Inefficient NGOs
Манайд бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд хүргэх зорилготой бизнесийн холбоо, төрийн бус байгууллагууд олон бий. Гэсэн ч нөгөө хэдэн бизнес эрхлэгчид нь хөгжиж дэвшээд сүйд болсон юм байхгүй, бахь байдгаараа л байх юм. Жижиг дунд бизнесийг дэмжих, тухайн салбар бизнесийг хөгжүүлэх гээд маш олон гадаадын тусламжтай төсөл хэрэгжүүлдэг ч тэр нь бодит байдал дээр үр дүнгээ өгөх нь бага. Гадаадаас мэргэжилтэн ирээд судлаад "энэ л төслийг хэрэгжүүлье" гээд гаргаад ирсэн ч амьдрал дээр хэрэгжүүлээд ирэхээр хүлээж байсан үр дүндээ хүрэх нь байтугай дөхдөг ч үгүй. МҮХАҮТ, Ажил олгогчдын нэгдсэн холбоо, Уул уурхайн ассоциаци, Мах экспортлогчдын холбоо гээд дурдаад нэрлээд байвал Монголын бизнес эрхлэгчийн эрх ашгийг хамгаалж бизнес хийх таатай орчинг бүрдүүлэхэд хангалттай "батлан хамгаалах хүчин" бий. Эдгээр байгууллагууд хэрэв онолын хувьд ажиллаж чадвал монголд бизнес эрхлэх таатай орчин бүрдэхэд хялбар. Гэвч эдгээр байгууллагууд төрийг хатуу чихтэй, бизнес эрхлэгчдээ үл тоомсорлосон, биднийг тоодоггүй гэхчилэн гомдолохоос цаашгүй. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаална гэж байгуулагдаад тун удалгүй төрийн аппарат шиг хүнд сурталтай болж, эргээд харьцахад хэрэгтэй мэдээлэл туслалцаагаа авч чадахгүй, бизнес эрхлэгчийн төлөө чухам юу хийгээд ямар үр дүнд хүрээд байгаа нь бодит байдал дээр мэдрэгдэхгүй байгаа нь чухам юуны учир вэ гэдэг талаар судлаж, Хооган, Кээсин, Сингер нарын бичсэн The Role of Support Services in Expanding Manufactured Exports in Developing Countries номонд дараах байдлаар тодорхойлсныг үзээд манай худалдаа бизнесийг дэмжих төрийн бус байгууллагуудад нүүрлээд, бий болчихоод байгаа нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй жагсаасан мэт санагдлаа.
Худалдаа бизнесийг дэмжих зорилгоо "муу" биелүүлж байгаа төрийн бус байгууллагын шинж Үүсэл
- Аж ахуй эрхлэгчдийн захиалгаар бус ямар нэг донорын зөвлөгөө буюу санхүүжилтээр байгуулагдсан.
Төлөвлөлт, зорилго
- Байгууллагын төлөвлөлт, газар хэлтэс товчоод, тэдгээрийн ажилтнуудын ажлын зорилт байхгүй. Урдаа байгаагаа л хийдэг.
