Thursday, December 21, 2006

Hellphone

Hellphone

Метронд санжигнаад явж байтал нэгэн туйлын ганган охин урд ирээд зогсов. Хам хум үсээ ороосон болж, гарт тааралдсанаа өмссөн болсон миний хажууд илүү хээнцэр дэгжин бүсгүй ирж зогсохуйд гоо сайханы минь доройтлыг улам илтгэх мэт санагдаж “уур хүрэв”. За тэр ч яахав, тэгсэн өнөө охины гар утас дуугарч цүнхнээсээ утсаа гаргатал утаснаас нь бараг тоолбол зуу хүрэхээр жижиг чимэглэл, тоглоом дүүжлээстэй байв. Их сонин юм шүү, Япончууд “хөөрхөн, эгдүүтэй” юманд их дуртай, заримдаа энэ нь арай хэтрүүлэгтэй санагддаг юм. Миний гар утаснаас ганцхан л юм дүүжлээстэй. Аргагүй байх л даа, би гар утсаа үндсэндээ сэрүүлэг болон цагны үүрэгтэйгээр ашигладаг болохоор.Заримдаа боддог юм, хүүхний тэнгэртэй хүн гэдэг шиг гар утасны тэнгэртэй хүмүүс их байхын. Гар утас нь тасралтгүй дуугарна, бүүр хэд хэдэн гар утастай явна гээч. Миний нэг танилын эгч нь монголын үүрэн телефоны компани бүрийн үйлчилгээг жигд хүртэх зорилгоор гурван гар утастай явдаг. Бас нэг танил маань 9911-ийг имиж бүрдүүлэх зорилгоор гаднаас дуудлага авахдаа, харин 9515 буюу цагаан утасны дугаарыг гадагшаа залгахад ашигладаг. Арай чинээлэг нь скайтелийг бусад руу утасдахдаа хэрэглэнэ. Бүр зарим хүмүүс скайтел хямдхан болохоор үнэтэйгээр нь мобикомын 9911-г л хэрэглэхээс өөр арга алга гэж чамлана.Ингээд анхны гар утсаа дурсвай. Анх оюутан байхдаа бусадтай ижилсэхийн төлөө гар утас авах гэж хэд гурван юм цааш хийсээр хамгийн хямд Скайтел авч билээ. Хөөрхий, тэгээд өнөөхөө их лаг гээд бодчихсон, олон хүнтэй газар албаар учиргүй байн байн гаргаж ирээд л нээх удаан барьж зогсдог байж билээ. Над руу залгах хүнгүй, би ч залгах хүнгүй. Тэгтэл Мобикомын үнэ ч гайгүй болж Скайтелын бандгар хар моодноос гарч би утсаа ээжид шилжүүлэв. Ээж тэр утсаа дугаарыг нь солиулахаар очиход оронд нь арай дээрдүүлсэн хуучин утас өгсөн байв. Үнэн худлыг нь мэдэхгүй ч тэрхүү бандгар харыг хөдөөд шилжүүлж, харин солонгосоос ирсэн хуучин утсыг оронд нь өгсөн гэж ээжид ойлгуулсан байв. Харин би мобиком авах даанч мөнгөгүй, ээжээс санхүүгийн дэмжлэг авах үндэслэл бүхий төсөл боловсруулж чадахгүй явсаар оюутан нас хэлбийх үест Мобикомын дугаар бүхий кард авчихав. Гар утсыг нь авч дийлээгүй юм. Гар утастай найз нартайгаа тааралдахаар мэндлэхээсээ өмнө “алив утсаа утсаа” гэж нэхэж зандарч аваад өнөөх картаа хийн ид шидийг нь үздэг байлаа. Ажил хийж олсон мөнгөөр ганц утас авчих гэхээр “голоо цохиж нүдээд” болоогүй авай. Ийн найз нарын гар утсыг ашиглан юм үзээгүй зангаараа таньдаг хүмсүүд рүүгээ баахан мессаж бичтэл нэг залуу хариу илгээж. Гайгүй ч залуу байсан болохоор бөөн баяр хөөр болж хөөрцөглөж. Арай л дээс үсэрч дэвхрээгүй байх. Тэгээд ч мессаж бичилцэнэ гэдэг үнэн ормоонток санагдсныг ч хэлэх үү. Нүүр нүүрээ харахгүй хүмсүүд хоорондоо мессаж бичихээрээ хайр дурлал, хорвоо ертөнцийн талаарх үзэл бодлоо уран сайхан үгээр илэрхийлж, хачин мундаг саналаа хуваалцана. Харин уулзахаараа танайх манайх ямар хоол хийсэн, аав ээж хаана ямар ажил хийдэг, ямар кинонд дуртай зэрэг асуултыг улиг болтол давтан асуудаг нь зугаатай. Ингээд миний зовлон зүдгүүрийг ойлгоод нэг найз маань аль дээр үед аав ээжийнхээ хэрэглэж байсан Сиймэнсийн “боохой хар”ыг түр бариулахаар өгч, тэрийг нь би хүмсүүдийн дэргэд гаргахаас санаа зовохдоо 00-д л хэрэглэсээр хэдэн хоног өнгөрч билээ. Цаашид мессаж улам өрнөн дэвшиж, өсөн нэмэгдэх төлөв байдал харагдахаар нь ээждээ “одоо л мессаж бичихгүй бол охин чинь хаягдлаа, баригдлаа, насаараа ганцаараа явах юм уу, яахын” гэхчилэн “үгэн дарамт”-нд оруулан, “гэнэтийн онцгой татвар” аваад маргааш нь гар утастай болж билээ. Тэр утсаа хэдэн ч жил барив даа, хөөрхий минь сүүлдээ мөнхийн скоочтой явж билээ. Хүнээс санаа зовохоо ч больсон, миний утас угаасаа дуугардаггүй байсан юм. Учир нь өдөр нь ажлын утсаар, орой нь гэрийн утсаар намайг барихаас гадна би ихэнхдээ утсаа тоож авдаггүй муу зуршилтай байв. Тэгсэн мөртлөө нэгжийн дайсан байсан гэж байгаа. Учиргүй нэгж авч хийгээд, ууж дарвихаараа хаашаа ч юм залгаад (за нөхцөл байдал хамгийн ихээр дордлоо гэхэд эксүүд рүүгээ ичихгүй залгаад), агсам согтуу тавиад хамаг нэгжээ үрэн таран хийж, эдийн засгийн хэмнэлтгүй загнаж байлаа гэж. Маргааш нь би юу ярьж халаагаа бол гэхээсээ илүүтэй хайран нэгж хэмээн харуусан шогширдог байвай. Одоо бол санхүүгийн нөхцөл байдалд саад учруулсан тэрхүү гэмт зан үйлд цэг тавьсан билээ. Сая зун гэртээ очиход өнөөх Скайтелийн утсыг ээж баахан скоочидчихсон хэрэглэсээр байж билээ. Гарт ертөнцийг атгуулдаг гар утсаа гэж...ганган хүний гарын зугаа, ганцаараа хүний сэтгэлийн зугаа юм уу даа.

No comments: