Monday, December 11, 2006

блоглох

2. Хувийн нууц

Блогуудыг харж байхад мэргэжлийн сэдвээр дагнасан хэсэг байхад хувийн тэмдэглэл, бодомж, бодол санаагаа бичдэг хэсэг бүлэг хүмүүс байна. Тухайлбал миний бие хувийн шинжтэй юм л бичихээс цаашгүй. Заримдаа өөртөө тохиолдсон зүйл болон бусдын талаар бичих гэхээр хувийн нууц, халдашгүй байдалд нь халдчихвий гэж санаа зовоод байдаг юм. Сонин хэвлэлээс ялгаатай нь блогийг хянаж, засдаг редактор байхгүй. Тэгэхээр өөрсдөө эрх зүйн бас ёс суртахууны хэм хэмжээг баримталж байхгүй бол асуудалд орох магадлалтай.
Хувь хүний нууцыг Монгол улсын Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хуулиар хамгаалсан байгаа. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулсан байгаа.
Хувь хүний нууцын тухай хуулиар: Хувь хүний нууц монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйл гэж тодорхойлжээ. Мөн хувь хүний нууцыг манай хуулиар дараах төрөлд ангилсныг жишээгээр авбал:
1/захидал харилцааны нууц;
Блогтоо хэн нэгний бичсэн захиаг эзний зөвшөөрөлгүй гаргаж болохгүй гэсэн үг. Мөн чатын яриа, мессаж, утсаар ярьсан яриа, бичиж байсан өргөдөл, захидал, хүсэлт гээд бүгд л энд хамаарна. "Надад тэр залуу ийм хайрын захиа бичээд" гэж захиаг нь блогловол нууц задруулсан болчих нь. Харин таныг заналхийлсэн, доромжилсон зэрэг гэмт хэргийн шинжтэй захидал харилцааны тухайд блогтоо бичихээс өмнө эхлээд зохих хуулийн байгууллагад хандаж гомдол гаргасан нь зөв. Энэ нь нэг талаас таны аюулгүй байдлыг хамгаалах нөгөө талаас тухайн захидал үнэхээр тэр хүний бичсэн захиа мөн эсэх зэрэг хожмын үр дагаварыг тогтооход хэрэгтэй.

2/эрүүл мэндийн нууц;
Тухайн хүний өвчний түүх, эрхтэний гажиг зэргийг бичиж болохгүй гэсэн үг. Тухайлбал нэг найзыгаа тодорхойлох гээд "манай найз үе үе ухаан алдаж унадаг юм", эсвэл "тэр тэмбүү тусаж байсан юм" гэхчилэн бичих нь хувийн нууцыг задруулсанд тооцохоор үйлдэл.
З/хөрөнгийн нууц;

Тухайн хүний хэр их хөрөнгө сэлттэй, банкандаа хэр их мөнгөтэй, хэн хэнтэй ямар гэрээ байгуулсан байгаа гээд зөвхөн тодорхой хүрээнд байх ёстой мэдээллийг тараавал гэмтэй.
4/гэр бүлийн нууц;

Тухайн гэр бүлийн хүрээний зүйлийг тарааснаар гэр бүлд, мөн тухайн хүнийн нэр төр, алдар хүндэд гэм хор учруулахаар байвал нууц задруулсанд тооцох нь. Жишээ нь "манай найзын аав ээж хоёр өчигдөр зад хэрэлдэж зодолдоод" эсвэл "Самын ах байнга архи ууж агсам тавьдаг тул манайд нэг өдөр хонохоор ирээд", "тэрний нөхөр нь өөр хүүхэнтэ гэртээ байж байгаад эхнэртээ баригдаад" гэхчилэн сонирхуулах гээд тухайн гэр бүлийн нэр хүндэд гэмтэй зүйл хийчих тохиолдол гарч болзошгүй.
5/хуулиар тогтоосон бусад нууц гэж ангилж. Манай улс эрх зүйт төрийн зарчмаар явж байгаа болохоор "хуулиар тогтоосон бусад" эсвэл "бусад хуулиар зохицуулаагүй бол" гэхчилэн өөр хуулиудыг иш татсан, дуудсан заалт их бий. Энэхүү бусад нууц гэдэгт хэрэв задруулбал гэм хор учруулах аливаа мэдээлэл баримт багтана. Үүнд тухайн хүний эмзэг сэдвийг хамруулж болно. Жишээ нь анхны хайрын түүх, бэлгийн гаж хүсэл, арван жилийн онигоо, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял эдэлж явсан тухай гэх мэт. Магадгүй өнөөх нөхөр чинь тэрхүү нууцаас жигтэйхэн их ичиж эмээж явдаг бөгөөд таны блогт өөрийнх нь түүх биччихсэн байгааг үзээд сэтгэлээр унаж, амьдарал нь "сүйрч", бүр гутрангуй нэг нь амиа хорлох явдал гарах гэмтэй.

Хувь хүний нууцад гэрэл зураг, дүрс бичлэг хамаарч болно. Тухайлбал жаахан эвгүй гарчихсан зураг, гэртээ тэрийж хэвтэхэд нь авсан зураг, тас үсэрсэн далчигнаж байхад нь хийсэн бичлэг зэргийг блогтоо тавихдаа урьдчилаад асуугаад зөвшөөрөл хүссэн нь зөв.
Бусдын хувийн нууц, халдашгүй байдлын талаар бичээд, хэдэн төгрөгөөр торгууллаа гэхэд бүх зүйл хэвэндээ буцаад орчихгүй. Нөгөө хүн нь сэтгэл санааны дарамтанд орж нэр хүнд нь унаж, ийнхүү нууцыг нь дэлгэсэн хүнд мөнхийн гомдолтой явах учир хуулиас гадна хүн чанар, ёс зүйгээ сахиж байхыг эрмэлзэх нь зөв болвуу. Учиргүй гоё юм бичиж байна гээд хүний нууц задлаад, сайхан үерхэл, нөхөрлөлөө алдвал ямар юмны сайхан байх вэ.