- Төлөвлөгөөг засгийн газар эсвэл донороос мөнгө орж ирсэн үед л хийдэг
- Үндэсний стратеги, бодлого тодорхойлоход зөвлөх, удирдлах захирах зэрэг хэт тэнгэрлэг үйл ажиллагаа явуулах
- Төвлөрсөн гол чиглэмжгүй-
Боломжит экспортлогч, аж үйлдвэрийн өсөлт зэргийн талаар албан ёсны судалгаа шинжилгээ байхгүй
Төртэй харилцах харилцаа
- Төрийн албан хаагч болон бизнесийн хүрээ хоёрыг хатуу заагласан байдаг
- Худалдааг дэмжих асуудлаар бизнесийн хүрээнийхэн уйгагүй тэмцэж тасралтгүй орилох болдог
- Мэдээллийг тарааж хүртээх бус харин худалдаж наймаалцах гэж өөртөө хадгалдаг
- Ихэнх үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд бус төрд чиглэсэн байдаг
Үйл ажиллагаа, үзэсгэлэн яармаг
- Бизнес уулзалт, аялал, үзэсгэлэн яармагаар тухайн оролцогч байгууллагын ач холбогдлыг зөвхөн харуулдаг
- Ийм үйл ажиллагаанд оролцогчдын гуравны нэг нь тухайн төрийн бус байгууллагын ажилтнууд байдаг
- Бусад оролцогчдыг бизнес эдийн засгийн бус шалгуураар сонгодог
- Гадаадад бизнес аялал зохион байгуулахад оролцогчдын гуравны нэг нь төрийн ажилтнууд байдаг
- Бизнес аялалын үр дүнд гэрээ, бизнесийн харилцаа тогтох нь бага байдаг
- Бизнес аялалын дараа түүний мөрөөр хийх ажил байдаггүй
Бусад донор байгууллагуудтай харилцах
- Реформ шинэчлэл хийхийн эсрэг байдаг
- Донор байгууллагуудыг өөр хоорондын эсрэг босгодог
Менежмент
- Удирдах зөвлөлийг яамны оролцоотой сонгож томилдог, бие даасан бус байдаг
- Менежерүүд арилжаа худалдааны туршлагагүй
- Гадаад дахь салбар байгууллагуудад тавих хяналт сул
Хүний нөөц
- Ажилтнуудын цалин маш бага бөгөөд ихэнх нь цаагуураа өөр ажил хийж амьдралаа залгуулдаг
- Ихэнх ажилтнууд ширээний ард цагийн 80 хувийг өнгөрөөдөг
- Бичиг цаастай зууралдсан бүтээлч бус оффисын ажилтнуудаар дүүрсэн
- Ахлах ажилтнууд болж л өгвөл өндөр цалинтай ажилд орох бодолтой, ажлаасаа гарахыг хүсдэг болох
Тэгвэл одоо юу хийх хэрэгтэй вэ? Мэдээж юуны түрүүнд эдгээр байгууллагууд аж ахуйн бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж өөрсдийгөө өөрчлөн зохион байгуулах, шинэчлэх хэрэгтэй. Өөрийн байгууллагын алдаа дутагдлаа засаж, туршлагаасаа суралцаж, нөхцөл байдалд тохируулж өөрчлөгдөж чаддаг байх нь чухал. Хөгжиж буй олон орны туршлагаас харахад маш олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн ч тухайн байгууллагын дотоод менежментээс болж бүтэлгүйтэж, үр дүнгүй болсон түүх олонтаа. Амжилттай ажиллаж байгаа бизнес худалдааг дэмжих байгууллага гурван Е-ийн зарчим буюу productive efficiency буюу бүтээлч, allocative efficiency хүртээмжтэй, adaptive efficiency буюу дасан зохицох зарчмыг баримталж байна. Энэ зарчмыг манай худалдааг дэмжих байгууллагууд хэрэгжүүлж ажиллаж чадаж байна уу? Бодит үр дүнтэй ажиллахад дараах хүчин зүйлсийг хангаж ажиллах нь чухал болвуу.
1. Хувийн хэвшил болон төртэй нягт харилцаа холбоотой ажиллаж чаддаг байх. Ийнхүү хамтын ажиллагаатай байхад хамгийн гол нь тухайн байгууллага төр болон хувийн хэвшлийнхний итгэлийг хүлээсэн байх ёстой. Итгэл гэдэг нь тухайн байгууллага өөрийн гэсэн зорилготой, түүндээ хүрэхийн тулд зүтгэж ажиллаж байгаа, ажилтнуудын чадварлаг, удирдлага зохион байгуулалт нь хараат бус, улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөөгүй байх зэрэг олон асуудлыг хамарна.
2. Тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой байх буюу өөрийн гэсэн дүрэм журамтай, түүнээ мөрдөж ажилладаг байх. Ингэснээр тухайн байгууллага тодорхой зорилго, зорилттой байж, түүний хээ төлөө ажиллаж чадна гэсэн үг. Мөн боловсон хүчний бодлого ч тодорхой болж хэн нь юу хийхээ мэддэг болно. Тухайн байгууллагын үйлчилгээ ч зөв зохистой хүртээмжтэй байх болно.
