Friday, December 8, 2006

Манай ангийхан

Манай ангийхан

Би яагаад ч юм аль дээрээс ангийхнийхаа тухай бичих юмсан гэж бодоод л яваад байлаа. "Манай ангийхан" гэж хөгжиж буй орноос ирсэн хэдэн нөхөд юм. Яг ч бүр байнга нэг анги болоод байхгүй ч хэд хэдэн хичээлд хамт суудаг юм. Тэдэнтэйгээ аахар шаахар юм ярьсаар нэг жил гаруй болсон болохоор дассан ч гэж жигтэйхэн, хожим их санаж гансрах байх даа гэж боддогийн. Эдэнтэйгээ байхад элдэв хошин шог үзэх гэж интернет ухаж суух шаардлагагүй байдгийн. Байнга инээдэмтэй юм болдог болохоор стрессээс ихээхэн хэмжээгээр хөнгөлдөг. Тухайлбал англи, япон хэлний онигоо бол пиг. Нэг удаа япон хэлний хичээл дээр багш надаас юунд дуртай вэ гэж асуухад нь Унтах дуртай гэлээ. Дараа нь нэг португали нөхрөөс энэ асуултаа асуутал "би Маралтай унтах дуртай" гээд авдгиймдаа. Багш, ангийхан бас би бүр цэл гайхаж мэл хөхрөв. Хүмүүс ч над руу харж инээлдэж би ч нүүрээ хийх газаргүй болов. Тэгсэн уул нь Маралтай адилхан унтах дуртай л гэж хэлэх гэсийм байна лээ л дээ. Гэхдээ яахав, уг залуу нь өөрөө царайлаг, дажгүй нэгэн байсан тул гайгүй залуутай нэр холбогдоод авсандаа дотроо туйлын тааламжтай, маасгар байлаа, гээл үү. Бас нэг удаа манай семинарын багш "долоо хоногт хоёр цаг дараалж хичээл орвол та нар дургүйцэхгүй биз дээ" гэж асуув. Угаасаа цаанаасаа ингэж орохоос өөр аргагүй байхад багш ийн асууж байгаа нь зүгээр л япон зан юм. Тэгсэн гэнэт манай нэг хятад "багш аа, би хоёрдугаар цагийг болохгүй гэж бодож байна, тийм болохоор би хоёрдугаар цагийг болихоор шийдлээ" гээдхэв. Багш бүр цочролд автан доороо дэвхрэн Яагаад гэж сандран, өөр нэг узбекаас дэмжлэг авах санаатай Чи юу боджийн гэвэл өнөөх нь би хятадтай санал нэг байна гэчихэв. Ёс болгож асуусан биш бөөн асуудал болов. Уул нь нөгөө хятад семинарын хоёрдугаар цаг дээр өөр хичээл сонгосон байсан нь давхцаад байгаа болохоор тэр хичээлээ болиод багшийн семинарын хичээлд суухаар болж байгаагаа л хэлэх гэж, харин узбек нь ер нь юу ярьж байгааг огт сонсоогүй байсан болхоор ам дагуулсан нь тэр байв. Бөөн юм болж болж багш болон өнөөх хятад хоёр учраа ололцов. Би ч яахав ганцаараа баахан хөхөрч суув.
Манай ангийхан бас надаас их гоё гоё юм асууна. Танайх өвөл аймаар хүйтэн гэсэн, хасах 40 хэм гэсэн, чи яаж амьд байж чаддагийн бэ? Одоо өвөл Японд байгаадаа баяртай байна уу, монголдоо байсан бол хөлдөж үхэх байсан байна ш дээ? Өвөл сургуулиуд ажилладаг уу, хүмүүс ажлаа хийдэг үү? Чи мориор ажилдаа явдаг уу? гэхчилэн асууна. Санаанд нь ер багтдаггүй юм шиг байгаан. Япончууд ялангуяа монголчуудын архи уух авьяас чадварын талаар байнга лавлаастай. Дотроо "Ийм утгагүй юм битгий асуу л даа. Жоохон юм үзсэн юм шиг бай л даа" гэж хэлмээр санагддаг ч тэр болгонд нь туйлын тэвчээртэйгээр зохистой хариултыг өгнө. Хэдийгээр нерв хөдөлгөм асуулт сонсохоор асуугчийг шатаар чирж гүйж, дээр нь гарч дэвхцмээр санагдах ч, хамгийн гол нь улс хоорондын харилцаанд сэв суулгасан явдал гаргаж ер болохгүй шүү дээ.
