Sunday, December 17, 2006

дахиад л блог

Блог л гэнэ, блогчид л гэнэ

Дэлхий дээр хэдэн сая хүн блоглож байна. Юу дутах вэ гээд манай залуус ч сүүлийн үед блогийг сонирхож, эхэлж, бичиж, бас шилдгээ ч шалгаруулж байна. Блог байх нь хэрэгтэй, эрэлттэй байгаа болохоор л минут бүрд хэд хэдэн блог мэндэлж байдаг биз. Үүнийг нийгэм, эдийн засаг, улс төр, хувь хүн, соёл гээд олон талаас нь тайлбарлаж болох байх л даа. Тухайлбал нэг шалтгаан нь нийгэм технологи хөгжихийн хэрээр хүмүүс тэр чинээгээр бие биеээсээ холдон, интернет, Ай подоор сэтгэлийн хоосон орон зайгаа нөхөх болсон явдал байж болно. Бас сонин хэвлэлийн үнэн худлаа нь мэдэгдэхгүй, голдуу стрессд оруулмаар мэдээ мэдээллээс зарим хүмүүс залхсан ч юм уу. Энд тэндхийн форумаас илүүтэй блогоор мэдээлэл солилцох нь хялбар, амар болж байна. Жишээ нь үнэгүй ном гэнгүүт Дөлгөөн санаанд орох жишээтэй (өлзий буян нь дэлгэрэг).
Би өөрөө хуулийн талаар мэргэшсэн блог гарч ирээсэй гэж дотроо хүсдэг. Ялангуяа хуулийн сургуулийн профессор, багш, хуульчдын блог эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгоход их хэрэгтэй юм даа гэж боддог юм. Арван жилийн хүүхдүүдэд зориулж хүүхдийн эрхийн талаар хялбар байдлаар мэдээлэл өгөх ч гэдэг юм уу. Олон улсын нийтийн эрх зүй, хүний эрх, тэгш эрхийн талаар гээд бичвэл их олон сонирхолтой блог гарч ирэх байх даа.

Үүний зэрэгцээ блог бичигчид ч ямар нэг шалтгаанаар блог урсгалд орсон байгаа. Сүүлийн үед Нана, Хишгээ, Тогоруу блог, комментийн талаар бичснийг уншаад би бас бодлоо л доо. Блогчдын (сэтгүүлч биш блогчдын тухайд) дамждаг нэг үе шат байна уу даа гэж. Тухайлбал, нэгдүгээр үе шатанд ямар нэг шалтгаанаар блог нээнэ. Тэгээд хэд хэдэн зүйл бичээд эхэлнэ. Ганц хоёр хүн ороод гарсан байхыг хараад урамшина. Дахиад бичнэ. Тэгтэл хоёрдугаар үе шат эхэлнэ. Энэ нь янз янзын коммент, санал шүүмжлэлийн үе. Ойр дотныхон болон гадны үл таних хүмүүст шүүмжлүүлж, загнуулж, зандруулж, гологдож, муулуулж, элдэвлүүлж, шоолуулж эхлэнгүүт “нээрээ юу билээ” гэж бодно. Энд мөн бусад блогчид ч нөлөөлнө. Мундаг мундаг блогчдын бичлэгийг уншаад өөрийгөө голох өнгө аяс тодрох жишээтэй: За тэгээд гуравдугаар үе шат нь түр зогсонги байдалд орж, блог оо оршин тогтнуулах уу, эс оршин тогтнуулах уу гэж бодно. Энэ бол их эгзэгтэй үе шат гээл үү. Хэрэв энэ үе шатыг давчихвал дөрөвдүгээр үе шат руу орох бөгөөд хэнээс ч айхгүй, юунд торохгүйгээр блогоо үргэлжлүүлнэ.
Мэдээж бид бүгд энэ дэлхийн зургаан тэрбум хүнд таалагдах гэж амьдардаггүй, үзэл бодол маань нэг хэвэнд цутгагдаагүй, бусдын бодлыг өөртэй нь зөрчилдлөө гээд тэнэг гэж хэлдэггүй. Тийм болохоор блогууд нэг хайрцаг, хэв маягт баригдах ч албагүй, блогуудыг хооронд нь харьцуулах нь ч утгагүй. Таалагдахгүй блог байвал зүгээр л уншихаа болчих нь хамаагүй зөв арга. Доржид таалагдахгүй байхад Дулмаад таалагдаж л таарна. "Энэ муу өөрийгөө юу гээд бодчихсон гар вэ" гэж бодож байх ахул ямар ор хөнжил дотор нь ороод хэвтсэн биш ,надтай адил өөрийгөө дотроо ямар нэгэн байдлаар бодчихсон хэдэн сая хүн байгаа болохоор яах вэ дээ гэж бодох жишээтэй.
Харин Ганбаатарын санаачилсан олны таашаал хүртсэн блог шалгаруулах санааг би хувьдаа дэмжиж байна. Долоодугаар байранд орчихсондоо хальт доль үсэрч байгаа юм биш шүү. Блог гэдгийг бусдад таниулж, “блог соёл”-ыг бий болгоход тодорхой хэмжээгээр нөлөөлөх болвуу л гэж тэр. Яахав, одоохондоо шалгарсан блогийн ихэнх нь хувийн шинжтэй өөрөөр хэлбэл тэмдэглэл хэлбэрийн блог байна л даа. Нийтлэг асуудлаар бичдэг болохоор блогийн зочид таашаадаг байх л даа. Яваандаа сэтгүүл зүй, хууль зүй, эдийн засаг, компьютер гээд мэргэшээд ирэх байлгүй дээ.

Улс төрчид, нийтлэгчид эсвэл сайн сайн сэтгүүлчид блог руу орж ирвэл "блог соёл" амархан тогтох байх аа. Одоогоор дийлэнх блогчид оюутан залуус байгаа болохоор илүү их шүүмжлүүлж шоглуулж, дооглуулдаг юм болвуу даа гэж өөрөө өөртөө таамаглаад байгаан.
Эцэст нь бодит газар дэлхий дээр ч тэр, кипер ертөнцөд ч тэр бие биенийхээ үзэл бодол, орон зайг хүндэтгэж байвал хорвоо мөн сайхан аа л гэж хэлэх гэсийн.

3 comments:

hasha said...

Suuliin uyiin blogchid ihenh ni 3-r uyee ongorootson, blogoosoo uidsan bolohoor daraa jilees ehleed bloggers shrink bolno geed baigaasht:D

зЭрЭгЛэЭ said...
This comment has been removed by the author.
Griffin Brooks said...

Tadarise 60 mg is a medication for men who experience the ill effects of erectile dysfunction or erectile dysfunction if and when its utilization is permitted essentially every man accomplishes erection quality and along these lines appreciate better sex.