Friday, December 8, 2006

Аавын нутгаар зорчсон тэмдэглэл

Хэдийгээр би хотод төрж өсөж торниж яваа ч сэтгэлд уяатай явдаг нэг газар байдаг нь миний аавын нутаг юм. Дундговь аймагт байх Дэлгэрхангай гэдэг өндөр хөх уул. Хангай нутгийнхан говийхнийг овоо хараад уул гэж баясах, булаг хараад гол гэж баярлах хүмүүс гэж шоолонгуй байдаг юм шиг. Харин Дэлгэрхангай уул үнэхээр л сүрдэм хайрхан уул юм. Дэлгэрхангай уулаа говийнхон хайрхан, хангай уул гэж авгайлна. Хараа алдам говийн тал нутгийн сүр бараа, хийморь сүлд болсон сайхан уул бий. ...Бага байхад аав маань зун болгон гэрээрээ нутагтаа очиж амрахаар явдаг байж билээ. Аав маань нутгийн бараа нь харагдах газраас л өндөр хөх уулаа байн байн өндөлзөн харж явдаг сан. Хүүхэд байсан болохоор аавыгаа хангай нутагт төрөөгүйд нь харамсан харамсан байдаг байж билээ. Хангайд төрсөн байсан бол гол мөрөнд сэлж тоглон, ой модонд жимс самар түүж идээд хэчнээн зугаатай байхыг төсөөлж мөрөөддөг байлаа. Харин говьд ус ууяьа ус ховор, халуун нарнаас сүүдэр хийе гэхэд мод үгүй ер их хэцүүхэн бэрх санагддаг байж дээ. Говийн юу нь сайхан гэж юу нь сэтгэл татам гэж аав маань тэгтэлээ сэтгэл зүрхээ догдлон байж дурсан санаж тэмү үлдгийг ойлгоогүй юм. Төрсөн нутаг гэдэг ийм л хүчтэй юм байх даа л гэж гайхан өнгөрдөг байсан. Харин аавыгаа бурхан болсны дараа төрсөн нутагт нь очоод тэр гайхшралын хариултаа олж ойлгохын дээдээр ойлгож одоо харин өөрөө тэр нутгийг сэтгэлдээ тээн явах болсон юм даа.
2001 онд Дэлгэрхангай сумын ойн баярт ээжтэйгээ очсон юм. Тэр үед мөн л хүүхэд ахуйн бодол хэвээр байсан юм. Худгийн хужиртай усыг голж шилэн халуун наранд байж суун ядаж байв. Намайг тэрхүү яравгар зангаасаа ичиг гэсэн юм шиг нутгийн хүмүүсийн сайхан сэтгэл, зочломтгой зан бас нутгийн алдартай хүнийх нь охин гэж хүндэлж харьцах байдал зэрэг нь говийн улаан нарны хажууд улам халууцуулж түлж байсан даа. Аажмаар өөрийгөө элдэв зан авираасаа чөлөөлснөөр говь нутгийн гайхамшигт үзэсгэлэнг ойлгож мэдэрч өөрийгөө мөн ч сохор юм шиг байснаа мэдэж билээ. Хараа алдам говийн талд нар яг л алган дээр байгаа юм шиг мандаж жаргахыг харж, хөмүүл таана ханхалсан талд морьтой давхиж, арааны шүлс асгаруулам айраг ууж ер нь л жаргалын хоёр хоног өнгөрсөн юм. Хот буцахын өмнөх өдөр нутгийнхан нь аавын чинь шүтээн болсон уулны энгэрт аваачья гэж авч явлаа. Машин давхин Дэлгэрхангай уул руу ойртох бүр тэр уулын аугаа сайхныг олж харах гэж хичээн н үд тавьж байлаа. Уулын энгэрт буудаллаж хорхог хийх ажил ундарч байх зуур тэрхүү өндөр хөх уул руу гармаар санагдаж тэр бодолдоо хөтлөгдөн мацсаар нэг мэдэхэд нэлээн өндөрт гарчихсан байсан юм. Эргээд хартал золтой л толгой эргээд уначихаагүй юм. Яг л нисэж байгаа юм шиг. Алсын цэнхэртэн сүүмэлзэх уулсын бараа, тэртээд бэлчих мал сүрэг, хаа нэгтээ дугуй өнхрүүлэх хүүхэд багачууд, саалиндаа яваа эзэгтэйь тоос таталгах иж планетатай залуу, хорхог хийж буй манайхны инээж хөхрөх чимээ гээд ертөнц дэлхий тэвэрт багтмаар ч юм шиг бас тэр бүрийг харахад хараа нүд үл гүйцэм алсрах. Тэр мөчид зүрх, уушигны завсар нэг их юм тээглээд, урт газар гүйж гүйж бахардаж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн юм. Маш олон асуултын хариулт магадгүй нэг зэрэг цээжний гүнээс гарах гэж тээглэсэн ч юм уу. Жигтэйхэн цурхирч уйлмаар санагдаж билээ. Бас яг тэр үед аав маань миний дотроос миний нүдээр нутаг усны бараагаа харан баясах шиг санагдаж аавтайгаа уулзаж ярилцах шиг болж билээ.
Нар жаргах үе ч таарсан уу үнэхээр байгаль дэлхийн гайхамшгийг сэтгэл хөдлөн хөдлөн харж зогссон маань одоо ч санагдаж, ийнхүү санах бүрд хийморь сэргэх шиг болдог юм. ...ай хө буурал аавын нутгаар бууж мордоод яваарай...

3 comments:

Unknown said...

Ene bichkegiig bi neleed deer ued unshij bsan yumaa. Xotin xun gexed gaixalta saixnaar xodoo nutgiig mederch durselsen baisan ni setgeld todxon bna. Gegee medelliin xudastaa oruulax sanal garganaa. Maralaa zovshoorno biz dee?

ochiroo said...

би чиний л адил тэр нутгийн хүүхэд гэхэд болно.миний аав тэр уулын энгэрт өссөн. тэр уулын хойд хормойд би 10-н жил зундаа очиж амарсан минь бага насны минь амидрал байж дээ.

Blacker said...

хайрханы зураг хэрэгтэй бол надаас авч болно шүү. бас зарим нэг сонссон зүйлээ хуваалцаж болно._

blacker.mn@gmail.com