3. Сайн боловсон хүчинтэй байх. Ихэнх чадварлаг сайн боловсон хүчнүүд харамсалтай нь олон улсын байгууллага, төсөлд ажиллаж, худалдааг дэмжих байгууллагад ажиллах сонирхолгүй байдаг. Иймд сайн ажилтнуудыг ажиллуулахад анхаарч ажиллах хэрэгтэй болно. Ажилтнуудаа тогтвортой байлгахад тухайн байгууллагын бодлого тодорхойлолт, шийдвэр гаргах ажиллагаа ил тод, үүрэг хариуцлагын хил хязгаар ойлгомжтой байх нь чухал.
РРР
РРР- Public and Private partnership
РРР буюу нийтийн болон хувийн салбарын түншлэл гэсэн асуудал миний нэг сонирхдог сэдэв юм. Энэ талаар блогтоо товчхон танилцуулъя.РРР бол ерөнхийдөө төр, хувийн салбар хоёр төрийн ажил үйлчилгээг хамтран, харилцан ашигтай байхаар явуулах ажиллагаа юм. Үүний жишээ гэвэл менежментийн хувьчлал, төрийн ажил үйлчилгээг хувийн салбараар гүйцэлдүүлэх, төрийн ажил үйлчилгээг худалдах, түрээслэх зэрэг олон төрөл бий. Хувийн салбар гэдэгт зөвхөн бизнес эрхлэгчид бус олон нийтийн байгууллага, холбоо сан, нэгдэл, хоршоог бүгдийг хамруулж байгаа болно.РРР гэсэн томъёолол 1985 оноос эхлэлтэй бөгөөд 90-ээд оноос хүчээ авсаар одоо олон улс орнуудад хэрэглэгдэж байгаа юм. Анх 1966 онд Харвей Лайбенштэйн х-үр ашгийн онолыг гаргасан юм. Уг онолыг махчлан тайлбарлавал аливаа байгууллагын үр дүн нь өрсөлдөөнөөс хамаарах бөгөөд монополь байгууллага үнэндээ үр ашиггүй байдаг байна. Яг энэ онолыг Маргaрет Тетчер Английн төрийн ажил үйлчилгээг шинэчлэхэд хэрэглэжээ. Төр эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гээд маш олон салбарт монополь байдаг ч үр ашигтай ажиллаж чадахгүй байгааг шинэчлэхээр Төрийн Шинэ Менежментийн бодлогыг боловсруулж, улмаар төрийн зарим ажил үйлчилгээг хувийн салбарынханд шилжүүлжээ. Энэ нь РРР-г "олонд таниулсан" юм.Манайд РРР менежментийн хувьчлал болон төрийн ажил үйлчилгээг худалдах ажил эхэлсэн 1996, 1997 оноос эхлэлтэй гэж үзэж болно. Гэхдээ манайд РРР-г яг онолынх нь хувьд судлаагүй, энэ томъёололыг судлаагүй байгаа гэж хэлж болох байх. Учир нь миний мэдэхээр МҮХАҮТ-аас РРР гэж их ярьдаг ч үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэл гэж буулган, төрийн бодлого тодорхойлоход хувийн хэвшлийн оролцоог бий болгох, харилцан ярилцах гэж тайлбарладаг нь яг жинхэнэ РРР бус РРD -public and private dialogue юм. Одоогоор РРР-ын талаар нэгдсэн бодлогогүй тул менежментийн хувьчлал, төрийн ажил үйлчилгээг худалдах , түрээслэх зэрэг ажлууд хэн нэгний санаагаар, урсгалаараа хийгдэж байгаа. Уул нь РРР-г яг онол, практик, цаашдын хандлага, Монгол улсад энэ талаар ямар бодлого барих вэ гээд нэгдсэн чиг баримжаатай байх нь зүйтэй гэж боддог юм. Тэгээд ч РРР-г АНУ, Европын холбоо, Латин Америк, Зүүн Европ, Япон гээд улс орон бүрд өөр өөрийн арга барилаар хөгжиж байгаа тул энэ улс орнуудаас мэргэжилтэн ирээд ингэх