлын талаар сүүмгэнэсэн санах ойгоо сэргээх санаатай интернет, блог, эрх зүйн уялдаа холбоо, уулзвар цэгийг уншиж судалж үзэв. Хэд хэдэн сонирхолтой хэрэг маргаан үзэж баясав. Энэ талаар бичдэгийнмуу гээд.Блогчдын ихэнх нь ч юмуу зарим нь ч юмуу сэтгүүл зүй, эрх зүйн талаар нарийн мэргэшээгүй нөхдүүд байгаа болохоор хууль зөрчих, хүний эрхэд халдах, өөрөө бас хэлмэгдэх зэрэг айхтар явдал гарвал яахсан билээ. Тухайлбал хувь хүний нууцыг задруулах, халдашгүй байдалд халдах, нэр төр, алдар хүндийг гутаах, гүтгэх, доромжлох, сэтгэл санааны дарамтад оруулах, заналхийлэх, нийтийн дэг журмыг зөрчсөн зүйл сурталчлах, уриалан дуудах (хар тамхи сурталчлах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг өөгшүүлэх гэх мэт), зохиогчийн эрх зөрчих зэрэг явдал гаргаж болзошгүй юм. Блогчид өөрсдөө ч доромжлуулах, гүтгүүлэх, гутаалгах, ялгаварлан гадуурхагдах, дарамтлуулах, заналхийлүүлэх за тэгээд ажлаас халагдах зэрэг хэлмэгдэлд өртөх ч магадлалтай. Иймийн учир зөвхөн интернетийн хэрэглээ ч бус хүний эрх, оюуны өмч, эрх зүйн үндсэн зарчим, сэтгүүл зүйн ёс зүйн талаар элдэв шалдав зүйл эргүүлж тойруулж үзсэн нь зөв болвуу.Доромжлох-шоглох, нэр төр, алдар хүндэд халдах-шүүмжлэх, миний нууц-хүний нууц, гүтгэх- таамаглах зэрэг хэрэглэж буй үгсээс хамаарч тодорхойлогдох асуудлууд бий.Янз янзын хэрэг дундаас нэг сонирхолтой хэрэг гэвэл Жессика Катлер байна. Жессика сенатын туслах хийж байхдаа блог хөтлөн, өөрийн янаг амрагийн явдлаа бусдад дэлгэж эхэлжээ. Амрагуудын дунд сенатч зэрэг нэр нөлөөтэй хүмүүс байсан байна. Энэ нь нийтэд мэдэгдэж Жессика ч алдаршиж, Плейбойд зургаа авахуулж, номоо гаргаад амжив. Харин хуучин амраг сенатч нөхөр Жессикаг хувийн халдашгүй байдалд нь халдлаа гэж шүүхэд өгчихөөд байгаа билээ. Найз нөхөддөө янагийн явдлаа яриад тэр нь тархвал Моника Левински, харин өөрийн блогоор цацвал Жессикагийн замаар замнах нь гэсэн үг. Дашрамд нь эрчүүддээ хандаж хэлэхэд "ямар хүүхэнтэй холбогдох гэж байгаагаа эхлээд сайн судлаарай, болгоомжтой байгаарай, өмдний тэлээгээ сул битгий амархан тавиад туучихаарай, нэгэнт заяаны ханиа олсон, гэрлэсэн бол "замын зуурын" хүүхнүүд аюултай гэдгийг санаж яваарай".Нөгөөтэйгүүр блогчид сэтгүүлчидтэй адил эрх эдлэх үү яах уу? Адилхан эрх эдэлж байгаа юм чинь үүргийг нь бас адилхан хүлээх үү? Нэг жилийн дотор Монгол блогчдын тоо эрс өсөж байхад 2008 онд бүр ч ихсэх болвуу. Тэглээ гэж бодоход сонгуулийн үеэр блогоор дамжуулж сурталчилгаа хийх, мөн блогчид өөрсдөө блогоо пропаганда болгож ашиглаж болох уу? (Үүнийг дараагийн сэдэв болгож жичэд нь орхив.)Гайхамшигтай нийтлэл, өгүүлэмж бичиж байгаа архаг блогчид их байнаа. Харин тэд нарын бичсэн зүйлийг арилжаа худалдааны шинжтэй вебсайтад байрлуулах (тухайн блогчийн бичсэн сайн нийтлэлээр клиент татаж байна гэсэн үг) , ашиглах, өөрчлөх, найруулах, хууль бус зүйлд ашиглах зэргээр зохиогчийн эрхэд нь халдаж ч болно. Тиймд блогтоо зохиогчийн эрхийн талаарх анхааруулга, ашиглах бол холбоо барьж зөвшөөрөл авна уу гэсэн сануулга тавьж болно. http://www.creativecommon.com -с жишээ авч болно.Аа нээрээ бас бусдын буруутай зохисгүй үйл ажиллагааг шүүмжлээд ажлаас халагдсан блогчид гадгаадад нэлээн бий ажээ. Бас сургууль, багшийн ёс суртахуунгүй, бузар булай, буруутай ажиллагааг шүүмжилж нийтэд ил гаргалаа бас сургуулийн “байгууллагын нууцыг” задруулсан гэж хөөгдсөн сурагчид, оюутнууд ч байх. Ийгээд журмын анд нөхдийнхөө эрхийг хамгаалахаар Олон Улсын Блогчдын Эрхийн Тунхаг бичгийг блогчид санаачилж баталжээ. Нэг иймэрхүү. Ер нь цаашдаа ерөнхий зарчмын хувьд дараах зүйлийг анхаарвал яасын бэ гэж бодов: 1. Бусдын хувийн нууцыг задруулахгүй байх, 2. Бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх 3. Гүтгэхгүй, доромжлохгүй, заналхийлэхгүй байх 4. Бусдын зохиогчийн эрхийг хүндэтгэх хууль бусаар ашиглахгүй байх, 5. Бусдын нэрийг дурдах замаар бэлгийн дарамт хийхгүй байх (тухайлбал 1000 дугаар сургуулийн монгол хэлний багш Тугалмаагийн хөх үнэхээр том гэх мэт). Тайлбар: Энэ зүйл коммент бичигч болон нийт уншигчдад хамаарна.

2 comments:

Byambakhuu Darinchuluun said...

demjij baina aa naad sanaliig

Galbaatar Lkhagvasuren said...

anh negdugeer kurst bhda manai surguuliin MC buyu Munkhsaihan gedg huulich ahaas Entimema club-n yariltslagaar plagiarilsm-n talaar sonsj, Entimema setguulees tuunii bichsen zuvluguug unshij, odoo ch ter l zarchim, argachlalaar eldev ajilaa hiij bna da.

ishlel, zuultiin talaar tusgailan sudlah heregtei shu dee blogchid o