Friday, December 8, 2006
dignity
АНУ-д 2005 онд хуульчдын болон олон нийтийн дунд сонирхол татаж маргаан үүсгэсэн хоёр хэрэг гарсан юм. Нэг нь Сан Хадсоны хэрэг. Ванда Хадсон гэгч бүсгүй 2004 оны 9 дүгээр сард хүү төрүүлжээ. Гэвч хүү төрөлхийн гажигтай тарсан байсан тул удаан амьдрах чадваргүй байсан тул төрснөөс хойш хиймэл амьсгалын аппараттай байв. Нэгэнт наслах тавилангүй мөн хүү ухаангүй байгаа тул амьсгалын аппаратыг салгах шийдвэрийг эмнэлэгээс гаргаж. Ээж нь энэ шийдвэрийг эсэргүүцэж, хүүгийн амьд явах эрхийг зөрчиж байна гэж үзэж шүүхэд ханджээ. Ванда хүүгээ ухаантай байгаа гэж маргасан ч эмнэлэг хүүгийн амьсгалын аппаратыг салгасан байна. Хүү минутын дотор амьсгал хураасан аж.Мөн онд машины осолд орсноос хойш ухаангүй байгаа Терри Шиаво гэгч бүсгүйн тэжээлийн аппаратыг нөхөр нь салгуулах хүсэлт гаргасныг охины аав ээж эсэргүүцсэн маргаан гарав. Аав, ээж нь охиноо ухаантай байгаа бөгөөд цаашид амьдрах хүсэл тэмүүлэлтэй байгаа гэж маргажээ. Гэсэн ч нөхөр ялж, Шиаво бүсгүйн тэжээлийн аппаратыг салгажээ.Энэ хоёр хэрэг хүний амьд явах эрхийг зөрчсөн эсэх талаар маш их маргаан үүсгэсэн юм. Euthanasia буюу өвчтөн, ар гэр, ойр дотныхны хүсэлтээр эсвэл эмнэлэгийн шийдвэрээр өвчтөний амьд байлгахад чухал нөлөөтэй аппаратыг салгах, унтуулах, нойрсуулах тун их хэмжээгээр өгөх замаар нөгөө ертөнцөнд очих цагийг түргэвчлэх арга нь хүний амьд явах эрхтэй зөрчилдөж байна уу? Хэрвээ өвчтөн өөрөө хүсэж байвал энэ аргыг хийхийг хүлээн зөвшөөрч болох ч өөр хүний хүсэлтээр ийм зүйл хийвэл яах вэ?
Олон улсын хэмжээд цөөхөн хэдэн оронд энэ аргыг хуульчилж хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал Нидерланд, АНУ-ын Орегон муж, Бельги, Швейцарь, шууд бус байдлаар Япон гэх мэт. Японд анх 1962 онд Нагояад эдгэрэхгүй өвчин туссан аавыгаа ээжтэйгээ нийлээд хор өгөөд алсан хэрэг гарч. Хүү аавыгаа өөрөө ингэхийг хүссэн гэж мэдүүлж, улмаар дөрвөн жилийн ял сонсжээ. 1995 онд Токайгийн Их сургуулийн эмч мөн л эдгэрэх тавилангүй өвчтөнд хор өгсөн хэрэг гарч гурван жилийн ялаар шийтгүүлжээ. Японд “үхэл түргэтгэх арга”-г хийхийн тулд өвчтөн тэсвэрлэшгүй өвдөж шаналж байх, эдгэрэшгүй өвчнөөр өвдсөн байх, өвчтөн өөрийн энэ аргыг хэрэглэх хүслийг илэрхийлсэн байх зэрэг шаардлага тавьдаг байна. Бүр Японд Нэр хүндтэйгээр нас барах гэсэн төрийн бус байгууллага хүртэл байх. Гишүүнээр нь ерөнхий сайд асан Койзуми зэрэг олон нэртэй хүмүүс элссэн байдаг аж. Тус байгууллага дээрх аргыг дэмждэг бөгөөд гишүүд нь хэрэв хүнд өвчин тусвал уг аргыг хэрэглэнэ гэсэн нэгдсэн санаатай байдаг аж. Харин энэ аргыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Учир нь хэрэв хүлээн зөвшөөрвөл Сан хүү, Шиавогийн хэрэг шиг маргаантай байдал үүсэх эрсдэлтэй юм. Үнэхээр өвчтөн энэ аргыг хэрэглэхийг хүссэн эсэхийг яаж нотлох билээ. Саяхан Германы нэг эмч дээр нэгэн эмэгтэй эдгэрэшгүй өвчнөөр өвдсөн тул энэ аргыг хэрэглэх хүсэлт гаргаж, эмч ч ёсоор болгожээ. Гэтэл дараа нь өнөөх өвчтөн эрүүл байсан бөгөөд сэтгэл санааны гүн гутралд орж, амиа хорлох гэж хуурамчаар ийм бичиг үйлдсэн болох нь тогтоогдож, эмч сэтгэлээр унаж амиа хорлосон эмгэнэлт явдал гарсан.