хэрэгтэй гэхээр нь аан за гээд ёсчлон дагалгүй өөрсдийн тодорхойлсон бодлого чиг хандлагаар явбал илүү үр дүнтэй байх болов уу. Түүнчлэн төрийн зарим ажил үйлчилгээг худалдаад, 100 хувь хувьд шилжүүлэх хэрэгтэй байдаг ч заримыг нь шууд хамаагүй хувьд шилжүүлж болохгүй байдаг. Үүнийг бид Хүүхэд залуучуудын театрын хувьчлалын түүхээс мэднэ. Бас хувьчлалаас гадна Build Own Operate, Build Own Transfer, Build-Rehabiliate-Own-Transfer, Rehabiliate-Operate-Transfer, Build-Lease-Own гээд РРР-ын олон төрөл бий. Аль нь ямар салбарт тохирохыг тодорхойлох нь чухал.РРР өөрөө их өргөн сэдэв болохоор Монголд РРР-г хэрэгжүүлж болох хоёр жишээг гаргая:1. ЖДҮ-ийг дэмжих. Одоогоор ЖДҮ-д өгөх бага хүүтэй зээлийн төслүүд их бий. Цаашдаа ч энэ төрлийн зээл улам нэмэгдэх бололтой. Энэ их зөв бодлого ч ЖДҮ зээлээ аваад хэсэг зуур амиа аргацаахаас томорч чаддаггүй. Өөрөөр хэлбэл ЖДҮ-гчид шинээр ажилтан авах, бизнес нь тогтворжиж, өргөжих боломжийг бусад институтаар дамжуулан олгож байж баттай байр суурьтай болох болвуу. Тэгэхээр зарим ЖДҮ-гчдэд тогтвортой бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс РРР хийж болох юм. РРР заавал том байх албагүй, тиймд ЖДҮ-гчид хоорондоо нэгдэж консорциум байдлаар нэгдэн тухайн орон нутгийн засаг захиргааны зарим нэг ажил үйлчилгээг явуулж болно. Тухайлбал, хувийн эмнэлэгүүд тухайн орон нутагт, тухайлбал сумдуудад, эмнэлэгийн үйлчилгээ явуулах, хувийн сургуулиуд хамтран аймаг орон нутагт хичээл явуулах зэрэг. Ер нь практикт тендерт гадаадын компаниуд, эсвэл том компаниуд ордог бол ЖДҮ-гчдэд төрийн ажил үйлчилгээг хамтран явуулах боломж бага байдаг. Гэхдээ орон нутагт төсөв, түүний зарцуулалтын эрх мэдэлтэй байж бага оврын РРР хэрэгжүүлэх болно.2. Хорих газарт РРР-г нэвтрүүлэх ялангуяа эмэгтэйчүүдийн хорих газар, хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт РРР-г хэрэгжүүлэх. Ер нь олон улс орнууд хорих газраа хувьчилж, хувьд шилжүүлж байгаа билээ. Энэ нь төрд ч, хувийн салбарт ч, мөн хоригдлуудад ч ашигтай байдаг. Мэдээж манайд хорих газрыг хувьчлах нь дэндүү эрт байгаа ч бага хэмжээгээр РРР-г нэвтрүүлмээр санагддаг юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт ямар нэг оёдлын компанийн салбарыг ажиллуулах, хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт барилгачин бэлтгэх сургалт хийж, барилгын компанид тодорхой хугацаагаар ажиллуулах, эсвэл газар тариалангийн салбар зэрэгт ажиллууах зэрэг.Нэгэнт төр дангаараа хийж дийлэхгүй байгаа ажлаа хувийн салбартай хамтран явуулах л хэрэгтэй. За үүгээр өөрийнхөө нэгэн сонирхол болох РРР-г бүдүүн баараг байдлаар товчлон хүргэхэд иймэрхүү байна даа.
1 comment:
tnx. Mash saihan tailbarlasan sain medeelel bna . zunduu ih iim tolgoi tsenegleh medeelel oruulj bgaarai amjilt hu
Post a Comment