Ангийхан маань бас тодорхой хэмжээгээр эх орноо төлөөлж байгаа хүмүүс. Тийм болохоор хааяа пропаганда маягийн юм ч болох нь болдгийн. Зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй. Амжилтгүй гэснээс нэг саяхны санаанд орж байгаа нь гэвэл: манай ангийханы дунд "гавал" гэгдэх нэг бангладеш байх. Мань эр илтгэх авъяас сайтай гэж ярих юмгүй. Нэг удаа илтгэл тавьж байхдаа Амартъя Сэн, Мохамед Юнис нарын зургийг харуулан "миний этник группын хүмүүс байгаа юм, бид чинь нэг этникийн хүмүүс байгаа юм шүү дээ" хэмээх өөрийн харъяалагдах этник гэдэгт ихээхэн ач холбогдол өгч, цохон тэмдэглэхүйд нэг нөхөр "танайх олон этник групптай юу?" гээд асуучихав. Мань эр ингэж асуух хэрэггүй л байсын, яагаад гэхээр дараагийн ноблийн шагналтангаар ангийн нөхрөө тодрох нь гэдэгт би бат бөх итгэлтэй байлаа. Гэтэл баанга маань "манайд баангла үндэстэн 98 хувь, үлдсэн хоёр хувь нь өөр үндэстэн байдаг" гэчихэв. Хэрэв зөндөө олон этниктэй байсан бол мань эр уул нь алдарших байлаа. Ингээд "өөрийгөө магтан дуулж, өөд нь татах ажиллагаа" жаахан бүтэлгүйтчихэв.Энэ хугацаанд хүн л юм хойно бид хоорондоо хөгжилдөнө, тунирхалцана, гомдолцоно бас муудалцана. Тухайлбал нэг хятад хоол хийж дайлах болсон юм. Хоолыг нь хүлээж байх зуур би гэж бодлогогүй авир гаргаж "манай эмээ нэг хятад дуу бага байхад дуулж өгч байсан би чамд дуулж өгөх үү" гээд аялаадхав. Дорно зүгээс нар мандаад Мао Це Дун ирлээ ч билүү нэг тийм утгатай дуу. Тэгсэн өнөөх хятад маань Маог нь шоолж байна гэж бодсон уу яасан "Мао бол бурхан чи бол хажууд нь шоргоолж" гээтхэв. Ингээд оройн хоол таагүй уур амьсгалд болж өнгөрөв. Аль аль тал маань айхтар муу санаатай болхоороо харилцан "найрсаг" зангаа гээгээгүй л дээ. Ийн жил хоорондоо үг дуугарахгүй зөрж өнгөрсөөр, сая Ерөнхий сайд Энхболдын айлчлалтай давхцуулан өнөөх хятадтайгаа эв найрамдлаа буцаан тогтоов. Мань эр надад хятад хоол яаж хийхийг зааж би түүнд материалаа хаана яаж үнэгүй копидож болох талаар хэлж харилцан мэдээлэл солилцох замаар ноот бичигт гарын үсэг зурав. Өөрөөр хэлбэл цаашид эвтэй сайхан түншүүд байхын гэрч болгож өөрсдийн ноу-хаугаа солилцов (гээл үү). Ер нь бол хятад нөхөдтэй хоёр орны тусгаар тогтнол, газар зүйн, түүхийн талаар л ярьчихгүй бол бусдаар бол яриа хөөрөө дэлгэхэд гайгүй л дээ. Өдөр бүр л хөгжилтэй, инээдтэй зүйл болдог болохоор тэднийг харахын түүс болно гээч. Намайг дандаа инээлгэж баясгадаг болохоор би ангийхандаа зүрх сэтгэлээсээ хайртай юм шүү. Янз янзын орны хүмүүстэй байхаар хамгийн гол нь стереотайпт хэт автаж болохгүй гэдгийг л санаж байхгүй бол болохгүй. Ганц нэг хүнээр хэдэн сая хүмсүүдийг төлөөлж ойлгох дэмий л дээ. Жишээ нь алкоголь уудаг, тамхи зуудаг, аальгүй, солгой хоолойгоор гонгидог энэ тэр гээд надаар монголын бүх бүсгүйчүүдийг тодорхойлж болохгүй шүү гэж байн байн сануулдаг л даа. Би ч бас тэднийг хувь хүний зан чанар, улс орон, үндэстэн ястаны соёл заншлын онцлог зэргийг ялгаж салгахыг хичээнэ.

3 comments:

tuvko said...

Haha. Goyo bichjee. Gar utasnii zovlon ijil yum baina. Miniihiig ch zodoonii zevseg gej heleed baihaar ni ter zoriulaltaar ni ashiglah shahsan shuu. Nokia yer ni chanartai shuu.

Зэлмэ said...

bi ue ue irej gar utsiig unshdag shuu. hehe. zaluu nas sanaand orood baidgiimaa

Зэлмэ said...

gesnees hellphone oo ug ni tusad ni bichleg bolgood oruulchihval zugeer yumsanj, humuus olj unshihad. bi oroj ireh bolgondoo budlih yum tuvugtein zugeer