Friday, December 8, 2006

Sorry.

Sorry.
Би юм юманд санаа зовомтгой, шаналамтгай, бодомтгой нөхөр байж билээ. Ямар нэг юм шийдэх болохоор ингэвэл яах бол тэгвэл яах бол гэж бодсоор байгаад өөрийгөө ч төдийгүй өрөөл бусдыг залхааж орхино. Нэг удаа дисконд явах гээд явах уу яахуу, явбал ямар үр ашигтай, явахгүй бол юу алдах вэ гээд л бараг хэтийн төлөвлөгөөгөө харж барьж бөөн юм болоод л сууж байхад эмээ харчихаад олон санаат оргож босохгүй ээ гэж хэлж билээ. Тэгээд ер нь өөрийгөө тамласан ядаргаатай энэ зангаа орхих юмсан гэж бодсоор чадахгүй явсаар нэг өглөө босоод хартал туг үс унаад халцарсан байж билээ. Оюутан байхдаа өглөө нь хичээлээд өдөр нь хичээллээд орой нь хичээлээ давтаад, дээр нь элдэв янзын адал явдал, ар гэрийн асуудал бэрхшээл гэсээр юм юм руу үсчиж санаа зовсоор байгаад мэдрэлийн архаг ядаргаанд орсон байсан нь тэр. Эхлээд ч үүрд халзан болох нь гэж айж сэтгэлээр унаад, ингэж явснаас үхсэн нь дээр гэж ээжийгээ айлгаж, баахан эмнэлэгээр явж байгаад нэгэн хал үзэж хашир суусан эмчтэй тааралдсанд, тэр эмч намайг юманд санаа зовохоо л болчихвол үс чинь урганаа гэж хонгилын үзүүрт зажигаалк астал хэлэв. Энэ зөвлөгөөний дагуу, гоо сайханаа буцааж авахын тулд нэгэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч үс маань соёолж ургаж эхлэвэй. Ямар төлөвлөгөө байв аа гэхээр санаа зовоосон, бодолд оруулсан, түгшээсэн гээд аливаа таагүй зүйлээ унтаж босохдоо ор тас мартах арга байв. Унтахынхаа өмнө энэ бүх санаа зовоосон зүйлээ сэрэхдээ таг мартсан байхымшүү гэж програмчилна. Тэгээд л сэрэхэд нээрээ бүх зүйл мартагдсан байдаг болов. Одоо ч энэ л хэвээрээ. Мартаад л болоо. Тэгсэн хэтэрхий мундаг мартдаг болсноор сайхан дурсамж, анхаарах ёстой зүйл гээд хэрэгтэй мэдээллүүд хамт арчигддаг болжээ. Өнөөдөр Тайландын Recycle гэдэг "аймшгийн" киног үзээд өөрийгөө анзаарч ихэд гэмшлээ. Өнгөрсөн зүйлээ унтаад сэрэхдээ мартчихдаг болохоор энэ киног үзсэний дараа өөрийн эрхгүй өнгөрсөн рүүгээ шагайв. Энэ кинонд бидний дутуу бичээд орхисон захиа, уншина гээд хойш тавиад тоосонд дарагдсан ном, ханш нээхээр очино доо гээд мартчихсан өнгөрөгсдийн нойрсож буй нутаг байх "мартагдагсдын орон"-оор гол баатар бүсгүй зочилдог юм. Аймшгийн гэдэг төрөлд нь, спец-эффектэд нь бус, харин тухайн үедээ бас одоо ч хайрлаж явдаг ч мартаж орхисон зүйлс маань энэ кинон дээр гардаг шиг болчихсон байвал яанаа гэсэн бодолдоо айдас хүрэв. Зөндөө юм мартаад орхижээ би гэдэг хүн. Сайнаасаа мууг их хийж, онохоосоо илүү алдаж явсан ч юм уу санаа зовох юм их л байсан. Бүгдийг нь мартчихаж. Бас өмнө нь гомдоосон, уурлуулсан, айлгасан хүмүүсээ таних ч үгүй, мартчихсан хажуугаар нь өнгөрчихнө. Ийгээд мартагдсан бүхэн, өнгөрч улирсан болгоны өмнө дотроо баахан уучлал гуйлаа. I am terribly sorry!

1 comment:

tushgee said...

Санаа зовоосон зүйлсээ давж гарсанд чинь баяр хүргэе.