Мэдээж Монголд энэ арга хуульчлагдаж, хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. Эмнэлгийн систем муу байгаа үед ингэх ч хэрэггүй юм. Буруу оношоор будлиантай зүйл хийхийг үгүйсгэхгүй. Түүнээс гадна би хувьдаа энэ аргыг зөвхөн удаан хугацаагаар ухаангүй байгаа, эдгэрэшгүй өвчин туссан өвчтөнд ойр дотныхонтой зөвшилцөж хийхээс бусад тохиолдолд хийх нь буруу гэж үздэг юм.
Дашрамд нь сэдвээс гажихад практик дээр манайд эдгэрэшгүй, тавилангүй өвчнөөр шаналж буй өвчтнүүдэд эмнэлэг их хатуу ханддаг юм шиг санагдсан. Ор байрны хязгаарлагдмал байдлаас болдог л доо. Тухайлбал хорт хавдараар өвдсөн хүмүүс Хавдар судлалын 18 ортой хөнгөвчлөх тасагт хэвтэх гэж бөөн юм болох бөгөөд 14 хоногийн дараа гэртээ очихоос өөр аргагүй байдалд хүрнэ. Ингээд өвчтнүүд гэртээ гэрийхнээрээ асруулсаар нөгөө ертөнц рүү одох хэцүүхэн зүйл тулгарна. Харин сүүлийн үед Монголд хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэг шинэ эмнэлэгүүд буюу хосписууд гарч ирсэн байсан. Эдгээр эмнэлгүүд гэрээр очиж тэрхүү өвчтнүүдийн өвчнийг намдаах, асрах сувилах, ар гэрийхэнд нь асаргааны анхан шатны мэдлэг олгох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Ийм туслалцаа авах хүсэлтэй өвчтний тоо их, хөнгөвчлөх эмч нарын тоо бага байдгаас эрэлт ихтэй байдаг нь хүндрэлтэй. Дээр нь эмч нар ийм үйлчилгээ хийхэд зардал ихтэй, ашиг багатай болохоор нь сонирхдоггүй юм шиг байсан. Гэхдээ энэ дундаас үнэгүй үйлчилгээ үзүүлдэг Ивээл гэх хоспис тухайлбал төлбөрийн чадваргүй айл өрхөд очиж тусалдаг байх жишээтэй. Санхүүжүүлэгч байгууллага нь Христийн шашны сан болохоор тэр.
Ингэхэд Буддын шашныхан ийм үйлчилгээг санхүүжүүлж болдоггүй юм байх даа гэж гайхдгийн. Тэгвэл хөнгөвчлөх эмчилгээнээс гадна лам нар хүнд өвчнөөр шаналж буй өвчтөн төдийгүй ар гэрийнхэнд нь сэтгэл санаагаар дэмжиж өгч болох юм шиг. Яагаад гэвэл ийн өвдөж буй хүмүүс ихэнхдээ гэр орныхондоо их зовлон болж байгаагаа мэдэрч шаналахаас гадна, гэрийнхэн нь ч бас хайртай хүндээ тус болж чадахгүй байгаадаа бухимдах нь олон юм шиг байдгийн. Иймд зөвхөн өвчтэй хүнд өвчин зовлонг намдаахаас гадна өөрт нь болон гэрийнхэнд нь сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг их хэрэгтэй юм.
За ингээд Эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд эрхиэ нэг эргүүлээд унтаж хэвтэх минь.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment