Virtual property
Зияаг, блог гээчийг хөтлөөд жил болох нь ээ бараг. Тэгсэн Тулгатын ерөөлөөр Монголын блог маш олон болжээ. Хичээл номын завсар, хоол идэх, цай уух зуураа хүмсүүдийн блог руу орж үздэг болов. Блог оо гэж програм, жава юу юу ч гэнүү элдэв нарийн мэдлэг шаардаад байхгүй, яршиг төвөг багатай, хялбар амар юм аа. Хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэн өөрийнхөө ертөнцийг бусдад таниулж, үзүүлж харуулж, үүгээрээ бас үл үзэгдэх танилуудтай болж, кибер ертөнцөд нэгэн орон зайг бий болгож энэ тэр. Нөгөө талаар хууль зүйн үүднээс үл үзэгдэх, виртуаль өмчтэй болж байна гэсэн үг. Кибер ертөнцөд өмчтэй болж байнаа гэдэг чинь эдийн засгийн харилцаанд өмчөөрөө дамжуулж оролцох үүд хаалга ч нээгдэнэ гэж. Виртуаль буюу биет бус өмч зөвхөн блогоор тогтохгүй бидний электрон шуудан, домайн нэр, вебсайт, чат, аливаад нэвтрэх эрх бүхий нууц үг гээд олон бий. Түүнийгээ түрээслүүлэх, хөлслүүлэх, ашиглуулах, бэлэглэх, худалдах, өв залгамжлуулах, хамтран ажиллах гээд олон янзын ажиллагаанд ч хэрэглэж болно. Одоо чинь их гарын блогчид блогоо худалдаад эхнээсээ саятан болж байна. Мундаг аа. Өмч байна гэдэг чинь өмчид халдагч гэмт этгээдүүд бас байна. Хакер, кракер, дайсан этгээд, өст этгээд гээд. За тэгэхээр тэрхүү гэмт гаруудаас хамгаалах кибер цагдаа байх хэрэгтэй болноо доо.Мөн миний өмчийг хамгаалах хууль байхгүй бол болохгүй. Монгол улсын Эрүүгийн хуулиар мэдээллийн аюулгүй байдал гэж нэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл кибер ертөнц дэх биет бус өмчид халдахад "өмчийн эсрэг гэмт хэрэг" гэх үү "мэдээллийн эсрэг гэмт хэрэг" гэх үү гэдгийг л бодоод байна л даа. Тодорхой болгохын тулд нэг жишээ авъя. 2003 онд Интел компани хуучин ажилтан байсан Хамидын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Хамид нь Интел компаниас халагдсаны дараа Интелийн бодлогыг шүүмжилж, Интелийн Нүүр гээд байгууллага байгуулаад Интелийн дотоод электрон шуудангаар бүх ажилтнуудад өөртэй нь нэгдэхийг уриалж нийт 200000 мэйл явуулсан гэж байгаа юм. Интел үүнийг эсэргүүцэж, Хамидыг компанийн өмчид хууль бусаар халдаж байна гээд шүүхэд өгчээ. Өөрөөр хэлбэл компанийн мэйлийн дотоод сүлжээ нь компанийн өмч гэсэн үг бөгөөд энэ нь компанийн байр руу хууль бусаар нэвтэрч байгаатай ялгаагүй гэж маргажээ. Анхан, дунд шатны шүүх Хамидыг буруутгасан шийдвэр гаргасан ч Калифорни мужийн дээд шатны шүүх Хамидыг буруугүй гэж үзжээ. Ингэхдээ дээд шүүх Хамидын илгээсэн мэйл нь компанийн өмчлөлд гэм хохирол учруулаагүй, мөн Хамид үг хэлэх эрхээ эдэлж байна гэж үндэслэлээ гаргаж. Сонин л шийдвэр болсон юм. Бодит ертөнцөд буулгавал таны гэрт нэг нөхөр түлхүүр тааруулж орж ирээд, хүүхдүүдийн чинь өрөөнд Надтай нэгд гэсэн захиа тавиад байвал яах вэ? Тэр нь тэгээд 200000 удаа байвал галзуурна биз дээ. Тэгсэн чинь интернетийг хянаад цагдаад байдаг Хятад энэ тал дээр хачин мундаг байдаг байна. Ли Хонгчен гэдэг залуу интернетээр тоглоом тоглох хоббитой байж. Ийнхүү тоглосоор тоглоомны ертөнцдөө хэд хэдэн төрлийн зэвсэгтэй, хийсвэр мөнгөтэй ч болсон байж гэнэ. Интернет тоглоомын газар хоёр жил ингэж уйгагүй тоглохдоо 10000 юань зарцуулжээ. Тэгсэн нэг өдөр тоглох гээд давхиад очтол мань эрийн аккаунтыг нь хакдаад хамаг цуглуулсан очкоов нь алга болсон байв. Ингээд Ли тоглоом зохион бүтээсэн компанийг шүүхэд өгчээ. Тэрээр тоглоомны тэр олон үе шатыг даван туулж, бөөн очкоов цуглуулах гэж цаг нар, хөлс усаа урсгасан тул 10000 юаниа авна гэв. Шүүх харин шийдэхдээ тоглоом зохион бүтээгч компанийг Лид тэрхүү цуглуулсан бүх очкоовыг нь тоо ёсоор буцаан олгож хохиролгүй болгох шийдвэр гаргасан байна. Хятад виртуаль өмчийг ийнхүү хүлээн зөвшөөрчээ. За одоо блог руу гаа сэдвээ буцаая. Хэрэв блог компани блогийг маань устгаад, эсвэл хакдуулсан байвал бид өмчийг минь буцааж өг гээд Блоггерыг шүүхдэж болох уу? Хэрэв хэн нэгэн нууц үгээр чинь блог руу нэвтэрч ороод хамаг мэдээллийг чинь өөрчлөөд тэгээд бас болоогүй нууц үгийг чинь сольсон байвал Блоггер компанид хүсэлт гаргаж хаягаа буцаах мөн ийнхүү нууц үг хулгайлсан этгээдийг өмчид минь халдлаа гэж шүүхдэж болох уу? Нэг өмч гэдэг нэг талаас баяр ч нөгөө талаас бас зовлонтой байдааг гэж. Эрх зүйн талаас виртуаль өмч гэж юу болох, түүнийг яаж хамгаалах вэ, хариуцлага нь ямар байх вэ гээд бодох л хэрэгтэй нэг асуудал
No comments:
Post a Comment