1. Зохиогчийн эрх
Хэн нэгэн хүн таны блогтоо бичсэн зүйлийг эсвэл санааг ашигласан байвал яах вэ? Нэн тэргүүнд зохиогчийн эрхийг заавал ярих хэрэгтэй болно. Саяхан манай шинэ зохиогчийн эрхийн тухай хууль батлагдаж үүнээс зарим эрх зүйн ойлголтыг үүгээр тавилаа. Тэгэхээр зохиогчийн эрхэд шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, уран зураг, гэрэл зураг, дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн програм зэрэг оюуны хөдөлмөрийн үр дүнд бүтээгдсэн аливаа эх болон үүсмэл бүтээлүүд хамрагддаг. Харин аливаа санаа, арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт зохиогчийн эрхэд хамаарахгүй. Жишээ нь “би удахгүй нэгэн баян айлын охинд дурлах ядуу айлын хүүгийн талаар зохиол бичих гэж байгаа” эсвэл “Би гурван сарнай цэцэг, түүний дээр эргэлдэх нэг эрвээхэйг харуулсан зураг зурах гэж байгаа”, “Би Норовбанзад гуайн дуулсан дууг рок дууны хэлбэрт оруулж, нэгэн шинэ төрлийн урсгал гаргамаар байна” ч гэдэг юм уу хийх гэж байгаа зүйлийнхээ санаагаа хэн нэгэнд ярьчихаж. Тэгсэн яг энэ хэлсэн санаанаас чинь үүдээд нэг товарищ бүр бодлыг чинь уншсан мэт зохиол бичсэн, зураг зурчихсан бол өнгөрөө л гэсэн үг. Яагаад гэвэл та санаагаа илэрхийлснээс, зохиол бүтээлээ эхлээгүй л бол зохиогчийн эрхээр хамгаалалт авч чадахгүй.Зохиогчийн эрх бүтээл туурвиж эхэлсэн үеэс үүсдэг тул сайхан санаа л олдсон бол бичээд эхлэх нь зүйтэй гэж зөвлөе. Нэг сайхан зүйл нь зохиогчийн эрхийг заавал бүртгүүлэх гэж явах шаардлагагүй байдаг. Мөн та ямар нэг бодит болсон зүйлийн талаар сонордуулсан мэдээ мэдээлэл, тоо статистикийн талаар бичсэн бол зохиогчийн эрхэд хамаарахгүй. Учир нь энэ бол оюуны бүтээлд тооцогдохгүй, харин та зүгээр л “мэдээ хүргэгч” болж байна гэсэн үг. Үүнээс гадна хэн нэгний урьд өмнө хийж гаргасан, олонд хүрсэн бүтээлийг өөрчлөн гаргадаг хүмүүс байдаг. Энэ тохиолдолд эх бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ тухайн бүтээл ардын урлагийн бүтээл байх ахул ийм зөвшөөрөл авах шаардлагагүй. Тэрчлэн бүтээлийн зохиогч нас барснаас хойш 50 жил (хэрэв зохиогч бүтээлээ нэргүй, өөр нэрээр гаргаж байсан бол 75 жил) өнгөрсөн бол бүтээлийг нийтлэх, хуулбарлах, үүсмэл бүтээл хийх зэрэг онцгой эрх олон түмэнд буюу улсад шилждэг. Гутенбергийн онлайн номын санд дандаа хуучин ном тавьсан байдаг нь ийм учиртай.Блогчид дараах тохиолдолд бусдын бүтээлийг ашиглах боломжтой. Энэ бол бусдын зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болохгүй нь сайхан:
1. хэвлэлийн тойм, судалгаа, шүүмж, мэдээлэл бэлтгэхээр ишлэл авах (Ишлэл авахдаа зохиогчийн нэрийг дурдахгүй бол болохгүй)
2. цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд гарсан нийтлэл, бүтээлийг нийтэд мэдээлэх3. хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг нийтлэх
4. болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхээр гэрэл зураг, уран зураг зэргийг нийтлэх
Эдгээр үйлдэл ашиг олох зорилгогүй байх ёстой. Тэрчлэн бүтээлээс ашигласан хэмжээ, бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөөг харгалзана. Хэрэв ашиг олох зорилготой бол дээрх үйлдлийг хориглож болно.Тухайлбал зар сурталчилгаагаар, орж ирсэн зочдын тоогоор ашгаа олдог вебсайтад таны бүтээлийг тавьсан байвал зохиогчийн эрхээ эдэлж, энэ үйлдлийг таслан зогсоох эрхтэй. Хэрэв нөгөө этгээд тань таныг үл тоомсорловол вебсайтыг хаалгах хүртэл арга хэмжээ авах боломжтой.Ер нь бол өөрийн оюуны бүтээл гэж үзэж байгаа нийтлэл, өгүүлэмж, өгүүлэл, шүлэг, найраглалдаа зохиогчийн эрхийн тэмдэг тавьсан нь хамгийн наад захын хамгаалалтын арга байх болно.Зохиогчийн эрхийн түгээмэл зөрчил бол бусдын бүтээлийг хуулах, хулгайлах байдаг. Харамсалтай нь үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэггүй тул зохиогчийн эрхийн зөрчлөөр л тооцдог. Ийм оюуны өмчийн хулгай нь тухайн хүний нэр хүнд, ирээдүйд маш сөргөөр нөлөөлдөг, туйлын таагүй зүйл юм. Ялангуяа оюутнуудын дунд ийм явдал гарахаас сэргийлж, http://www.plagiarismchecker.com/ ь http://www.anticutandpaste.com/antiplagiarist/ зэрэг хамгаалалт, хяналтын зэвсгүүд бий гэдгийг анхаараарай. Удахгүй монголын ийм програм гарах байх аа гэж найдаж байна.

No comments: